Б.ДАМДИН-ОЧИР
Эрх баригч МАН-ын дүрэм Монголын хуулиас илүү хүчтэй болчихсон цаг үе үргэлжилж байна. Энэ буруу юм. Социализмын үеийн “нам засаг”-ийн ноёрхол ардчилсан тогтолцооны үед байж болохгүй л дээ.
Гэхдээ 2016 оны сонгуулиар нам тавиулсан АН-ын хувьд дүрэм нь хууль байх учиртай.
Уг нь энэ намынхан сонгуулийн ялагдалдаа баахан гэмшиж, намаа шинэ, хариуцлагатай, ардчилсан загвараар “хөгжүүлнэ” гэж байгаад баахан өөрчлөлтүүдийг хийсэн. Алдарт VI Их хурлынх нь тунхаг ийм учиртай. Мэдээж хэрэг, туйлын зорилго нь 2020 оны сонгуульд ялалт байгуулах юм.
Гэвч ганцхан жилийн дараа болох УИХ-ын ээлжит сонгуульд АН бэлэн үү гэдэг асуулт тун хурцаар тавигдах болоод байгаа юм.
Сонгуульд ялалт байгуулахын тулд С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд эхлээд намын гишүүдийнхээ, дараа нь сонгогчдын итгэлийг олж авах ёстой.
Гэтэл АН-ынхан С.Эрдэнэд итгэдэг үү гэдэг их сонин асуулт байн байн илрэх болоод байгаа юм.
Намынхан нь С.Эрдэнэ нарт илтэд дургүйцээд байгаа нэг асуудал байна.
Тэр нь АН-ын VI Их хурлаар баталсан Үндсэн дүрмийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ засварлаж, өөртөө ашигтай олон заалт оруулсан гэж буй юм.
Өөрөөр хэлбэл, “...Намын Их хурлын шийдвэрийг дураараа өөрчиллөө” гээд АН-ынхан дургүй гэгч нь зөвлөлдөх болсон байна.
Тухайлбал, АН-аас томилогдсон Ажлын хэсгийн боловсруулсан шинэчилсэн дүрэмд “...Намын даргад хоёр жил тутам Их хурлаар итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ” гэж заасныг хасаж хэзээ ч огцрохгүй байхаар өөрчилсөн.
Мөн “...Үндсэн Дүрмийн Хорооны гишүүд өөрсдөө нэрээ дэвшүүлнэ” гэсэн дүрмийн заалтыг өөрчилж, намын дарга санал болгодог болгосноор намын хяналтын тогтолцоог устгаж, хүссэн хүнээ намаас хасдаг, хөөдөг гишүүдийнхээ эрхэнд халддаг болсон.
“...Дотоод Сонгуулийн Хорооны гишүүд өөрсдөө нэр дэвшин сонгогдож бие даасан хараат бус байдлаар ажиллана” гэсэн дүрмийн заалтыг өөрчилж намын дарга санал болгодог болсноор Дотоод Сонгуулийн Хороог намын даргын захиалгыг биелүүлэхээс өөр аргагүй байгууллага болгосон.
Улмаар АН-ын бүх шатны дотоод сонгуульд хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах вэ гэдгээ намын дарга өөрийн үзэмжээр шийддэг болж намын дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөнийг устгаж “ротаци” нь үнэн хэрэгтээ хэлбэрийн төдий мөнгөний сонгууль болсон гэж энэ намынхан том, жижиггүй ярьдаг болов.
Түүнчлэн МАН-ын “60 тэрбум”-ын схемийг АН-д нэвтрүүлж намын бүхий л удирдах албан тушаалыг мөнгөөр үнэлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ороход 250 сая төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд 90 сая төгрөг, Дунд шатны намын даргад нэр дэвшихэд 20 сая төгрөг, Залуучуудын холбооны даргад нэр дэвшихэд 125 сая төгрөг зэрэг мөнгөн босго тавьж, АН-ыг мөнгөний нам болгосон гээд гишүүд нь дургүйцдэг болсон. Ингэхээр гишүүд нь намынхаа ажил, нам доторх сонгуулиудад тэгш оролцох боломжгүй болж байгаа гэдэг тайлбарыг тус намынхан хэлж байгаа юм.
Товчхондоо, танай намын жирийн гишүүд “...АН-ын Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн заалтуудыг “дүрэмгүй” өөрчилж, таны эрх мэдлийг нэмэгдүүлсэн” гэцгээх болсон байна шүү, С.Эрдэнэ дарга аа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.6.17 ДАВАА №122 (6089)