Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /07.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулсан.  Түүний гишүүдэд хандаж хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна.

1. Монголын ард түмэн, улс төрийн намуудын олонхи нь Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан Үндсэн хуулийн замаар эрс шинэчлэл хийхийг хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн намрын чуулган дээр хэлсэн үгэндээ миний бие Үндсэн хуульд өөрчлөлт, нэмэлт хийхдээ юуг анхаарах, ямар зарчим, үндэслэл баримтлах талаар хэлж байсан тэр л байр суурин дээрээ бат зогсож байна.

2.Улсын Их Хурал, түүний гишүүдийн нэр хүнд жилээс жилд дордож парламентын засаглалд эргэлзэх хандлага ихэслээ, улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн бүлэглэл болж хувирлаа, хүний сонгох эрх, саналыг худалдан авч төрийн өндөр албан тушаалд очдог, албан тушаалаа хувийн шунахай зорилгод ашиглах явдал гаарлаа.

3.Ийм бусармаг үйл ажиллагаа нь засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн үзэл санааг алдагдуулсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу авахаар завдахыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн гэмт үйлдэл мөнөөс мөн. Зохион байгуулалттай хууль бус, бусармаг үйл ажиллагаа бодитоор явагдсан, цаашид ч явагдах магадлал их тул үүнийг таслан зогсоохын тулд Үндсэн хуульд тодорхой зохицуулалт тусгаж, салбар хуулийн хүрээнд гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлага тулгараад байна.

4. Монгол Улс нь холбооны бус нэгдмэл улс атал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэхээр заасан нь амьдрал дээр сөрөг үр дагавар гаргаж байна.

5.Улс төрийн намуудын хуулийг шинэчлэх ёстой. Үүгээр одоо байгаа бүх намуудыг татан буулгах замаар улс төрийн бодлогын өрсөлдөөнд жигд, тэгш гарааг бий болгоё. Ядаж тавин мянга нэг бодит гишүүнтэй намыг бүртгэж, үйл ажиллагааг нь зөвшөөрдөг болъё.

6.Улс төрийн намууд, улс төрчдөд сурталчилгааны тэгш, жигд боломж үүсгэх нөхцлийг хангасан тийм сонгуулийн хууль шаардлагатай болж байна.  Та бүхэн ухаанаа уралдуулан өнгөрсөн 30 жилийн алдааг нэг мөр тэглэх хувилбараар Сонгуулийн шинэ хуулиа батлаарай.

7.Эрхэм гишүүд ээ, Та бүхэн сүүлийн арван жилийн туршид яригдаж, хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо.

8.Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна. Та бүхэн иргэний болон улс төрийн эр зориг гаргаж эдгээр алхмуудыг хийснээр ардчилсан түүхэнд тэмдэглэгдэн дурсагдах гавъяаг байгуулах болно.

Эх сурвалж:www.polit.mn