А.Доржханд

“Зууны мэдээ” сонины цахим сайт болох www.zms.mn  нь “Монгол өв соёл” буландаа монголчуудын адуун соёлын талаар Монгол Улсын Тод манлай уяач, гавъяат малчин Д.Ононгоос цуврал ярилцлага аван хүргэж байна. Энэ удаагийн цувралаар морины дэлийг хэрхэн засдаг тухай мөн хурдан морины хөхөл сүүлийг боодог тухай хүргэж байна.

Хурдан морины хөхөл сүүлийг боохын учир нь

Адууг   монголчууд бид сүлд хийморь  минь  хэмээн бэлэгшээж дэл сүүлнээс нь туг сүлдэндээ залж  дээдэлсээр ирсэн билээ. Үүнийгээ дагаад адуу эдлэх соёлтой ард түмэн билээ. Энэ удаа хурдан морины хөхөл сүүлийг боох, мөн морины дэлийг хэрхэн засдаг талаар яръя.  Хөхөл сүүлний боолтыг нарийхан сураар хийнэ ямааны арьсаар хийвэл илүү бат бөх болдог. Уурганы хуйвыг  хийдэг шиг хийх ба   арьсаа элдэнэ түүнийгээ нарийхан зүсэх бөгөөд урт нь 50-70 см байвал тохиромжтой байдаг. Гэхдээ уяач хүн өөрөө  хэр урт нарийхан хийх зэргээ шийднэ.  Хурдан адууны хөхөл сүүлийг  бооно гэдэг нь уяа моридондоо өдөр болгон хийгээд байдаг зүйл бас биш. Уяахаар барьсан морьдоо адуунаас анх барьсан өдрөө буюу уяа морьдоо ёслохдоо, тар хийх буюу ойрын зайнд үсэргэх тохиолдол, мөн дунд сунгааны үеэр хөхөл сүүлийн боох нь зүйтэй юм. Яагаад ингэж байна вэ гэхээр   энэ хооронд хурдан мориндоо ажил хийж хүчийн тогтоохоос гадна сэтгэлийн тогтоох хэрэгтэй болдог. Сэтгэлийн тогтооно гэж юуг хэлээд байна вэ гэхээр хүнээр бол аливаа зүйлд төлөвшихийг хэлээд байгаа юм.Уяаны эхэнд азарга их нас соёолон хязаалан шүдлэн даага гэсэн дараалалаар уях ба хөхөл сүүлиййн боохдоо ч азарганаасаа эхэлж бооно.   Амьтан ч гэсэн дотоод сэтгэл зүйтэй учир янз бүр байх нь бий. Сэтгэлийн их хөөрөлтэй адуу  эрт хөхөл сүүлийн боочихож болдоггүй. Учир нь гэвэл олон жил уралдсан адуу ч юм уу аль эсвэл бага адуу уралдах буйгаа мэдээд биеэ чангалчихдаг. Харин  хүндхэн сэтгэлтэй буюу тайван дөлгөөн морины хөхөл сүүлийг өглөө эрт боох хэрэгтэй. Ингэснээр уралдах морины хийморь сүлд сэргэдэг учиртай

Морины дэлийг засахдаа тухайн моринд нь тохируулж засдаг

Урьдны наадмууд дээр морьдынхоо дэлийг гоёж их засдаг байлаа. Морины дэлийг нутаг нутгаараа өөр өөр засдаг бөгөөд  Увс, Ховд руу хөхөлийхөн өрөөс төө хэрээтэй засаад л хур дэл унжуулдаг. Тэргүүн хөхөл, хур дэл зэргээр янз янзаар нэрлэдэг. Наад аймаг руу болоод ирэх тусмаа арай илүү хоёр, гурван төөгөөр нэмэгдэж хур дэл нь улам багасах бөгөөд  Төвийн болон зүүн аймгуудаар руугаа ирэхээр хөхөлийн үлдээхгүй засдаг.Хонины морь, уяа морь, гоёлийн  наадамд унадаг морьдоо дэлийн өөр өөр засна. Хонины морь ихэнхдээ дөрвөн мөч бүдүүн хийц нь том товир,  байх ба үүний дэлийн түүнд тохируулж гоёмсог биш засна.Харин гоёлын морь буюу сэрвээ, мундаа өндөртэй, уртлаг  хийцтэй морийг тэлмэн засдаг. Бөгтгөр, хүзүү богинотой адууг бухандай маягтай засна. Уяа моридийг бол уяан дээр зогсож байгааг нь харахад   зээрийн ооно шиг болгож засна гэдэг. Яагаад гэвэл хурдан адууны хийц нь яс хөнгөнтэй байдаг учраас тэр юм. Уяан дээр зогсож байгааг нь харахад уяач хүн өөрт нь нүдэнд нь бахтай харагдаж байх хэрэгтэй.  Харин  намар, өвлөөр унах гэж хөнгөрүүлж буй тухайн морио зуны цагт дэлийн сайхан засаад тавихаар хүч нь хийсэж, өөхөн тамир нь барагдаж мах нь тамир нь үлддэг. Ямар ч малыг өөхөн тамир авхуулахаас илүү махан тамир авхуулахад нь анхаарах хэрэгтэй.Далангаасаа даарахаар адууны өөх нь барагддаг. Дүн өвлийн хүйтэнд адууны дэлийг засах нь муу адуу турчихдаг муу талтай. Тиймээс намар морины дэл засаж унах нь илүү зохимжтой. Хавар зуны цагт ногоо дэлгэрэх үеэр  бол эртнээсээ л дэллэж байсан. Адуу эдлэх соёлын нэгээхэн хэсэг нь энэ юм.

Үргэлжлэл бий.....