МАХН багш нарын дундаж цалинг таван саяд хүргэнэ

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян:

Мэргэжил: Эрх зүйч.
Зэрэг: Бизнесийн удирдлагын магистр, түүхийн ухааны магистрант.
Боловсрол эзэмшсэн байдал:
1997-2002 онд “Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль,
2005-2007 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын магистр тус тус төгссөн.
2018 он- МУИС-ийн Түүхийн ухааны магистрант
Ажлын туршлага:
2004-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч,
2004 оны 01 сараас – 2007 оны 12 сар “Монголын Скаутын Холбоо” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
2007 оны 06 сараас – 2010 оны 08 сар “Эрдэнэс МГЛ” ХХК-ны Хуулийн хэлтсийн дарга,
2010 оны 08 сараас – 2011 оны 09 сар “МНТК” ХХК-ны Гүйцэтгэх захирал,
2011 оны 11 дүгээр сараас– “Шударга ёс” хуульчдын эвслийн тэргүүн,
2012 оны 01 дүгээр сараас – МАХН-ын бага хурлын гишүүн, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлийн Удирдах зөвлөлийн гишүүн,
2012 он Монгол Улсын Хууль зүйн дэд сайд
2016 он МАХН-ын дэд дарга
2017 он МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2018 он Орхон аймгийн МАХН-ын дарга
2019 он Нийслэлийн МАХН-ын дарга
Монголын Скаутын холбооны ерөнхийлөгч
Баримталдаг зарчим: Хамт олонч, нийтэч байх
Хэлэх дуртай үг: Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй
Хүндэлдэг хүн: Д.Бямбасүрэн
Хүний таалагддаг чанар: Хэлсэн үгэндээ эзэн байж, харицуцлагатай байх

-Үндэсний статистикийн хорооны мэдээллээр монгол хүний дундаж цалин 1.1 саяыг давжээ. Хэдийгээр сайн мэдээ ч хангалтгүй. Хангалтгүй гэдгийн учир МАХН нэг хүний дундаж цалинг таван сая төгрөг хүргэхээр зорьж байна. БНСУ-ын дундаж цалинд дөхүүлж 2000 ам.долларын цалин өгдөг, авдаг тийм л улс орон болмоор байна. Эрх барьж байгаа МАН-ын Мөрийн хөтөлбөрийн гол амлалт нь өрийг өрөөр дарахгүй, цалин тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлэх байсан. Гэтэл огт хэрэгжсэнгүй. Эсрэгээрээ ам.долларын ханшийг унагаж цалин тэтгэврийг бууруулсан байдаг. Эрх барингуутаа амлалтаа хөсөр хаяж, олигархиудад үйлчилж, ард түмнээ мартдаг нь МАНАН-ын гэм биш зан.

Хэрэв АН, МАН их өр тавиагүй бол, тэр өрийг та биднээр төлүүлэх башир арга сэдээгүй бол дундаж цалин хоёр сая, дундаж тэтгэвэр 1.5 сая байх бүрэн боломжтой байж. Дахин хэлэхэд гаднаас эх үүсвэр хайхааргүйгээр эсвэл шинээр гоц гойд юм бодож ололгүйгээр нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх арга замаар цалин тэтгэвэр энэ хэмжээнд хүрэх ёстой юм. Зах зээлээ тэлэх, бүтээмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, хөгжлийн дорвитой бодлогыг хэрэгжүүлж  чадах юм бол мөн л энэ хэмжээг даруй хоёр дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм. Тийм нэгдсэн бодлого, улс орныхоо төлөө алсыг харсан бодлого хэрэгжүүлэх нам бол МАХН мөн. МАХН нийгмийн бүх шатанд шударга ёсыг тогтооно. Хамгийн түрүүнд цалин тэтгэврийг шударгаар нэмэгдүүлж, хүнийг өөрийн цалин тэтгэврээр “хүний зэрэгтэй” амьдрахад нь хүрэлцэхүйц байдлаар нэмэгдүүлнэ. Улсын чанартай найман хотыг шинээр барина. Тэдгээр хотоо холбосон төмөр зам барина. Орчин үеийн үйлдвэрүүдийг бодлоготойгоор хөгжүүлнэ. Тэгээд монгол хүн эх орондоо  сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд “Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй. Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч  явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй” гэж тунхагласан. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд “цалин авах” гэж зааснаас цалин тэтгэврийг төр өөрийн дур хүслээр хасан танаж, багасгаж, ард түмнийг  өлмөн зэлмүүн амьдруулж, цөөхөн хэдэн хүн баян тансаг амьдрах нөхцөл бүрдсэн байдаг. МАХН энэ байдлыг өөрчилж НҮБ-ийн хүний эрхийн зарчмыг хүндэтгэн, ард түмнийхээ ахуй амьдралыг дээдэлсэн шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулаад байгаа юм. Энэ Дээд хуульд “13.22. Хүн хөдөлмөр эрхлэх, эрүүл аюулгүй нөхцөл бүхий ажлын байраар хангагдах, зүй зохистой амьдрахад нь хүрэлцэхүйц цалин хөлс авах эрхтэй” хэмээн заасан байна. УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Харин тэндээс монгол хүний эрхийг хамгаалах, эх орондоо хүн шиг амьдрах талаар ямар өөрчлөлт оруулах гэж буйг нь хайгаад ч олдохгүй.

Иргэн бүр-орлоготой, Өрх бүр-орон сууцтай болно

МАХН-ын Гүйцэтгэх товчооны хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр:

Боловсрол:
2000-2004 онууд – “Билиг” Дээд сургуульд сурч эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2015-2016 онууд – Батлан Хамгаалахын  Их Сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн магистрантурт сурч төгссөн.
Мэргэжил:
Эрх зүйч
Эрдмийн зэрэг:
Магистр
Ажлын туршлага:
2008-2010 онууд – УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,
2010-2012 онууд – “Хурд Групп” ХХК-ийн менежер
2012-2014 онууд – “Ай Ти Ворлд” ХХК Захирал
2014-2015 онууд – “Барилга Нэгдэл групп” ХХК Захирал
2015 он – Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөлт, зохион байгуулалт, тайлагналт хариуцсан мэргэжилтэн
2016-2018 онууд – МАХН-ын Гүйцэтгэх Товчооны Тамгын газрын дарга
2018-2019 онууд – МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн
2019 он – МАХН-ын Гүйцэтгэх Товчооны Хэрэг Эрхлэх Газрын дарга
Баримталдаг зарчим:
Өдөр бүр тасралтгүй ажиллавал зорилгодоо хүрнэ
Хэлэх дуртай үг:
Хөдөлмөрлөх, хөдөлмөрлөх, дахин хөдөлмөрлөх
Хүндэлдэг хүн:
Аавыгаа
Хүний таалагддаг зан чанар:
Хүнд  хэцүүд бууж өгдөггүй байх.

-Үндсэн хууль нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулдаг суурь баримт бичиг, ард түмэн хооронд болон төр, засагтай байгуулсан нийгмийн гэрээ юм. Төр, засаг үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээх, иргэддээ ямар үйлчилгээ үзүүлдэг, ямар төр, засагтай байхыг үүрэгжүүлж хариуцлага тооцохыг тусгасан байх ёстой. Мөн нийгмийн  бүлэг, хэсгийн саналыг тусгасан байх шаардлагатай учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэг нам дангаараа шийдэж хэрхэвч болохгүй. Ингэвэл гэрээний мөн чанар, утга, зарчим алдагдана. Нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх бүр ард түмний амьдралд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байх учиртай. Гэтэл МАН-ын хийх гээд байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс ийм дүр зураг харагдахгүй байгаа.

Хамгийн энгийн жишээ дурдахад 1992 оны Үндсэн хуульд “Хүн хөдөлмөр эрхэлснийхээ төлөө цалин авах эрхтэй” гэсэн зохицуулалт байгаа нь өнгөц харвал зүйтэй мэт санагдана. Харин амьдрал дээр энэ зохицуулалт иргэдийн ахуй амьдрал, нийгэм соёлын наад захын хэрэгцээг хангахад чөдөр болж байна. Ажил олгогч ажилтандаа цалин өгсөн үү гэвэл өгсөн. Харин цалин нь амьдралд хүрч байна уу гэдэг нь  огт хамаагүй болж байна. Иймээс энэ асуудалд ажил олгогч болон төр, засаг аль аль нь хойрго ханддаг. Харин энэ асуудлыг МАХН-ын боловсруулсан Дээд хуулийн төсөлд “Хүн хөдөлмөр эрхэлснийхээ төлөө зүй зохистой амьдрахад нь хүрэлцэхүйц цалин авах эрхтэй” гэж зохицуулснаар хүн хүрэлцэхүйц цалингаараа ахуй амьдрал, нийгэм соёлын хэрэгцээгээ хангах боломжтой болох юм. Дээд хуулийн төсөлд иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалтыг ийнхүү оруулж байгаа юм. Гэтэл МАН-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, нийгмийн хөгжилд ахиц дэвшил авчрах бодитой өөрчлөлтүүд харагдахгүй зөвхөн өөрсдийн эрх мэдлийг хувиарлахаас хэтэрсэнгүй. МАН-ынхан 1992 оны Үндсэн хуульд ”Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт байсныг “Байгалийн баялаг төрийн мэдэлд байна” гэж өөрчлөхөөр улайрч байгаа нь Оюутолгой, Тавантолгой гэсэн  стратегийн ордыг гадаад, дотоодын олигархиуд, найз нөхөд, хамаатан садандаа ямар нэгэн саадгүйгээр өгөх гэсэн эрмэлзэлтэйг баталж байна. 

МАН-ын эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад өөр асуудал хэлэлцэхгүй гэсэн зохицуулалтыг ашиглаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр далимдуулан “Оюутолгойн асуудал”-ыг хэлэлцэн шийдвэрлэхийг санаатайгаар хойшлуулж байна. Тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Байгалийн баялгийг ард түмнээс салган дээрэмдэх гэж байна. МАХН бол “Социал-демократ” буюу Зүүний төвийн үзэл баримтлалтай нам. 

МАХН эрдэмтэн мэргэдийн оролцоотойгоор боловсруулсан Дээд хуулийн төсөлд “Байгалийн баялаг ард түмний дундын өмч” байна гэж зохицуулаад Байгалийн баялгийн орлогоор дээд боловсролыг үнэгүй, эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй болгох, орон сууцаар үнэгүй хангах нийгмийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгасан байгаа. Гэтэл МАН далдын бодолтойгоор, хууль бусаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх эрхгүй юм. Тэр тусмаа дангаараа хийх эрх бүр ч байхгүй.

Дубайн гэрээ Монголыг өрөнд унагах төлөвлөгөө болсон

МАХН-ын Гүйцэтгэх Товчооны гишүүн, эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн:

Боловсрол- Дээд
Мэргэжил- Эдийн засагч, Улс төр эдийн засгийн ухааны багш
Эрдмийн зэрэг- Эдийн засгийн боловсролын доктор /Ph.d/
Ажлын туршлага-Төр захиргааны байгуулагад 20 гаруй жил ажиллсан. “Бөртэ” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, НӨХГ-ын дэд дарга, ТӨХ-ны Албаны дарга, ШУТИС, КТМС-д  Эдийн засгийн онол, Санхүүгийн менежментийн багш
Албан тушаал- МАХН-ын Гүйцэтгэх Товчооны гишүүн, Бага чуулганы гишүүн
Амьдралдаа баримталдаг зарчим-Шударга  ёсыг  эрхэмлэнэ
Хэлэх дуртай үг- Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос
Хүндэлдэг хүн – Дэлхийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тетчер
Хүний ямар зан чанар таалагддаг вэ- Өөрөөрөө байх

-Оюутолгой, Дубайн гэрээний өөрчлөлтийг улс төр, эдийн засагтай уялдуулж үзэхэд Оюутолгойн ордтой холбоотой Монголд ашиггүй томоохон шийдвэрүүдийг  гаргасан, гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс МАНАН-гийн  төлөөлөл байдаг. Хууль эрх зүйн талаас нь харвал  гэрээ биш хэдэн компаниудын санхүүгийн хэлцэл болсон. Хачирхалтай нь зээлийг  “Оюутолгой” компани  давуу эрхийн “санхүүжүүлэх хувьцаа”  нэр өгч  жилийн 9.1-9.9 хувийн хүүтэйгээр төслийн санхүүжилтийг хийж Монгол Улс өрөнд орсоор байгаа юм.

Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөний /гэрээ биш/ дагуу олон улсын санхүүгийн дөрвөн байгууллага, 15 арилжааны банкнаас хөрөнгө босгох үйл явц хэрхэн явагдсан, барьцаа даатгалын гэрээ хэрхэн хийгдэв гэдэгт анхаарал хандуулах ёстой. Mitsubishi, Standard Chartered, Sumitomo Mitsui, EXPORT-IMPORT BANK OF THE UNITED STATES, HSBC гэсэн томоохон санхүүгийн  байгууллагатай гэрээ хийсэн байна. 

Санхүүжилтийн гэрээнүүдээс үзвэл Оюутолгойн зэс, алтны төсөлтэй холбоотойгоор “Оюутолгой” ХХК болон зээлдэгчдийн хооронд байгуулсан ашиглалтын лиценз нь зээлдүүлэгчдэд барьцаалагдсан. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн “Айвенхоумайнз” компанийн хувьцааны арилжааны хөрөнгөөр санхүүжүүлэхээр зааж Монгол Улсын Компанийн тухай хуульд огт байхгүй “санхүүжүүлэх хувьцаа” гэсэн томъёолол оруулсан хууль зөрчсөн.Уг санхүүжүүлэх хувьцаагаар  хөрөнгө оруулалтын 66 хувь буюу 2.640 тэрбум ам.долларын хувьцааг “Оюутолгой” компани гаргана. Гаргасан хувьцааг “Туркойз хилл ресурсиз” ХК эсвэл “Айвенхоу”-гийн салбар компианиуд тэргүүн ээлжинд эзэмшинэ. Хэсэг хугацааны дараа санхүүжүүлэх хувьцаагаа давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, улирал тутамд ногдол ашиг төлөх, төлөөгүй тохиолдолд хуримтлуулж тооцох, ногдол ашгийг тооцохдоо АНУ-ын инфляцийн түвшингээр өсгөж тооцох зэрэг Монголд огт ашиггүй, өр төлбөрт орох нөхцлүүд Дубайн гэрээ төлөвлөгөө гэгчид тусгасан.

“Оюутолгой” ХХК 2018 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар 3.976.6 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй, Монголын талын 34 хувь  1.352 сая ам.долларын  өртэй байсан нь  нэмэгдэж 1.7 тэрбум ам доллар болсон.  Монголд хохиролтой бас нэг заалт нь “Оюутолгой” компанийн   бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг тогтмол таван хувь байхаар тохирсон нь “Рио Тинто”  компанийн үйлчилгээний зардлыг  хүлээн зөвшөөрсөн, менежментийн төлбөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүйгээс давхар зардлууд тооцох нөхцлийг хангаж  өгсөн нь дэндүү хариуцлагагүй үйлдэл юм. Иймд Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ” /ДУББСТ/  нь  Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад дүрэм, журам нь хэд хэдэн хуулийг зөрчжээ. ДУББСТ  нь бизнесийн гэрээ хэлцэл гэж үзэх үндэслэлгүй зөвхөн төлөвлөгөө гэж нэрлэгдсэн байгаа нь Олон улсын болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль журамд нийцэхгүй.

Бас нэг ноцтой асуудал нь уг төлөвлөгөөг дагалдан менежментийн гэрээг байгуулж Оюутолгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөр, “РиоТинто” группын үйлчилгээний төлбөр гэсэн хууль бус нэмэлт төлбөрүүдийг авах боломжийг гадаадын компаниудад баталгаажуулан өгч Монгол дахин өрөнд орох нөхцлийг зөвшөөрсөн.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин