Т.САЙХАН
УИХ-ын чуулган яг одоо /06.13/ хуралдаж байна. Чуулганаар нөхөн сонгуультай холбоотой Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авахаас татгалзлаа. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: –Цэцийн тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэдгээ би хэлж байгаа. Ээлжит болон нөхөн сонгуулиа ялгадаггүй цэцийн гишүүд байгааг гайхаж байна. Улсын төсвийн бүрэлдэхүүн Засгийн газрын нөөц сан ордгийг мэддэггүйг нь гайхаж байна. Улстөрийн захиалгатай шийдвэр гарсан нь ойлгомжтой. 42 дугаар тойргийн сонгогчид төлөөлөлгүйгээс болж нийгэм, эдийн засгийн өч төчнөөн боломжуудыг алдсан.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийнхаа эсрэг, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан бол бид хуульд нь өөрчлөлт оруулж буруу шийдвэр гаргахад хурлыг даргалсан Цэцийн даргыг огцруулдаг байх хуулийг бид гаргах болсон.
УИХ-ын гишүүн Н.Учрал: -Цэцийн шийдвэрийг дэмжихгүй. Харамсаж байна. Төлөөллийн зарчим алдагдлаа. Хэнтийн 42 дугаар тойргийн Өндөрхааны хүүхэд би. Өнгөрсөн хугацаанд төлөөллийн зарчим алдагдсанаас асар олон зүйл орхигдсон. Би Өндөрхаан аймгийн төвд олон ажиллаж байсан, одоо ч гэсэн ажиллаж байгаа. Уулзах бүрт залуучууд УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэж хэлж байна. Хэнтийчүүдийг төлөөлөлтэй болгож өгөхгүй юм бол үлдсэн хугацаанд би давхар Хэнтийчүүдийг УИХ-д төлөөлье.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:– Сонгуулийн дундаа явж байхад Цэцийн дүгнэлт гарсан учраас нэр дэвшүүлэлт хүндэрч байгаа. Бид хүлээж авахгүй гэдэг шийдвэрээ гаргана. Хэрэв УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Цэцийн Их суудлын хуралдаан болно. Энэ мэт цаг хугацааны зохицуулалтад нь Хуульзүйн байнгын хорооноос эргэж харж зохицуулах хэрэгтэй.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:-ҮХЦ Хэнтий аймгийн төлөөлөлгүй тойргийг бусад нь төлөөлчихнө биз гээд яриад байгаа юм. Төсөв батлагдахаар хэн ч хариуцахгүй үлдэж байгааг ҮХЦ зөвшөөрөхгүй байгаа юм. УИХ-ын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явуулна гэсний дагуу УИХ шийдвэрээ гаргасан гэлээ.
Ийнхүү ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээж аваагүй. Одоо энэ асуудлаар Цэц их суудлын хуралдаан зарлан хуралдуулах юм.
Эх сурвалж:www.polit.mn