Д.ЭНХЭЭ
Ковыкт болон Чаяндины орд газраас хятадын Хэйхэ хүртэл жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хоолойн байгууламжийн үйл ажиллагааг Москва, Пекин хоёр эхлүүллээ. Эрчтэй хөгжиж байгаа БНХАУ-ын эдийн засагт энэ тоо хэмжээ бага болох нь уг бүтээн байгуулалтын явцад тодорхой болсон, бөгөөд хоолой угсрагчид тун удахгүй үндсэн ажилдаа буцаж орох аж.
Манайхаас танай ширээнд
"Сибирийн хүч" төсөл бол байгалийн хийн талаар Оросын шинэ бодлогын гол түлхүүр нь. Борлуулах үндсэн зах зээлийг урьд Европ хэмээн авч үзэж байсан бол одоо Ази тивд, юуны түрүүнд Хятадад улам бүр илүү ихээр анхаарал хандуулах болов. Энэ нь ашиг орлого сайн олохоос гадна сибирийн орд газрыг идэвхтэй боловсруулах боломж олгоно.
Якутаас Хабаровск, Владивосток руу хий дамжуулах хоолойн төсөл бэлтгэх үүргийг Владимир Путин 2012 оны аравдугаар сард “Газпром”-д өгч байсан. Хийн холдинг төслийн нэр шалгаруулах уралдаан зарлаж, “Сибирийн хүч” хувилбар ялсан.
2014 оны тавдугаар сард “Газпром” хятадын CNPC-тай жилд 38 тэрбум шоо метр хий нийлүүлэх контрактад гарын үсэг зурсан. Нийтдээ 30 жилийн хугацаатай, 400 тэрбум долларын гэрээ.
25 тэрбумын урьдчилгаа төлбөрийг “Сибирийн хүч” төслийн бүтээн байгуулалтын санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж байсан хэдий ч хийн үнийг бууруулахгүйн тулд “Газпром” үүнээс татгалзсан.
Хий дамжуулах хоолой Байгал нуурын баруун хойно орших Ковыктын ордоос Нижняя Тунгуска голын ойролцоо орших Чаяндины ордод хүрч, тэндээсээ зүүн тийш эргэж, Благовещенскийн хажууд Амар мөрнийг дайран өнгөрнө. Нийт урт нь гурван мянга гаруй км. 2025 онд бүрэн чадлаар нь ажиллуулахаар төлөвлөсөн. “Газпром” одоохондоо хятад түншүүддээ хоногт арван сая шоо метр хий дамжуулна.
Хятадын хувьд энэхүү хий дамжуулах хоолой нь нийлүүлэлтийг найдвартай сайн хангах учраас стратегийн ач холбогдолтой хэмээн шинжээчид онцолж байна. Урьд нь хийг 2009 онд ашиглалтад оруулсан Туркмен – Хятад гэсэн чиглэлээр, мөн шингэрүүлсэн төлөв байдлаар л нийлүүлж байсан.
"Энэ бол Орос улсаас БНХАУ-д хий дамжуулах анхны хоолой. Энэ нь нэг талаас сүүлийн хоёр оронтой тооны хурдаар эрчимтэй хөгжиж байгаа дэлхийн зах зээлд байгалийн хийн нийлүүлэлтийг өргөтгөнө. Нөгөө талаас оросын хийн хоолойгоор тогтвортой нийлүүлж, ирээдүйд өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээгээ хүртээмжтэй хангах боломжийг Хятадад нээж өгнө. Эрчим хүчний тэнцвэртэй байдлыг хангахад нүүрсний эзлэх ихээхэн хувь хэмжээнээс болж онцгой хүндрэлд байгаа бөгөөд одоогоор импортын хий ерөөсөө авч чадахүй байгаа бүс нутагт ч энэ асуудал хамаарна” хэмээн Эрчим хүчний үндэсний аюулгүй байдлын сангийн ерөнхий захирлын орлогч Алексей Гривач өгүүлэв.
Хятадад байгалийн хийн эрэлт хэрэгцээ их байгаа нь зөвхөн эдийн засгийн хөгжлийн өндөр хурдац төдийгүй мөн экологийн асуудлуудтай ч мөн холбоотой. Хэргийн учир нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг улсын үйлдвэрүүдийн дийлэнх нь нүүрсээр ажилладаг учраас Бээжин болон бусад томоохон хотод өвөлд нь утаа тортог их байдаг.
Зэс хоолойнууд
Хятадын аж үйлдвэрлэлийн цар хэмжээ үнэхээр агуу их, байгалийн хий импортлохгүйгээр улс орон яагаад ч барахгүй. Орос улс бол хамгийн тохиромжтой түнш. Тийм учраас ажил хэрэг зөвхөн “Сибирийн хүч”-ээр хязгаарлагдахгүй гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна.
Бүр жилийн өмнө Дорнын эдийн засгийн форум дээр Владимир Путин, Ши Жиньпин нар “Сибирийн хүч-2” хэмээн заримдаа нэрлээд байгаа баруун талаар “Алтай” чиглэлээр байгалийн хий дамжуулах бүтээн байгуулалтад шаардагдах бүхий л асуудлыг богино хугацаанд зөвшилцөхийг мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдэд үүрэг болгосон.
Оросын эрчим хүчний яамны тэргүүн Александр Новакийн хэлснээр энэ магистраль хийн нийлүүлэлтийг жилийн 30 тэрбум шоо метрээр нэмэгдүүлж, Орос улсад 30 жилийн дотор 300 гаруй тэрбум долларын ашиг авчрах ажээ.
Гэхдээ Хятадад энэ ч гэсэн багадна. “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерийн үнэлснээр 2035 он гэхэд БНХАУ-д 80-100 тэрбум хүртэл шоо метр хий нэг жилд хэрэгтэй болох гэнэ.
Эх орны шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэгчид болон Хойд мөсөн далайн зам тус нэмэр болох юм. Ленинград мужийн Усть-Луга районд “Балтийский СПГ” үйлдвэрийг “Газпром” болон “Русгаздобыча” кампаниуд 2023 онд барьж дуусгана. Уг үйлдвэрийн төслийн хүчин чадал нь нэг жилийн 13 сая тонн (19 тэрбум гаруй шоо метр).
“Новатек”-ийн төсөл үүнээс ч том. Гыданы хойг дээр жилд 19,8 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай “Арктик СПГ – 2” заводыг тус компани одоо бүтээн байгуулж байна. Эхний шугамыг 2022 онд ашиглалтад оруулна. Энэ үйлдвэрийн 20 хувийг CNPC эзэмшиж байгаа нь уг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Бээжин илт сонирхож байгааг гэрчилнэ.
Тус компани дараа нь Ямало – Ненецкийн тойрогт орших Солет – Ханавейн ордод "Арктик СПГ-1"-ийг байгуулна. “Новатек” – ийн тэргүүн Леонид Михельсоны хэлснээр энэ үйлдвэр жилд 20 сая тонн байгалийн шингэрүүлсэн хийг нэмж үйлдвэрлэх ажээ.


Эх сурвалж: www.zms.mn