С.САРУУЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх даваа гаригаас /2019.07.29/ ирэх сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцана. Түүнчлэн Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна.
Айлчлалаар аюулгүй байдлыг бэхжүүлэх, хоёр орны хөгжил дэвшлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn