Энэ Их хурал Үндсэн хуулиар оролдох байтугай дүрэм ч батлах ёс суртахуун болон эрх зүйн чадамжгүй
МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, хууль зүйн ухааны доктор Л.МӨНХСАЙХАН:
Мэргэжил:Хуульч
Эрдмийн зэрэг: Хууль зүйн ухааны доктор (Ph.D)
Ажлын туршлага: 37 жил, үүнээс улсад 23, хувийн хэвшилд 14 жил ажилласан.
Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэс, Улсын Мөрдөн байцаах газрын онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, эзэнгүй гэмт хэргийг илрүүлэх хэлтэс, Баянзүрх дүүргийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Дархан-Уул, Завхан аймгийн прокурорын газар, ХХААЯ гэсэн төрийн байгууллагуудад мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, хяналтын прокурор, орлогч прокурор, аймгийн прокурор, сайдын ахлах зөвлөхийн хариуцлагатай алба хашиж байсан, багш, өмгөөлөгч.
Албан тушаал: Өмгөөллийн “Шинэ констант” ХХН-ийн захирал, өмгөөлөгч
Амьдралдаа баримталдаг зарчим: Бусдыг гомдоохгүй байх
Хэлэх дуртай үг: Улс төр бол сэтгэлийн дуудлага
Хүндэлдэг хүн: Ээжүүд
Хүний таалагддаг зан чанар: Дөлгөөн.
-Их хурлын нэр бүхий гишүүдийн Үндсэн хууль зөрчиж өргөн барьсан төсөл улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн хямралт байдлыг даван туулах гарц харагдсангүй. Тэгээд ч энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахуун, хууль эрх зүйн хувьд ч чадамжгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцээгүй. Мөн өнөөгийн улс төр, нийгмийн амьдралын гүн гүнзгий хямралыг таслан зогсоох, төр, засгийн тогтолцоог зөвтгөх ач холбогдол огт харагдаагүй. УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоох шалгуур, эгүүлэн татах механизм тодорхой тусгагдаагүй. Бүх шатны шүүхийн шүүгчдийг Иргэн сонгох биш хэн нэгэн томилж байгаа нь “шүүгч томилгооны хараат байх” нөхцлийг арилгаагүй. “Томилгооны шүүгч” хараат бусаар ажиллаж чадахгүй нь ойлгомжтой болчихсон байхад ерөнхий шүүгчийн “хэн нэгнээс томилогдсон шүүгчид дотроосоо сонгоно” гэсэн нь ард иргэдээ ахин хуурч, өнөөгийн гаж тогтолцоог хэвээр хадгалах гэсэн оролдлого юм.
“Үзэл баримтлал”-ыг эрх бүхий Төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, нэр бүхий нэг гишүүн баталчихсан нь ойлгомжгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл гэсэн төрийн тогтолцоонд илүүц байгууллагын гишүүдийг улс төрийн субьектүүдийн өөрөөр хэлбэл, УИХ, Ерөнхийлөгчөөс санал болгохоор оруулж байгаа нь буруу.
Сүүлийн үед төр, засгийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа доголдон тасалдаж, олон түмний дунд нэр нүүрээ алдсан МАН+АН-ыг арилган устгах тэмцэл ширүүсч, ард иргэдийн бухимдал дээд цэгтээ туллаа. Хууль тогтоогч буюу энэ УИХ эрх зүйн чадамжгүй, түүнд итгэх боломжгүй учраас Үндсэн хууль байтугай хууль батлах ёс суртахууны эрхгүй. УИХ-д итгэх боломжгүй гэдэг нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар эрх баригч болсон МАН-ын дарга Сонгуульд хэрэглэх мөнгө хууль бусаар босгох тухай ярьсан нь олон нийтэд ил болсон. Гэмт хэргийн талаар үгсэн хуйвалдсан албан тушаалтнууд үүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн. Үүнээсээ болж УИХ-ын дарга, намын даргаасаа огцорсон, ЖДҮ-г хөгжүүлэх сангаас олгосон 134 зээлийн 122 нь улс төр, засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын ашиг сонирхлын нөлөө бүхий хуулийн этгээдүүдэд олгогдсон ноцтой хэрэг гарсан. Үүнээс болж гишүүдийн тав нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсанаар нотлогдож байна. Иймд “УИХ эрх зүйн чадамжгүй, ёс суртахууны ч эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, онц байдал зарлах, УИХ-ын “ээлжит бус сонгууль зарлахаас бусад бүх эрх”-ийг түдгэлзүүлж, УИХ-ын Ээлжит бус сонгуулийг явуулах ганц гарц үлдлээ. Ээлжит бус сонгуулийн дараа төр, засаг шинээр бүрэлдүүлсний эцэст Үндсэн хуулийн тогтолцоог шинэчлэн эрх мэдлийн хуваарилах сонгодог зарчмыг хуульчлах, үүний дараа сонгуулийн тогтолцоог эцэслэн батлах шаардлагатай.
Биеийн хүчээр нэгийг, оюуны хүчээр олныг дийлнэ
МАХН-ын Бага чуулганы гишүүн, Мянгатын дарга Г.Золзаяа:
Боловсрол:
2000-2004 онд: “Билиг” дээд сургуульд сурч эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2015-2016 онд: Батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургууль төгссөн.
Мэргэжил: Эрх зүйч
Эрдмийн зэрэг: Магистр
Ажлын туршлага: 2009-2019 он “Сайн ээж” сангийн тэргүүн
2012-2019 он “Шерри Хилл Монголиа” ХХК-ийн захирал
2018-2019 он МАХН-ын 53 дугаар Мянгатын дарга
2019 он МАХН-ын Бага чуулганы гишүүн
Баримталдаг зарчим: Зоригтой бол ялна.
Хэлэх дуртай үг: Айвал бүү хий, хийвэл бүү ай.
Хүндэлдэг хүн: Аав
Хүний таалагддаг зан чанар: Хүнд хэцүүд бууж өгдөггүй байх.
-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж зохицуулсан байдаг. Тиймээс дээд боловсролыг үнэ төлбөртэй олгоно гэсэн логик ойлгогдож байгаа юм. Харин өнгөрсөн 29 жилийн хугацаанд энэ зүйл заалтын уршгаар Монгол Улсад 500 мянга гаруй боловсрол мэргэжилгүй залуус бий болжээ. Энэ залуучууд миний үеийн сайхан залуу байгаа. Би тэр залуучуудын өмнөөс харамсаж байна.
Энэ олон залуучууд бүгд инженер, эмч, чадвартай багш болсон бол манай нийгэмд ямар эерэг үр дагаврууд бий болох байсан бол. Тэдгээр залуусын үр хүүхдийн хувь заяа өөрсдийнх нь хувь заяа, цаашлаад нийт монголчуудын хувь заяа яаж эерэгээр өөрчлөгдөх байсан бол. Би санаж байна 1990 оноос өмнө бидний аав ээжүүд дээд боловсрол эзэмшихдээ төлбөр төлдөггүй байсан. Харин ч бүр дээр нь нэмээд цалин авдаг байсан. Бүр төрөөс зардлыг нь даагаад гадаадад үнэ төлбөргүй сургаж байсан. Дэлхий мэдлэгийн эрин зуун руу хөгжиж мэдлэг эдийн засагт тэлэлт бий болгож байгаа цаг үед бид иргэдээ боловсролгүй болгож орхиж болохгүй.
Боловсрол бол бүх нийтийн баялаг юм. Боловсрол эргээд нийгмийн сайн сайханд зориулагддаг тул бүх нийтийн баялаг гээд байгаа юм. Дэлхий нийт ч тэгж харж, ойлгох болсон. Тиймээс бид иргэн бүрээ дээд боловсролтой болгох ёстой. Бидний өвөг дээдэс “Биеийн хүчээр нэгийг, Оюуны хүчээр олныг дийлнэ” гэж мэргэн сургаалиа захиж үлдээсэн байна.
Төрөөс дээд боловсролын зардлыг даадаг байх ёстой. Тиймээс МАХН-ын боловсруулсан Дээд хууль /Үндсэн хууль/-ийн төсөлд тусгаснаар иргэн бүрээ дээд боловсролтой болгоё, зардлын төрөөс даана гэж зохицуулж байгаа юм. Эмээ, өвөө, ээж аавынхаа тэтгэвэр, цалингийн зээлээр дээд боловсрол эзэмшиж тэднийхээ амьдралаас хумсалдаг цаг үе ард хоцрох болно.
Ээж аав, эмээ өвөөгөөрөө өсгүүлж өдий зэрэгт хүрчихээд өндөр наслахад нь тэтгэврийг нь булаахыг залуучууд дэмжихгүй байх. Харин байгалийн баялгаа ард түмэндээ өгч түүнээс олсон орлогоороо залчуучуудаа үнэ төлбөргүй сургах асуудлыг залуус их дэмжиж байгаа. Тиймээс МАН-ын санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг залуус бид тууштай эсэргүүцэх болно.
Орон сууцыг улсаас үнэгүй олгодог тогтолцоонд шилжинэ
Хэнтий аймгийн МАХН-ын Түмтийн дарга С.Ононбаяр:
Боловсрол:
1999-2005 он: ШУТИС-ийг Маркетингийн удирдлага
2012-2015 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн магистрийн зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
2009-2012 он: Шинэ хэмнэл констракшн ерөнхий захирал
2011 он: МАХН-ын дэргэдэх “Ардчилал Шударга Ёс” Монголын залуучуудын холбооны дэд тэргүү, МАХН-ын Бага чуулганы гишүүн, Эх орон Эв нэгдэл Шударга ёс Монголын Залуучуудын Холбооны тэргүүн
2012 он: МАХН-ын Хан-Уулын мянгатын дэд дарга, НИТХ-ын төлөөлөгч, Хүний эрхийн дэд хорооны дарга
2013 он: Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүн, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл УЗ-ийн гишүүн
2013-2014 он: НИТХ-ын тэргүүлэгч
2014 он: Бичил бизнесийг дэмжих сангийн зөвлөлийн гишүүн, Нийслэлийн тогтоол шийдвэр биелүүлэлтийн ажлын хэсгийн гишүүн
2016 он: МАХН гүйцэтгэх товчооны гишүүн
2014-2016 он: Автобус-1 баазын дарга
Албан тушаал: Хэнтий аймгийн МАХН-ын Түмтийн дарга, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга
Баримталдаг зарчим: Үнэнч, тууштай байх.
Хэлэх дуртай үг: Санаа зөв бол заяа зөв
Хүндэлдэг хүн: Н.Энхбаяр, С.Ганбаатар
Хүний таалагддаг зан чанар: Хэлсэн үгэндээ эзэн байх.
-Хүний суурь хэрэгцээ их энгийн л дээ. Дулаан сууцтай, эрүүл, боловсрол эзэмших гэх мэт. Хаана хөгжил байна, хаана илүү амьдралын боломж байна тэнд л хүмүүс цуглана. Манай орны хувьд хөгжлийн болон төвлөрлийн цэг нь Улаанбаатар хот. Нэг эх оронтой, нэг төртэй, нэг удирдлагатай ард түмний нэг хэсэг буюу дулаан байр, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, үзвэр ер нь л бүх юмандаа ойр байгаа хэд нь 200 км явж байж эмнэлэгт үзүүлдэг, эцэг эхээсээ хол сургуульд сурдаг нөгөө хэдээ монгол уламжлалаа хадгалаад тэндээ байж бай гэж хориг тавих нь буруу юм. Одоо тэгэхээр хөдөө амьдарч байгаа иргэдээ хотод ирэхийг нь хорих биш хотын хөгжил, чанартай боловсрол, сайн эмнэлгийн үйлчилгээг хөдөө орон нутаг руугаа аваачъя.
МАХН-ын үзэж байгаагаар төвлөрөл, утааг багасгахын тулд дахин нэг нийслэл, дахин хэд хэдэн хот хэрэгтэй. МАХН-ын боловсруулсан “Дээд хууль” буюу шинэ Үндсэн хуулийн төсөлд Монгол Улс хоёр нийслэлтэй, улсын чанартай хотуудтай байхаар заасан. Хууль хэрэгжүүлэх байгууллага буюу Засгийн газар байрладаг хот нь Улаанбаатар. Хууль тогтоох байгууллага буюу парламент байрладаг хот нь Хархорин байна. Ийм байдлаар төрийн байгууллагуудыг байршуулж байж төвлөрөл багасна, хотуудын хөгжил ч нэг түвшинд хүрнэ. Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийг бий болгох тус бүр 150-200 мянган хүнтэй Жаргалын найман хот байгуулна. Эдгээр хотод их, дээд сургуулиудыг тараан байршуулна. Жишээ нь уул, уурхайн чиглэлийн сургуулийг Өмнөговьд, Хөдөө аж ахуйн сургуулийг Сэлэнгэд гэх мэтээр. Мэдээж бүгд төвийн шугамд холбогдсон орон сууцтай байна.
Тэгэхээр улсаас барьсан найман хот, хоёр нийслэлдээ шинэ гэрлэсэн хос, анхны хүүхдээ өлгийдөж авахад, улсдаа насаараа зүтгэсэн иргэд маань тэтгэвэрт гарахад, тав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүдэд улсаас орон сууцыг үнэгүй буюу 0 түрээсээр өгье. Тэр нь 50м2 орон сууц байна. Та улсаас өгсөн байрандаа амьдар, хэрэглээний мөнгөө төл таниас илүү зүйл шаардахгүй. Энэ нь миний хамгийн эхэнд хэлсэн хүний суурь хэрэгцээг л хангаж өгч байгаа хэрэг. Үүнээс том байшин барьж, хаусандаа амьдрах эрх чөлөө нь танд бий. Бид цоо шинэ зүйл сэдчихээд хэрэгжүүлэх гээд байгаа юм биш ээ. Сингапур, Дани гээд аз жаргалын индексээр тэргүүлж байгаа бусад орон ийм жишгээр асуудлаа аль хэдийнэ шийдчихсэн байгаа. Мөнгө нь хаана байна гэж үү. Монгол байгалийн баялагтайг та, би ч мэднэ. Байгалийн баялгаа төрийн өмч биш ард түмний дундын өмч болгох заалтаа Үндсэн хуульдаа оруулъя. Яг энэ заалт Дээд хуульд бий шүү. Ингэж байж л бид эрүүл орчинд, стрессгүй амьдрах болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.6.21 БААСАН №126 (6093)