Т.САЙХАН

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Сумын Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог байх нь иргэдийн хүсдэг, байнга яригддаг асуудлын нэг. Харин дүүргийн Засаг даргыг иргэд сонгодог байх асуудлын тухайд нээлттэй үлдээгээд ажлын хэсгийн хүрээнд томьёоллыг дахин ярилцахаар болсон. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан тохиолдолд бүрэн эрхийн үлдэх хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилохоор тусгагдсан заалтыг төслөөс хасахаар болж байгаа” гэлээ. Харин  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Өнгөрсөн сарын 28-нд бүлгийн гишүүд цуглаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр дэмжигдсэн төслийн 20 заалт дээр иргэд ямар саналтай байгаа талаар орон нутагт ажиллаад ирсэн гишүүдийн санал бодол, иргэд, олон нийтээс ирүүлсэн саналтай танилцаж ярилцсан. Ерөнхийлөгч, улс төрийн намуудтай зөвшилцөж ойлголцох, саналыг нь авах асуудлыг өмнө нь ч хийж ирсэн, одоо ч хийгдэж байгаа. Өчигдөр л гэхэд МАХН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа ирүүлсэн. Хэлэлцүүлгийн хоёр дахь шатанд энэ ажил эрчимтэй хийгдэх байх” гэв. Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “тогтолцоо,” гэснийг хасах санал гарсныг хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэй дэмжсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn