С.САРУУЛ
Гоо сайхны хагалгаа урлаг болтлоо хөгжсөнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тэр тусмаа давхраа оёулж, хамраа өндөрсгөх зэрэг гоё сайхан харагдах нь зөвхөн бүсгүйчүүдийн асуудал байхаа болиод удаж байна. Тэр ч утгаараа гадаад төрхөндөө анхаарч, залуу насаа хадгалан үлдэх хүссэн хүн бүрт гоо сайхны хагалгаа нээлттэй болсны тод жишээ нь холливудын одод. Жишээлбэл, “Goodfellas” киноны од Лиотта, нэгэн үе дэлхийн хөгжмийн ертөнцийн оргил болж явсан Уэйн Ньютон гээд гоо сайхандаа анхаардаг эрчүүдийн жагсаалт үргэлжилнэ. Саяхан, Нью-Йоркын хувийн эмнэлгийн гоо сайхны мэс засалч жилд дунджаар 260 эрэгтэйд мэс засал хийдгээ ярьсан байна лээ.
Тэгвэл монгол эрчүүд ч гэсэн гоо сайхандаа анхаардаг болоод удаж байна. Салонд арьсаа арчлуулж, хумс, хөмсгөө янзлуулах нь эрчүүдийн өдөр тутмын энгийн хэрэгцээ болсон гэж хэлж болно. Ялангуяа, эрчүүдийн энэ эволюци улстөрчдөд илүүтэй илрэх болжээ. Угаас тэдний үг, үйл хөдлөл бүр нь олны нүдэнд ил байдаг болохоор гадаад төрхөндөө анхаарах нь зүй ёсных биз. Анх хүүхнүүд л нүдэндээ давхраа оёулдаг гэсэн уламжлалт ойлголттой явсан биднийг А.Сүхбат гишүүн хэдэн жилийн өмнө давхраа хийлгэж гайхшруулж байсан удаатай. Түүнээс хойш гоо сайхандаа анхаарсан улс төрч эрхмүүдээс ил болоод байгаа нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Түүний нүдний давхраа хэн ч харсан содон. Харин дараагийнх нь Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Г.Төмөрбаатар юм. Түүнийг “Автобус 1” ОНӨААТҮГ-ын дарга гэдгээр нь илүүтэй танина. Энэ мэтээр улстөрчдийн эволюци үргэлжлэх бололтой. Сураг сонсвол гоо сайхандаа анхаарч яваа улстөрчид мэр сэр бий аж.
Эх сурвалж: www.polit.mn