Т.БАТСАЙХАН
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэг нь концессын гэрээний асуудал байв. Тухайлбал, Засгийн газрын сайд асан Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум, С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанидаа 163 тэрбум төгрөгийн концессын эрхийг авсан нь тухайн үедээ нэлээд хурцаар яригдаж, тэднийг сайдын суудлаас огцруулах хэмжээнд очиж байв. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдолгүй зарим концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Цуцлах концессын жагсаалтад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “автор” бүхий Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концесс багтсан байна.
Концессын эрхийг Ж.Мөнхбат гишүүний эхнэрийн ахын компани гэх “Засагт чандмань майнз” компанид олгосон бөгөөд 2017 хоёрдугаар сарын 7-ны өдөр гэрээ байгуулсан. Улмаар тухайн оны дөрөвдүгээр сарын 12-нд болсон Засгийн газрын хуралдаанаар 163 орчим тэрбум төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгасан байдаг. Ингэж тус компани концессын гэрээ гүйцэтгэх эрхтэй болсон юм. Харин жил гаруйн хугацаа өнгөрсний дараа ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Мөнхбатын компанийн концессын гэрээг цуцлах шийдвэр гаргав.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийсэн. Дээрх концессоос гадна “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн концесс, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих гээд одоогоор 11 концессыг цуцлахаар шийдвэрлэжээ. “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн концессын гэрээг “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан бөгөөд өмнө нь гэрээг нэг, зургаа хүртэлх сараар сунгасан байсан юм.
Түүнчлэн концессын гэрээг цуцлах болсон шалтгаанаа Засгийн газар Монгол Улсын эдийн засагт бодитоор хохирол учруулж байна гэж тайлбарлалаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар болж байгаа, болохгүй байгааг нь ил тодоор хэлж явах жишиг рүү орох нь зүйтэй. Банкны салбар хэт улс төртэй хутгалдсан энэ нөхцөл байдлаас болж, авлига болон мөнгө угаалтын хэрэгтэй тууштай тэмцээгүй нөхцөл байдлаас шалтгаалж, хууль хяналтын байгууллага болон шүүхийн завхралаас болж Монгол Улс сааралжих нөхцөл байдалд орчихоод байсан. Одоо ч арилаагүй явж байна” хэмээн энэ үеэр онцолсон.
Харин үргэлжлүүлэх концессын жагсаалтад Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл, Тавантолгой- Ханбогд- Ханги чиглэлийн авто замтай холбоотой төсөл, Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Зэлтрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын концесс багтжээ. Засгийн газар концесс эзэмшигчтэй гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашгийг хариуцахгүй байхыг концессын гэрээнд тусгасан байдаг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.6.20 ПҮРЭВ №125 (6092)