С.УЯНГА

МАН-аас өргөн бариад буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг сөрөг хүчин удаа дараа эсэргүүцэж байгаа. УИХ дахь АН-ын зөвлөлийн  гишүүд нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа бол өчигдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар өргөтгөсөн хурал хийжээ. Зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих боломжгүй. Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор иргэдэд тодорхой мэдээлэл өгөхийн тулд хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй хэмээн санал нэгджээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар байр сууриа илэрхийлсэн юм.

Үндсэн хуулийг өөрчлөх хуралдаанд хамгийн ихдээ 40, заримдаа  20 гаруй  гишүүн оролцож байна. Эндээс харвал Их хурлын гишүүдийн дийлэнх нь санал бодлоо илэрхийлэхгүй. Тэднийг үзэл бодол тусахгүй байна. Хэлэлцүүлгийн талаарх иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудыг огт тусгаагүй байсан. Агуулга биш хэлбэрийн төдий сурталчилгаанд зориулсан хэлэлцүүлэг яваад байна. Мөн энэ парламентын гишүүдэд Үндсэн хуулийг өөрчлөх ёсзүй байхгүй. Гэтэл МАН үнэмлэхүй олонхи гэдгээ ашиглан Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа нь буруу. Хүч түрэн батлах гэж байгаа хуулиа ард түмнээр хэлэлцүүллээ гэж халхавчилж байна гэсэн байр суурийг АН-ын зөвлөлөөс илэрхийллээ. Түүнчлэн АН-ын зөвлөл бүлэг байгуулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд санал гаргасан байна. Бүлэг байгуулагдвал Үндсэн хуулийн өөрчлөлтөөр завсарлага авах эрхтэй болох юм.

Д.Эрдэнэбат: Улс төрийн татаасаар орсон төрийн албаныхны гарах хаалгыг хаасан

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн өдрүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа ард түмний уулзалт, санал асуулга болж өнгөрлөө. Нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, санал асуулга явуулж бүх гишүүд тойрогтоо ажилласан. Бидний хувьд мөн ард иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллалаа. Ардчилсан намын зөвлөлийн хувьд ард иргэдээрээ батлуулна гэсэн байр суурин дээр хэвээрээ байгаа. Гэтэл ард иргэдийн дийлэнх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг мэдэхгүй байна. Санал асуулгыг харахад тэд ямар ч мэдээлэлгүй, маш идэвхигүй байгаа нь харагдаж байна. Асуудалд тодорхой хандах нь чухал. Цаашид санал асуулгыг хойшлуулж, ард иргэдэд илүү  дэлгэрэнгүй мэдээлэл түгээх тал дээр анхаарч, яаран шийдвэр гаргахгүй байх нь чухал. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын зөвлөл энэ долоо хоногт болох хоёрдугаар хэлэлцүүлэгт дахин оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж байна” гэв.

Мөн тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар МАН-тай зөвшилцсөн эсэх талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх нэгдүгээр хэлэлцүүлгийн өмнө уулзалт хийсэн. Дахин байр сууриа илэрхийлж уулзалт хийгээгүй. Ер нь дахин уулзалт хийх санал солилцох шаардлагагүй гэж бодож байна. Бид ард түмний дуу хоолой болж эсэргүүцлээ илэрхийлсээр байх болно. Үндсэн хуулийн өөрчлөлт бол зөвхөн МАН болоод ард иргэдийн зөвшилцлийн асуудал биш. Олонхи цөөнхийн ч асуудал ч биш. Гагцхүү иргэний эрхээ хамгаалсан нийгмийн гэрээг бүх талууд ойлголцож, мэдээлэл хийж, хэлэлцүүлгийн үр дүнд батлах ёстой. Бид энэ байр суурь дээр хатуу байгаа.  Хүлээж авч зөв шийдвэр гаргах нь үнэмлэхүй олонхийн ухаан харуулна. Гэхдээ эрх бүхий удирдлагууд ойлгох байх. Магадгүй үнэмлэхүй олонхоор шийдвэрлэх боломжтой. Гэтэл батлагдсаны маргааш гарах сөрөг үр дагаварыг Монголын ард түмэн нийтээрээ үүрэх болно гэдгийг эрх баригчид мартаж болохгүй гэдгийг бид сануулах ёстой” гэлээ.

АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн цөөнгүй заалт байгааг онцоллоо. Тухайлбал, Үндсэн хуулийн суурь зарчим бол гүйцэтгэх засаглал хууль тогтоох, шүүх эрх мэдэл, ерөнхийлөгчийн засаглал тус тусдаа харилцан эрх зүйн уялдаатайгаар тогтоогдсон. Гэтэл өнөөдрийн орж ирж байгаа төсөлд эрх мэдлийн зохицуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог алдагдуулсан хэд хэдэн заалт орж ирсэн. Мөн төрийн албанд улс төрийн татаасаар орсон хариуцлагагүй төрийн албаныхны гарах хаалгыг хаасан заалтыг оруулж ирсэн. Төрийн босго өндөр байх ёстой. Орох хаалганыхаа төрийн босгыг өндөрсгөлгүй, гарах хаалгыг хааж байна. Алдааг дахин давтаж болохгүй. Төрийн албан тушаалтанд шалгуур байх ёстой. Энэ нь өөрөө Үндсэнд хуульд зайлшгүй тусгагдах ёстой байтал тусгагдахгүй байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж байна гэж үзэж байгаа аж. 

Б.Пүрэвдорж: Долдугаар сарын 1-нд хэлмэгдсэн залуусаас уучлал гуйх ёстой

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж долдугаар сарын 1-ний талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Түүхэнд хар толбо үлдээсэн 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийг ярихгүй өнгөрч болохгүй. 2008 онд болсон булхайтай сонгуулиа нуун дарагдуулахын тулд таван сайхан залуугийн амь насанд халдаж, 300 гаруй залууг нэг төрлийн зүйл ангиар хорьж тамлан зовоож хэлмэгдүүлсэн хар толбот түүхэн өдөр. Ардчилсан намын хувьд МАН-ын үе үеийн удирдлагууд алтан амиа алдсан таван залуугийн өмнө, хилс хэрэгт гүтгэгдэн хэлмэгдсэн 300 гаруй залуугийн өмнө уучлалт гуйх ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлж байна” гэсэн юм.

АН-аас Ерөнхийлөгчид хандан Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч, албан хүсэлт хүргүүлжээ. Тус хүсэлтэд “Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдахаар завдаж, нийгмийн гэрээ болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаран сандран хууль зөрчин өргөн мэдүүлж, мордохын хазгай болсон төслийг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, иргэдийн хүсэл зориг, Монгол Улсын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, уг асуудлаар улс төрийн бүхий л намуудын зөвшилцөлд хүргэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг Ерөнхийлөгч танаас хүсье” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.2  МЯГМАР  №132  (6099)