Т.БАТСАЙХАН

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Тиймээс Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглаж сониныхоо хуудсаар дамжуулан зургаан асуултыг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн билээ. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр манай сонины асуултад хариуллаа. 

Г.Занданшатар: СЭТГЭЛ ШИНГЭСЭН АЖИЛ АМИН СҮНСТЭЙ БАЙДАГ

АСУУЛТ-1

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалтуудыг хэлэлцэхгүй гэсэн арга гэх хардлага нийгэмд байна. Оюутолгойн гэрээний талаарх дүгнэлтүүдийг УИХ хэзээ хэлэлцэх вэ?

-Тийм хардлага, элдэв явуулга илүүц гэж хэлмээр байна. Улс орны эрх ашгийн төлөө аливаа асуудлыг шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг чуулган эхлэхээс өмнө баталсан. Баталсан жагсаалтын 6-д “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл” орсныг Та бүхэн мэдэж байгаа байх. Дарааллаараа л явж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт аль аль нь нэн чухал асуудал. Нэгийг нөгөөгөөр нь цохиж унагахыг оролдох эсвэл нэг асуудлыг нөгөөгөөр барьцаалах гэж хичээх нь эрүүл хандлага биш. Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой гэж үздэг. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Би эсрэг байр суурьтай байсан учраас оролцоогүй. Тэр үеийн баримтыг сөхөөд харчихаарай. Тиймээс гэрээнд хийсэн шалгалт, түүний мөрөөр авах арга хэмжээний талаар УИХ-ын тогтоол гаргах асуудлыг аль болох хурдан шийдэх ёстой гэж шаардаж байгаа. Бараг долоо хоног болгон Ажлын хэсэгт ажлаа түргэвчлэх үүрэг даалгавар өгч байна. Сайтар судлан шинжилж, байр сууриа нэгтгэж, гарах үр дагаврыг сайн тооцож байж шийдвэр гаргах ёстой учраас Ажлын хэсэг тун няхуур, сайн ажиллаж байна гэж тэд тайлбарлаж байгаа.  Гэрээнд шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайланг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сонсоод, Ажлын шинэ хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ дагуу Б.Баттөмөр гишүүнээр ахлуулж, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Л.Болд, Я.Содбаатар, Ш.Раднаасэд гэсэн гишүүд бүрэлдэхүүнд нь орсон Ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна. Шийдлээ хүлээсэн, хойшлуулалгүй хэлэлцэн шийдэх өөр чухал асуудал ч байгаа. Бидэнд алгуурлаж суух эрх алга. УИХ шахуу хуваариар, ачаалал ихтэй ажиллаж байна. 

АСУУЛТ-2

-Таны тэргүүлсэн парламент Үндсэн хуулийг өөрчилж чадвал УИХ-ын дарга Г.Занданшатар гэдэг нэр түүхэнд бичигдэх нь тодорхой. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт ардаа сайн үр дагавар дагуулбал та сайнаар, улс оронд тааруухан нөлөө үзүүлж эхэлбэл муугаар бичигдэнэ. Ер нь энэ өөрчлөлтийг Та УИХ-ын даргын хувьд биш, хувь хүний зүгээс хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ-ын даргын хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Энэ бол Монголын нийгмийн захиалга, ард түмний хүсэл эрмэлзэл. Түүнээс нэг хүний асуудал биш. Нэг намын ч ажил биш. Арван жил ярьж, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн асуудал. Сайн, муу нэр зүүх яахав, бид урагшаа л хармаар байна. Эсрэгээрээ энэ түүхэн өөрчлөлтийг хийж чадахгүй бол эс үйлдлээрээ улс орны ирээдүйг балласан, хөгжлийг чөдөрлөсөн, зайлшгүй хийх ёстойг хийж чадаагүй гэмд унаж, түүхэнд хараар бичигдэж үлдэх нь дамжиггүй. Тиймээс олон түмнийхээ тусын тулд гэсэн чин сэтгэлээр хандах учиртай. Бид энэ хэвээрээ яваад байж болохгүй нь нэгэнт тодорхой боллоо. Буруудсанаа ухаарч байгаа бол зөв зүгээ тодорхойлох ёстой биз дээ. Болохгүйг засах нь зөвд хүрэх зам мөн гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байгаа. Алдааг засахын тулд хуульдаа өөрчлөлт оруулах ёстой гэдэгтэй маргаж буй хүн алга. Тэгэхээр нийт нийгмээрээ нэгэн чигт буюу өөрчлөлт шинэчлэлт, урагшлах өөдлөх зүг рүү харж байгаа энэ түүхэн боломжийг бид алдаж болохгүй. Монголын нийгэмд шударга ёсны хэм хэмжээ алдагдсан. Иргэдийн төрдөө итгэх итгэл алдарсан. Нийгмийн баялгийг эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгөтэй, шүүх хуулийн байгууллагыг нөлөөндөө оруулсан олигархи бүлэг өмчилж, эзэмшиж, зарцуулж, хязгааргүй баяжиж байна. Гэтэл Монголын нийт хүн амын 30 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь ядуусын эгнээнд шилжсэн. Энэ гажуудал биш гэж үү. Үүнийг засах ёсгүй гэж үү. Монгол Улс байгалийн баялгийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Гурван сая хүний элбэг хангалуун, эрх тэгш, аз жаргалтай амьдрахад хангалттай хүрэлцэх баялаг бий. Өвөг дээдэс маань ийм сайхан нутгийг амь нас, яс цусаараа хамгаалан тэмцэж байж бидэнд өвлүүлсэн. Монгол хүн авьяастай, эрдэм ухаантай. Жишээ нь хүний оюун ухааны чадавхи IQ үзүүлэлтээрээ дэлхийд тавд орж байна. Хүний нөөцийн капиталаар 11-т ордог. Монголын нийгэмд шударга ёс тогтоох ёстой, тогтолцооны гажуудлаа засахгүй бол болохоо байлаа. Засаглалын оновчтой хяналт-тэнцлийг бий болгох цаг болсон, төр, шүүх, хуулийн байгууллагад хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэхгүй бол болохгүй гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Энэ өөрчлөлтийг хэн нэгэн хийнэ гэж хүлээж суулгүй, төрийн сүлдэндээ тангараг өргөсөн, энэ цаг үед хууль тогтоох дээд байгууллагыг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд санаачилга гаргах ёстой гэсэн итгэл үнэмшил надад байна. УИХ-ын түвшинд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийнхний дунд, иргэдийг оролцуулсан олон тооны цуврал хэлэлцүүлэг, санал асуулга, судалгаа, хурал зөвлөгөөн хийж байж гарсан санал дүгнэлт дээр үндэслэн энэ нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан. Одоо ч засч сайжруулсаар байна. Төслийг нухацтай хэлэлцэн баталж, хэрэгжүүлж чадвал Монгол Улсад хөгжил дэвшил, Монголын ард түмэнд сайн сайхан ирээдүй авчрах үр дүн гарна гэдэгт УИХ-ын даргын хувьд ч, гишүүнийхээ хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч итгэлтэй байна.

АСУУЛТ-3

-Үндсэн хуулиа өмнө нь бид өөрчлөн баталж байсан. Ингэхдээ бүх ард түмний санал асуулга явуулсан. Харин энэ удаа Зөвлөлдөх ардчиллын зарчмаар санал асуулгыг явуулж байна. Зөвлөлдөх ардчилал гэх үгийг та давтаж ярьсаар олон нийтэд хэдийнэ танил болгосон. Энэ зарчмын хүрээнд Үндсэн хуулиа өөрчлөх нь юугаараа давуу юм бэ?

-Ер нь бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард түмний санал асуулга өмнө нь явуулж байгаагүй. Монгол Улсын түүхэнд 1945 онд улсынхаа тусгаар тогтнолын асуудлаар нэг л удаа ард нийтийн санал асуулга явуулж байсан. 1992 оны Үндсэн хуулийг ард нийтийн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр АИХ-аар хэлэлцэн баталж байсан. Одоо яг ийм хэлэлцүүлэг явуулж байна. 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ямар нэгэн хэлэлцүүлэг, санал асуулга болоогүй. Богино хугацаанд хэлэлцэн баталсан байдаг. Үдээс өмнө хэлэлцээд үдээс хойш нь баталсан гэж манай туршлагатай парламентчид ярьдаг юм. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг Зөвлөлдөх санал асуулга явуулаад батлах гэж байна гэсэн асуулт тавьжээ гэж ойлголоо. Тийм биш ээ. УИХ энэ асуудалд “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандаж байгаа гэдгийг би өмнө нь ч хэлж байсан. Тэр долоон үе шатаа товч тайлбарлая. Нэгдүгээрт, Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд доктор Ч.Энхбаатараар ахлуулсан эрдэмтдийн баг 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хөндлөнгийн дүн шинжилгээ хийж, санал зөвлөмжүүдийг тайландаа тусгасан юм. Үүнтэй уялдуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн, судлаач, хуульч, хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг Монгол Улсын Засгийн газраас байгуулж, томоохон судалгаа хийсэн. Мөн иргэдийн санал бодлыг тандан судалсан. Нам бус судлаачид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 3692 иргэнээс судалгаа авсан байдаг. Эдгээрийн үндсэн дээр Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага буй болжээ гэж үзэж, нэмэлт, өөрчлөлтийн талаарх санал дүгнэлт боловсруулж Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсгийг 2016 онд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг судалсан. Тус ажлын хэсэг 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулан ажилласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийн санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсгийн УИХ-ын Тамгын газрын Судалгааны албаар хийлгэсэн 25 судалгаа шинжилгээ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн судлаачдын Ажлын хэсгийн тайлан, эрдэм шинжилгээний бага хурлуудаас гарсан санал, зөвлөмжүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн судалгаа дүгнэлтийг үндэслэн Зөвлөлдөх санал асуулга явуулах, энэ санал асуулгаар хэлэлцэх зургаан сэдвийг баталсан. Гуравдугаарт, УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” тогтоол баталж, хоёр үе шаттай явуулахаар төлөвлөсөн. Нэгдүгээр шатанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон, Монголын ард түмнийг бүрэн төлөөлж чадахуйц 1570 иргэнээс газар дээр нь очиж, санал асуулга авсан. Хоёрдугаар шатанд дээрх иргэдийн тал хувь буюу 785 иргэнийг түүврийн аргаар сонгож, санал асуулгын сэдвүүдийн талаар тэнцвэртэй мэдээллээр хангаж, Төрийн ордонд хоёр өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингэхдээ мэдээлэлжүүлэх, мэдээллээ хуваалцах, дүгнэн тунгаах зарчмыг мөрдлөг болгосон юм. Ард түмний статистик олонлогийг бүрэн төлөөлж чадахуйц тэдгээр хүмүүс шударга ёсыг тогтоож, алдаа гажуудлаа яаралтай засах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Санал асуулгын үр дүнд үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гаргаж, УИХ-д хүргүүлсэн.  Дөрөвдүгээр шат Зөвлөлдөх зөвлөлийн гаргасан зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хувилбарыг боловсруулж, танилцуулсан. 2017 оны VIII-IX сард 21 аймаг, 50 гаруй сум, нийслэлийн есөн дүүрэг, яам, төрийн байгууллагуудад хэлэлцүүлэг зохион байгуулсан.  Энэ ажлын дүнд нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор 327.375 иргэн, 24 байгууллагаас давхардсан тоогоор 5.6 сая санал ирснийг нэг бүрчлэн бүртгэж, төсөлд тусгах ажлыг хийсэн. Тавдугаар шат. УИХ дээр хэд хэдэн Дэд ажлын хэсэг байгуулж, төслийн томъёолол бэлтгэх, үр нөлөөний үнэлгээ хийх, саналын хувилбар боловсруулахаар ажилласан. УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдэд танилцуулсан, зөвшилцсөн, саналыг нь авсан.  Хуульд заасны дагуу УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, ҮАБЗ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанкны ерөнхийлөгчид санал авахаар илгээсэн. Зургадугаар шат. Төсөл өргөн баригдаж, нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 61 гишүүн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхийн тулд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэддээ төслийн зүйл, заалтыг танилцуулж, ярилцлаа. Саналыг нь авлаа. УИХ-ын Тамгын газар дээр саналыг нэгтгэх, Ажлын дэд хэсгүүд дээр иргэдээс ирүүлсэн саналыг төсөлд хэрхэн тусгах ажил өрнөж байгаа. Удахгүй хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Долдугаар шат. Тэгэхээр Зөвлөлдөх санал асуулга бол эдгээр долоон үе шатны зөвхөн нэг нь. Зөвлөлдөх ардчилал хэмээх шинжлэх ухааны судалгааны арга хэлбэрээр Монголд анх удаа Зөвлөлдөх санал асуулга явуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх ард түмнийхээ санал бодлыг тандан судалсан хэрэг. Тиймээс Зөвлөлдөх санал асуулга явуулаад л төслийг батлах гэж байна гэдэг бол үндэслэлгүй дүгнэлт.

АСУУЛТ-4

-Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохтой холбоотой нэмэлт оруулах гэж байгаа нь алсдаа намыг Үндсэн хуульд дэвшүүлж, төрийн дээр нам гарах эхлэлийг тавьж байгаа хэрэг гэх хуульч цөөнгүй байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Тиймээс улс төрийн намууд шинэчлэгдэж, улс орон, ард олны төлөө эвлэлдэн нэгдсэн эрүүл байгууллага, Үндсэн хуульт ардчиллын чухал бүрэлдэхүүн, иргэдийн хүсэл зоригийн илэрхийлэл болох ёстой. Гэхдээ улс төрийн нам гэдэг бол Үндсэн хуульт ардчиллын чухал бүрэлдэхүүн юм. Үндсэн хуульт ардчилсан тогтолцооны нэг гол шинж нь хууль тогтоох дээд байгууллага болох парламентаа ард түмэн өөрийн төлөөллийн байгууллага болгон сонгодог. Парламентад олонхи болсон нам нь Засгийн газраа байгуулан, эрх мэдлийг хэрэгжүүлдэг нь дэлхий нийтийн жишиг. Ингэж дэлхийн улс орнууд Үндсэн хуульдаа тусгадаг.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, нийт улс, үндэстний хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намуудын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх сурвалж, зарцуулалт нь ил тод байхыг үүрэгжүүлж байгаа. Ийнхүү Үндсэн хуульд намын үйл ажиллагааны зарчмыг зааснаар нийгэм, улс төрийн тогтолцоонд эзлэх түүний байр суурийг тодорхой болгож, төрийн дээр нам гарахаас харин ч урьдчилан сэргийлсэн гэж ойлгож болно.

АСУУЛТ-5

-Сайд нарыг томилох, чөлөөлөх, огцруулах журмын хүрээнд Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэжээ. Энэ нь Үндсэн хуулийн 39.3-т заасан “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн нэг бүрээр хэлэлцэж томилно” буюу 20 дугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэснийг шууд зөрчиж байна гэх дүгнэлтийг хийж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн суурь зарчмыг энэ өөрчлөлтөөр зөрчих нь гэсэн ойлголт нийгэмд байна?

-Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэж заасан нь УИХ бүхнийг шийднэ гэсэн үг биш. Харин парламентын засаглал буюу Монгол Улсын сонгосон төрийн засаглалын хэлбэрийг илэрхийлж байгаа заалт юм. Төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бас бий. Нэмэлт, өөрчлөлтөд энэ чиг үүргийг илүү тодотгож байгааг анзаарсан байх гэж найдъя. Сайдыг томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд бие даан гаргаж, танхимын зарчмаар ажиллах, УИХ-ын өмнө Засгийн газрыг дангаар хариуцах асуудлыг тусгасан нь харин ч Монгол Улс парламентын засаглалтай гэдгийг тодотгож байгаа юм. Засгийн газар тогтвортой байх ёстой. Гэтэл бид хэчнээнийг солив. Бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан хоёрхон Засгийн газар байдаг.  Эхнийх нь 1992-1996 оны П.Жасрайн Засгийн газар. Тогтвортой байсан тулдаа шилжилтийн хамгийн хүнд хэцүү үеийг гарз хохирол багатай даван туулж, дараагийн он жилүүдэд туулах замын бартааг арилгаж чадсан гэж хэлж болно. Хоёр дахь нь 2000-2004 оны Н.Энхбаярын Засгийн газар. Тогтвортой ажилласан учраас эдийн засагт сэргэлт, өсөлт эхэлж, “Мянганы зам” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. ОХУ-д төлөх “Их өр”-ийг барагдуулж чадсан гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Манайд 1992 оноос өнөөг хүртэл 13 Засгийн газар ажиллаж, дунджаар 1.8 жил “насалж”, 300 орчим хүн сайдаар томилогджээ. Гэтэл ХБНГУ-д 1992 оноос хойш 27 жилд Хельмут Коль, Герхард Шройдер, Ангела Меркель гэсэн гурван хүн л гүйцэтгэх засаглалаа тэргүүлж өнөөг хүрчээ. Германы нийгэм, эдийн засгийн хөгжил ямар байгааг бид харж байна. Тогтворгүй байдал нь зөвхөн улс төр гэлтгүй, нийгэм, соёл, эдийн засгийн бүх салбарт тууштай, цэгцтэй бодлого явуулах боломжийг хаадаг. Хямрал, гажуудал хуримтлагдаж, зорилго чиглэл тодорхойгүй болж, шударга ёс алдагддаг. Олон нийт төөрөгдөлд орж, улмаар төрдөө итгэх итгэл нь алдарч, бухимдал цөхрөлд хүргэдгийг бид өөрсдийнхөө жишээнээс харж байна. Тиймээс задралаас нэгдэл рүү, замбараагүй байдлаас сахилга хариуцлага руу, тодорхойгүйгээс ил тод нээлттэй рүү, тогтворгүй байдлаас тууштай бодлого, залгамж чанар руу шилжих цаг болсон. Сульдсан төрийн албыг эрүүл чадварлаг болгож, шүүх хуулийн байгууллагад зөвхөн хууль засагладаг, нутгийн удирдлага нь иргэндээ үйлчилдэг байх гэх мэтээр нийт нийгэм даяар цэгцрэх хөдөлгөөнийг эхлүүлмээр байна. Үүний нэг нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зарчим юм. Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлж, огцруулах тул тухайн асуудлаар УИХ, Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэх боломжийг хаагаагүй.  Хэрэв Ерөнхий сайд ажлаа зохих ёсоор хийж чадахгүй байна гэж үзвэл огцруулах эрх нь УИХ-д байгаа. Засгийн газрын үйл ажиллагааг хянах хяналтын механизм төсөлд шинээр орсон. Ерөнхий сайд огцорвол Танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Тэгэхээр Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөхгүй. Харин ч хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг тодорхой болгож байгаа гэж ойлгож болно.

АСУУЛТ-6

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна гэж оруулахаар төлөвлөжээ. Орон нутаг татвар тогтооно гэдэг бол төрийн байгууламжийн нэгдмэл хэлбэртэй Монгол Улсад тохирохгүй. Харин АНУ зэрэг холбооны төрийн байгууламжтай улсад байдаг тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт юм. Мөн энэ өөрчлөлт Үндсэн хуулийн хоёр дугаар зүйлийн 2.1-ийн “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэснийг шууд халж байгаа явдал биш үү. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д заасан төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх, олон нийтийн хэлэлцүүлгээр өндөр давтамжтай гарсан саналыг үндэслэн сум, дүүргийн ИТХ-ыг нутгийн өөрийн удирдлагын үндсэн нэгж байхаар төсөлд тусгасан. Үүнийг хоосон тунхаг болгохгүйн тулд сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна гэж заасан нь УИХ-ын татвар тогтоох бүрэн эрхэд огт халдаагүй. Энд “...хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд...” гэж байгааг анзаараарай. Энэ бол хууль тогтоох эрх мэдэл УИХ-д хадгалагдаж байна гэсэн үг. Эцэст нь нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд Үндсэн хуульд нийт ард түмний хүсэл итгэл, сэтгэл бодол шингэдэг. Тиймдээ ч нийт нийгмийн зөвшилцлийн тунхаг, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ болдог. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг бид аль нэг нам, улс төрийн хүчний эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн тулд биш, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөөх томоохон үйл хэрэг гэж үзэж байгаа. Олныхоо тусын тулд хийж буй аливаа ажил бүтэмжтэй, чин сэтгэл шингэсэн бүхэн амин сүнстэй болдог. Тэгэхээр бидний зорьсон зорилго биелнэ гэдэгт эргэлзэхгүй байна.    

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.5  БААСАН  №135  (6102)