Засгийн газрын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Идлэг шонхор шувууг гадаадад гаргахгүй
Ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг таван жилийн хугацаагаар сунгав. Хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд зөвхөн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэн гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн хугацаанд шонхор шувууг хууль бусаар гаргахгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах, өндөр хүчдэлд цохиулж хорогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллан тоо толгой, тархац, идэш тэжээлийн өөрчлөлтийг тогтоох урт, дунд хугацааны судалгаа мониторинг, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүний дүнд 2010 онд 6800 байсан шонхор шувуу 2018 оны байдлаар 10380 болоод байна.
Гэхдээ тоо толгойн өсөлт нь ашиг олох зорилгоор барих хэмжээнд хүрэхгүй төдийгүй, олон улсын хэмжээнд эмзэг ангилалд багтдаг шувуу учир хориглосон хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ.
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна
Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байна.
Энэ хүрээнд:
- Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
- Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газраар
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар
- Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум дахь Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар
- Баянхонгор аймгийн Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр
- Баянхонгор аймгийн Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар
- Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сум дахь Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газраар
- Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр хамгаалалтад авч,
- Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх юм.
Нэр бүхий хүмүүсийг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнана
Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэв.
Үүнд:
- Ц.Галбадрах “Хү” хамтлагийн ахлагч
- Д.Сэрдарам “Миний клуб”-ын үүсгэн байгуулагч
- Д.Болор-Эрдэнэ ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах референт
- Б.Оюунбол Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга
- Ж.Болдбаатар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа
- Д.Цогтжаргал Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга
- Л.Амарсайхан СБД дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч
- Ж.Алтантуяа ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн
- О.Энхтуяа БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн
- Н.Баянбат Нийслэлийн ЕБС-ийн I сургуулийн багш
- Г.Бат Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер
- Б.Дашпүрэв УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга
- Ц.Болорчулуун ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга
- Г.Тойруул ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
- Г.Баясгалан Улсын II эмнэлгийн төв эмнэлгийн дарга
Товч мэдээ
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга, байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодоос хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- “Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн”, Торгоны замын эмэгтэйчүүдийн олон улсын чуулган”-ыг ирэх есдүгээр сард Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Жендэрийн үндэсний хороо, ХЗДХЯ, БСШУСЯ-тай хамтран зохион байгуулахыг сайд С.Чинзоригт даалгав.
- ОХУ-ын Эрхүү мужид болсон үерийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боловгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.