УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн Уран дөш хайрханы энгэрт баригдахаар болсон “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын шавыг тавилаа. 2019-2020 оны улсын төсөвт уг төслийн санхүүжилтийн зарим хэсэг нь тусгагдсан байгаа юм. 

Түүний санаачилсан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа юм. Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг гэсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 41-р тойргийн сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг татах Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой төслүүд хэмээн үзэж БОАЖЯ-наас уг төслийг дэмжин хамтарч ажиллаж байгаа юм.

 Чингис хотоос Дадал сум хүртэл хэд хэдэн сумыг холбосон 250 км урттай “Түүхэн аялал жуулчлалын зам”-ын ажил бас эхлээд явж байгаа билээ. Эдгээрээс Батноров суманд баригдаж буй Тэмүүжин, Боорчи нарын андгай тавьж, анд бололцсон газар хэмээн түүхэнд үлдсэн Хөхүүрийн тал, Дэлгэр-Өлзийт хайрханд “Андлалын өргөө” цогцолборын ажлын гүйцэтгэл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 60 хувьтай байгаатай Л.Оюун-Эрдэнэ сайд газар дээр нь очиж танилцсан.

Энэ мэтчилэн Дадал суманд гэхэд л Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Тэнгэрийн хаан” цогцолбор, Биндэр суманд Монголын анхны Их хуралдай хуралдсан түүхэн газарт “Их хуралдай” цогцолбор, Галшар суманд Шөрмөсөн чулуут дов хэмээх газарт Өвгөн ноён М.Пүрэвжавын дурсгалын цогцолборууд зэрэг олон бүтээн байгуулалтыг шинээр бий болгохоор ажиллаж  байна.

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдгээр бүтээн байгуулалтын нэг хэсэг болох Норовлин сумын төвөөс холгүй орших Уран дөш уулын энгэрт “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборыг барих бөгөөд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Норовлин суманд ажиллах үеэрээ шавыг нь тавьсан юм. Уран дөш уул нь  төрийн их заргач Шихихутагийн төрсөн газар төдийгүй “Монголын нууц товчоо”, “Их Засаг” хууль зэрэг түүхэн эх сурвалжууд бичигдсэн газар хэмээн түүхэнд үлдсэн байдаг. Тиймээс уг газрыг сонгосон бөгөөд Цонжин болдогийн “Чингис хааны хөшөөт цогцолбор”, “Морин хуур”, “Их Майдар” төслийг санаачлагч, Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын Дадал, Батноров суманд хэрэгжиж байгаа цогцолборуудын загварыг зохиосон МУУГЗ, барималч М.Эрдэмбилэг энэ удаагийн “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын скиз зураг, загварыг мөн гаргасан. Харин барилгын гүйцэтгэгчээр “Эл Си Би” ХХК ажиллахаар шалгарсан юм.

Домгийн гуурст хүлэг морь унасан бяцхан хүүг дүрсэлсэн, оюун ухааныг билэгдсэн номын хуудас бүхий томоохон байгууламжтай энэхүү цогцолборыг Норовлин суманд бүтээн байгуулснаар нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бий болох, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой төсөл хэмээн шав тавих ёслолд оролцсон БОАЖЯ-ны газрын дарга С.Баясгалан дүгнэсэн юм.