А.ДОРЖХАНД
Төв аймгийн Сэргэлэн сумын Аймгийн алдарт уяач Н.Шижээтэй ярилцлаа.
-Та хэзээнээс эхэлж мал маллах болов. Сэргэлэн сумандаа төрж өсөв үү?
-Сэргэлэн сумынхныг өмнө нь Овоон энгэрийнхэн гэдэг байсан. Учир нь Манзушир хутагт Цэрэндоржийн дэргэд байсан хүмүүс буюу Богд уулын ойрхон нутагладаг. Манай эмээ Манзушир хутагттай садан хүн ч гэж ярьдаг байсан ч энэ талаар нарийн учрыг нь мэддэгүй юм. Манайх хөдөөнийх ч морь уядаггүй байлаа. Хүүхэд байхаас адуунд дуртай учир аравдугаар ангиа төгсөөд сургуульд явалгүй малчин болсон. Мал маллаж, морь уяна гэдэг малчин хүний хамгийн сайхан зүйл байдаг. Тэр үед миний үеийн хүүхдүүдийн ихэнх нь их сургуульд суралцах хүсэл мөрөөдөлтэй байсан.
-Таныг Ц.Хэнмэдэх гуайн дэргэд морь уяж сурсан гэдэг. Таны уяаны арга барилыг сонирхож байна?
-Ц.Хэнмэдэх гуайн адуунд сургуулиас гарсны дараа жилээс явсан. Миний уяаны арга барил гэхээс илүүтэй Ц.Хэнмэдэх гуайн морь уях арга, Д.Онон манлай хоёроос сурч мэдэж ойлгож авсан зүйл их бий. Хүн чинь аливаа зүйлийг суралцаж дуусдаггүй гэдэг шүү дээ. Тэр тусмаа хурдан морины уяа нарийн ажиллагаатай. Би одоо л уяач болчихлоо гэж яаран бодож болохгүй. Ц.Хэнмэдэх гуай уяж байгаа адуундаа илүү ширүүхэн ажил хийдэг бол би арай зөөлөн ажил хийдэг талтай. Энэ хоёр уяа нийлж байж л адуу давхидаг байх. Хурдан адуу худалдаж авахаас илүүтэй өөрийн унаган битүү адуу уяхыг чухалчилдаг. Уяач хүн өөрөө адуугаа сайн үржүүлж өөрийн адуунаас унаган хурдан адууг гаргаж авах хэрэгтэй. Үүний тод жишээ бол Монгол Улсын тод манлай уяач Д.Онон ахыг гэж боддог. Хурдан адууг гаргаж авахын тулд хурдан азарганаас охин төлийг нь авч үлдэх хэрэгтэй. Түүнийгээ сайн азарганд хураалгаж байж дундаас нь сайн адуу гаргаж авна. Тухайн хүнээс хөдөлмөр их шаардана. Одоо хурдан гэсэн болгоныг худалдан авч байгаа нь анзаарагддаг. Энэ нь хувь хүний асуудал ч гэлээ худалдаж авсан адуу наад зах нь уяа нь солигдоно, газар ус нь өөрчлөгдөнө. Ямар нэгэн эмгэгтэй байна. Тухайлбал, хөл нь сэвтэй гэх ч юм уу уяач солигдсоноор адуу хурдлахгүй байх нь бий. Худалдаж авсан адууны хуучин уяачийн арга барил ч өөр байна шүү дээ.
-Анхны айраг түрүүг хэдэн онд хүртэж байв?
-Ц.Хэнмэдэх гуайн өгсөн соёолон хар морийг айрагдуулж анхныхаа айргийг хүртэж байлаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уяж байна. Аймгийн алдарт уяачийн болзол хангасан. Морь уях эрдэмд одоо ч суралцаж явна.
-Та олон хурдан адуу харсан байх. Түүний дотроос нүдэнд туссан ямар адуу байв?
-Ц.Хэнмэдэх гуайн хар морь, Д.Онон ахын аварга хээр морь шиг хэлбэр хийцтэй адуу хараагүй гэж хэлж болно. Дахин давтагдашгүй хийцтэй адуунууд байлаа. Хар морины хувьд чих, толгой гоёмсог, уруулаас гадна хөлийн шөрмөс сайтай. Тэр олон жил уралдахад хөл нь доголж байсангүй. Хар морь шиг шөрмөстэй адуу тун ховор. Д.Онон манлайн хээр морь төрчихсөн хурдан байлаа.
-Хаврын уралдааныг тавдугаар сард уралдахаар тогтсон байна. Энэ талаар та юу хэлэхсэн бол?
-Тийм ээ. Ховдод уралдахаар товлосон байна лээ. Адуу тэжээнэ гэдэг өвс, тэжээлээс авахуулаад зардал өндөртэй. Тавдугаар сард уралдана гэдэг бол оновчтой шийдвэр биш. Хаврын сар өнгөрөөд зуны сар гарчихна. Энэ үед азарган адуу мөн бага насны адуунд муу нөлөөтэй. Учир нь азарганы орооны үе байдаг. Мөн бага насны адуу ч энэ үеэр уралдахад зохимжгүй байдаг. Түүнээс гадна хүүхдийн эрх зөрчлөө гэж өвөл, хаврын уралдааныг хорьж байна. Үүн дээр нэг зүйл хэлмээр санагддаг. Хүүхэд мориноос ойчлоо, тэвчихийн аргагүй хөдөлмөр эрхлүүлж байна, уяач хүн өөрийнхөө хүүхдээр морио унуулахгүй байна гэсэн асуудал ярьдаг. Хүүхдийн эрхийн төлөө гэж дуугарч буй нь зөв ч хэтэрхий нэг талыг барьж дуугараад байх шиг санагддаг. Ганцхан морь унаад эрх зөрчигдөж байгаа гэж үзэж байгаа ч хотод утаанд хордож эрүүл мэндээр хохирохоос гадна авто тээврийн ослоор хүүхдүүд нас бардаг. Үүн дээр хүүхдийн эрхийн байгууллага мөн л адилхан ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэхийн тулд хөдөөний уяачидтай уулзаж ярилцаж үздэггүй юм бол бодит байдлыг газар дээрээс нь ирж нүдээр харах хэрэгтэй шүү дээ. Бид аливаа зүйлд бодитой хандахаа больсон байна. Хөдөөний уяачид бид өөрийнхөө хүүхдээр л морио унуулдаг. Хурдан морь унана гэдэг хүүхэд өөрөө өв соёлынхоо нэгээхэн хэсгийг л сурч байгаа юм. Мөн багаасаа морь унасан хүүхэд бие чангатай, ясны сийрэгжилтгүй болно. Өнөөдөр яг үнэндээ хөдөө эзгүйрч байна мал маллах хүн тун ховор, төв газар бараадан нүүдэллэж байна. Орчин үеэ дагаад бид үр хүүхдээ сурч боловсроход нь анхаарах нь зөв. Гэсэн ч бид өв соёлоосоо үр хүүхдээ хөндийрүүлж болохгүй санагддаг. Дундговийн Луус сумын Монгол Улсын манлай уяач, гавьяат малчин Д.Эрдэнэчулуун “Монгол хүүхдийг үг даах сэтгэлийн тэнхээтэй, ажил даах биеийн чадвартай болгох хэрэгтэй” гэж хэлсэн нь үнэн үг шиг санагддаг. Наадам хийж байна гэдэг улс тогтнож байна гэсэн үг гэж хувьдаа ойлгодог. Тиймээс бид наадмаа хуучин шигээ дэлгэр сайхан хийвэл сайхан санагддаг. Баг, сумын наадамд ч гэсэн хурдан морь уралдаад ирсний дараа эрлийз, монгол адуу гэж маргаан дагуулдаг болсонд сэтгэл дундуур явдаг.
-Үүнийг дагаад өвс ногооны гарц, бэлчээрийн даацны асуудал ярьж байна?
–Манай сум тал хээрийн бүс нутаг, хуучин нарийн өвс ургадаг байлаа. Одоо бэлчээрийн даацын асуудал ч хүндрэлтэй болж байгаа нь үнэн. Зөвхөн манай нутгийнхан биш бусад аймгийн малчдад ч бас тулгамдаж буй асуудал. Дорнод аймаг руу малчид их нүүдэллэж байна. Бэлчээрийн даацгүй болж байгаа нь малын тоо толгой ихссэнтэй холбоотой санагддаг. Нэгдлийн үед Монголын бүх мал 30 сая байсан нь их тоо. Гэтэл одоо 60 гаруй сая малтай болж өвс ургамал нь ургахаа байсан. Өмнө нь малаа жилийн дөрвөн улиралд тохируулж нутаг усаа харж нүүдэллэдэг байлаа. Хавар агь эрт нүдэлсэн, салхи шуурга зөөлөн тавьдаг, гүү унагалах үеэр салхи шуурга тавьсан ч зөөлөн байхаар нам дор газарт буудаг. Харин намар задгай устай газарт нүүдэлдэг. Учир нь хавар малынхаа төлийг мэнд авч, харин намар хээлтэй малаа хайрлахаас гадна тарга хүчийг нь ч тогтоох хэрэгтэй байдаг. Малынхаа төлийг мэнд авах нь малчин хүний баяр баясал юм.
-Малчид намар унагаа тамгалах, хавар гүүгээ барьдаг шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Айл болгон адуугаа өөрийн тамгаар тамгалж тэр адуугаа бусдаас ялгаж таньдаг. Тиймээс эртнээс нааш адуугаа унаганд нь тамгалж ирсэн. Манай нутагт намрын эхэн сард унагаа тамгалж, тамганы найр хийдэг. Унагаа тамгалахдаа ууган унагаа эхэлж барина. Унагаа тамгалж дууссаны дараа айрганд тамгаа дүрээд ирсэн хүмүүсийн алган дээр нь дусаадаг. Түүниий дараа тамгаа өрөм, цагаан идээтэй хамт хадганд боогоод ирэх жилийн намар хүртэл хадгалдаг. Хавар гүүгээ барихдаа ч мөн унаган унагыг уурганыхаа үзүүрт хадаг уяж барьдаг. Шүдлэн байдас унагалвал зэлээ уртасгадаг. Учир нь шүдлэн байдас унагалах нь ховор тохиолдол учир адуу олон болохыг бэлгэддэг. Сүүлийн жилүүдэд өвс ургамал, бэлчээр муудсанаас гүүгээ саах нь ховордсон. Үүнийг дагаад мал зургадугаар сард төллөх болсон. Малчин хүн малдаа тарга хүч авахуулахаас гадна төлөө мэнд хүлээж авах нь хамгийн чухал зүйл юм.
Эх сурвалж: www.polit.mn