Д.ЦЭРЭННАДМИД
Манай сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг урьсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулья.
Улс төр бол амьдралын дуудлага
-Та олны таньдаг, мэддэг улстөрч хүн. Ер нь улстөрч хүн гэж хэн бэ гэвэл Та юу гэж тодорхойлох вэ?
-Монголд улстөрчийн хувьд хашиж болох хамгийн өндөр алба бол Ерөнхийлөгчийн алба. Тэгэхээр улстөрч гэдгийг Ерөнхийлөгчийн албаны жишээн дээр тайлбарлахыг хичээе. Юуны түрүүн хэлэхэд би надад итгэн Төрийн тэргүүнээр сонгосон Монголын ард түмэндээ ямагт талархаж явдаг. Миний бодоход хэдийгээр төрийн тэргүүнээр сонгогдсон хүн “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж тангараг өргөдөг ч үнэн хэрэгтээ бүхий л амьдралынхаа турш, насан туршдаа тэгж ажиллаж, амьдарна гэсний илэрхийлэл гэж хэлж болно.
Ийм тангараг өргөнө гэж юу гэсэн үг юм бэ? гэдгийг тайлбарлахын тулд нэг жишээ хэлье л дээ. Хүмүүс надаас асуудаг юм. “Та том том асуудлыг хөндөх юм, уг асуудлын цаана том том бүлэглэлүүдийн том том ашиг сонирхол хөндөгддөг. Тэдгээр бүлэглэл МАН-д ч, АН-д ч хөлтэй юм. Тэд хууль шүүхийн хүмүүсийг гартаа оруулчихсан байх юм. Тэгээд тэд Таны эсрэг хүчээ нэгтгэж дайрах юм. Та өөрийгөө бодож тэдгээр том том бүлэглэлийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг хөндөхөө больвол яасан юм бэ?” гэдэг. Тэгэхээр ингэж асууж, ярьж байгаа хүмүүс намайг ард түмэндээ тангараг өргөсөн хүн гэдгийг сайн ухаарахгүй байна л даа. Ард түмний эрх ашгийн дэргэд ямар ч том бүлэглэлийн эрх ашиг жижиг шүү дээ. Ард түмнийхээ эрх ашгийг сонгох уу, эсхүл бүлэглэлүүдийнхийг сонгох уу гэхээр би ард түмэндээ үнэнч шударгаар зүтгэнэ гэж тангараг өргөсөн хүн учир ард түмнээ сонгоно. Ард түмэндээ үнэнч байсаар, түүний эрх ашгийг хамгаалж байсаар дуусахаас өөр аргагүй.
Германы алдарт социологич, философич эрдэмтэн Макс Вэбэр гэж хүн байсан. Тэр хүн улс төр бол мэргэжил байгаад зогсохгүй амьдралын дуудлага гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр төрийн тэргүүний тангараг өргөсөн хүний хувьд улстөр бол амьдралын дуудлага байдаг гэсэн үг.
-Та тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн хэлсэндээ хүрэхгүй байгаа, эсхүл бүр хэлснийхээ эсрэг ажиллаад байвал тэр хүнд амласныг нь, тангаргийг нь сануулж тийнхүү том том бүлэглэлийн эрх ашгийг хөндсөн том том асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байдалд ордог гэж хэлж болох уу?
-Тэгж ойлгож болно. Ингэснээр би өндөр албан тушаалтнуудад тусалж байна гэж боддог. Ер нь хүн өндөр албан тушаалд очсон хойноо нэгэн вакуумд ордог. Эргэн тойронд нь байгаа хүмүүс өөрт нь таалагдахын тулд алдаа гаргасан байсан ч өөрийг нь магтана, эсхүл өөрсөддөө ашигтай мэдээлэл өгч мэдээллийн төөрөгдөлд оруулна. Хэцүү шүү дээ. Яг ийм үед мэдлэг боловсрол, туршлага их шаардагдана. Тэгэхээр яг дэргэд нь байгаа биш хүмүүсийн хэлсэн үгийг, ялангуяа шүүмжлэлийг нь сонсож байвал их зүгээр. Тэгвэл алдаа бага гаргана. Нийгмээ зөв мэдэрнэ. Өндөр албан тушаалд ажил хийх гэж очсноо санана, тэгснийгээ мартахгүй байна. Ингэснээр өөрөө ч, иргэд ч аль аль нь хожно.
Хэлсэндээ эзэн болбол амлаагүй ажил ч бүтдэг
-Тэгвэл хийж бүтээх тухай ярья. Магадгүй энэ асуултыг олон хүн танаас асуудаг байх. Та Төрийн тэргүүнээс эхлээд өндөр дээд албуудыг алгасалгүй хашсан. Та эрх мэдлийг гартаа атгаж байхдаа юу хийсэн бэ?
-Хийж бүтээх нь их энгийн юмнаас эхэлнэ. Зүгээр л “амласандаа хүрч ажилла” гэж хэлж болно. Тэгэхээр би юуны түрүүн өндөр албан тушаал хашиж байхдаа хэлсэндээ хүрч ажиллахыг хичээж байсан. Амласнаа хэрэгжүүлээд эхлэхээр амлаж зүрхлэхгүй байсан том асуудлууд аяндаа бүтэх боломж бололцоо нээгддэг юм байна лээ. Тухайлбал, хийж бүтээснийхээ заримаас нь тайлбарлая:
-Их өрийн асуудал буюу 11,7 тэрбум ам.долларыг Монголдоо нэн ашигтайгаар шийдвэрлэсэн. 98 хувийг нь хүчингүйд тооцсон. Монголчууд энэ асуудлыг шийдвэрлэхэд биднийг ойлгож гэрээ байгуулсан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, тэр үеийн Ерөнхий сайд Касьянов нарт баярлаж талархаж байх хэрэгтэй гэж боддог.
-“Мянганы зам”-ын төсөл. Монгол шиг өргөн уудам газар нутагтай улс оронд дэд бүтэц, юуны түрүүн замын асуудлыг шийдэхгүйгээр хөгжил дэвшлийн тухай ярих боломжгүй. Тийм учир энэ төслийг эхлүүлсэн. Одоо энэ төсөл амжилттай хэрэгжиж байгаа нь анхнаасаа зөв ажил байсны баталгаа.
-Иргэдэд газар үнэгүй хувьчлах асуудал. Монгол Улсын иргэддээ газар үнэгүй хувьчлана гэдэг олон талын ач холбогдолтой. Ямар ч байсан монгол хүн газартайгаа улс төр, эдийн засгийн бат бэх холбоотой болох нь улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг улам бэхжүүлнэ.
-“Үдийн цай” хөтөлбөр. Анх энэ асуудлыг шийдвэрлэх санаа 2005 онд төрсөн. Чингэлтэй дүүргийн нэгэн сургуулийн ажилтай танилцаж байхад тэр сургуулийн захирал эмэгтэй: “зарим ядуу айлын хүүхэд өглөө цайгаа уухгүй ирээд өлсөж цангаснаасаа болоод хичээлдээ шамдаж чадахгүй байна, тэр ч байтугай зарим нь ухаан алдан унаж байна” гэж хэлснийг сонсоод “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв юм байна гэж үзсэн. Тэгээд энэ талаар албаны хүмүүстэй зөвлөж байгаад хэрэгжүүлж эхэлсэн. Одоо энэ хөтөлбөрийн ачаар хамгийн багаар бодоход 300 мянган хүүхэд хичээлдээ өлсөж цангахгүй шамдаж байна шүү дээ.
-Монголын цэргийн бие бүрэлдэхүүнийг Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах болсон. Амаргүй нөхцөлд гарсан шийдвэр. Гэхдээ манай цэргийнхний хувьд нэр төртэй биелүүлж байгаа үүрэг. Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд эерэгээр гаргаж байгаа чухал ажил.
-“Мянганы сорилтын сан”-гаас 300 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж авч Монголынхоо жижиг, дунд бизнесийг дэмжих ажил. АНУ-ын Ерөнхийлөгч Буш Монголд айлчилсан, дараа нь би Вашингтонд хариу айлчлал хийхдээ “Мянганы сорилтын сан”-гийн гэрээнд гарын үсэг зурж хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Сайн ажил эхлүүлсэндээ баяртай байдаг. Энэ ажил одоо ч үргэлжилж саяхан Монгол Улс АНУ-аас дахин 300 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болсныг сонсоод баярласан. Монголчууд Ерөнхиийлөгч Бушд талархаж байх хэрэгтэй гэж боддог. Хүү Бушд гээд тодотгочихъё.
-Олон хүүхэдтэй малчин өрхийн нэг хүүхдийн дээд сургуулийн зардлыг төр, засгаас бүрэн даан хариуцах ажил. Хөдөө ажлаар явж ард иргэдтэйгээ уулзаж байхад малчдын нуруун дээр ирдэг томоохон ачааны нэг нь хүүхдүүдээ дээд сургуульд сургах асуудал байдаг. Ялангуяа олон хүүхэдтэй айлд дааж давшгүй хүнд ачаа болдог. Тэгэхээр олон хүүхэдтэй иргэдээ, өрхөө дэмжье, тэгээд ч монгол залуус ямар айлд төрснөөс үл шалтгаалан бүгдээрээ дээд сургуульд сурах бололцоотой байх ёстой гэж үзэж энэ ажлыг хийж байсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улсын их, дээд сургуульд залуусыг үнэгүй сургана гэсэн зорилго дэвшүүлж байсан. Тэгэхээр энэ бол өнөөдөр хүртэл зөв шийдлээ олж чадаагүй, олон айл өрхийг ядуу зүдүү байдлаас гарахад нь саад бэрхшээл болж байгаа юм. Ер нь Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжил дэвшил, тусгаар тогтнолтой ч холбоотой юм.
-100 мянган малчин өрхийг цахилгаан, гэрлийн эх үүсвэрээр хангах “Нарны гэрэл” ажил. XXI зуун гарчихаад байхад монголчууд эрчим хүчний найдвартай эх үүсвэргүй, харанхуй орчинд амьдарч байсан шүү дээ. Энэ байдлыг засахын тулд хийсэн хэд хэдэн том ажлын нэг нь. Энэ ажил хэрэгжсэнээс хойш одоо малчид ч, хувийн компаниуд ч эрчим хүчний, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохын тулд идэвхтэй хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай.
-“Эрчим хүчний нэгдсэн тогтолцоо хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж сум бүрийг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох ажил. Нээрээн XXI зуун гарчихаад байхад Монгол Улсын олон сум, тосгон эрчим хүчний найдвартай эх үүсвэргүй байсан нь тухайн сум, тосгонд амьдарч байсан хүмүүст тэгш сайхан амьдрахад ихээхэн саад бэрхшээл болж байсан. Тийм учир ийм хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлснээр одоо эрчим хүчинд холбогдоогүй сум бараг байхгүй болсон байхаа. Бас л тухайн үед хэрэгжүүлж эхлэхэд зарим нь хэрэгжих боломжгүй гэж хэлж байсан. Тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа боломжтой нь батлагдсан даа.
-Таван тэрбум тонн коксжих нүүрсийн нөөцтэй “Таван толгойн орд”-ыг төрд буцаан авах санал. Тухайн үед байгалийн баялгийг цөөн хүний гарт төвлөрүүлбэл нийгэмд баян ба ядуугийн хоорондын ялгаа хөлгүй ангал мэт гүнзгийрэх, шударга ёс алдагдах чиг хандлагатай болох нь тодорхой болсон учир, тэгээд ч улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Таван толгой мэтийн томоохон ордуудыг Үндсэн хуулинд нийцүүлэн төрийн мэдэлд авах нь зүйтэй гэж үзэж энэ чиглэлээр ажилласан. Тодорхой цаг хугацаа шаардагдсан. Энэ талаархи миний санал зарим хүний дургүйг ч хүргэсэн. Гэхдээ ард түмний эрх ашиг ба хүчтэй бүлэглэлийн эрх ашиг хоёрыг дэнсэлж үзвэл ард түмний эрх ашиг нь жин дарах нь ойлгомжтой. Тэгээд ч би өөрөө ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн тул энэ ажлыг хийсэн. Одоо ингэсний ачаар Таван толгойн ордыг түшиглэн байгуулсан төрийн өмчийн уул уурхайн компани Монгол Улсын төсвийг бүрдүүлэх ажилд Эрдэнэтээс илүү гэхээс биш дутуугүй хувь нэмэр оруулж байна.
-“Үндэсний хөгжлийн цогц бодлого” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх ажил. Ер нь Монгол Улс 90 оноос хойш хөгжлийн урт хугацааны бодлогогүй явж ирсний уршгаар тогтвортой хөгжлийн асуудал орхигдсон байсан. Энэ байдлыг засахын тулд 2006-2020 он хүртэл буюу 15 жилийн урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах ажлыг санаачилсан. Дорж академичийн тэргүүлсэн баг түрүүлж, тэр багийн болон бусад саналуудыг нэгтгэн урт хугацааны хөгжлийн бодлогын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьснаар УИХ хэлэлцэн баталсан түүхтэй. Тэр бодлогыг “3-ан 15-ын бодлого” гэж тодорхойлж байсан. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг 15 жилийн турш жил бүр 15 хувиас доошгүй хурдтай хөгжвөл 2020 он гэхэд манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд 15 мянган ам.доллар ногдох хэмжээнд хүрнэ, Монгол Улс хоцрогдсон улс орны жагсаалтаас гарч дэлхийн дундаж орнуудын эгнээнд орно гэж төлөвлөж байсан юм. Харамсалтай нь энэ бодлогыг тууштай хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлсэн бол өнөөдөр Монгол Улс арай өөр, илүү хөгжилтэй улс орон болох байсан.
Энэ мэтээр хийсэн бүтээснээ ярьвал багагүй юм бий. Энд би бүгдийг нь ч ярьсангүй. Хүмүүсийн надтай уулзахдаа “та ийм ийм ажил хийсэн учир таныг дэмждэг шүү” гэж ярьдагаас хэдийг нь сонгож тайлбарлах гэж хичээлээ.
Сонирхолтой нь эдгээр томоохон асуудлын ихэнхийг нь хэрэгжүүлнэ гэж амлаагүй. Тухайн үед хэрэгжүүлнэ гэж амлахад сэтгэлд багтахгүй байсан гэх үү дээ. Хүмүүс ч итгэхгүй байх байсан биз. Гэвч түрүүн би хэлсэн, хэлсэндээ эзэн болж амласнаа хэрэгжүүлбэл амлаагүй асуудлуудыг хүртэл шийдвэрлэх нөхцөл бүрддэг юм байналээ гэж. Нөгөө талаар энэ их үйл хэргийг би ганцаараа хийсэн юм биш. Тэр үед хамт ажиллаж байсан багийнхантайгаа хийж амжуулсан. Эдгээр том том асуудал хэрэгжсэнд би гэхээсээ илүү нийт иргэд, ялангуяа эдгээр нь шийдвэрлэхэд ямар хэцүү асуудлууд байсан бэ? гэдгийг сайн мэдэх хүмүүст баярладаг. Тухайлбал, Оросын Их өрийн асуудлыг шийдвэрлэснээр бид жинхэнэ утгаараа ямар ч байсан нэг хэсэг хугацаанд эдийн засгийн тусгаар тогтнолоо сэргээж чадсан юм. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийт өрийн хэмжээ 28 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нэг хүнд оногдохоор нь бодвол 25 сая орчим төгрөг болж байх юм. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрсэн ноцтой байдал бий болсны илэрхийлэл, түгшүүрийн дохио. Ядахдаа энэ их хэмжээний зээлийг аваад бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнүүлж хийсэн бол бас яая гэхэв. Гэтэл хүмүүс: “яг нүдэнд үзэгдэж, гарт баригдсан ажил байхгүй байна” гэж шүүмжилж байна.
Гэхдээ нэг чухал юмыг ойлгох хэрэгтэй. Хэний ч хувьд хийснээс хийх нь илүү байдаг. Тийм учир хийснээ гол нь биш хийхээ ярих нь илүү чухал.
Иргэд ирээдүйд итгэхээ больчихож
-Тэгвэл хийхийн тухай ярихын тулд нэг юм асууя. Сүүлийн 5-10 жилийн байдлыг харахад Монгол Улс хөгжсөн үү, эсвэл улам доройтсон уу?
-Ний нуугүй хэлэхэд доройтсон гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй байх. Энэ дүгнэлтийг би ч хэлээд байгаа юм биш. Ард түмэн тийм дүгнэлттэй байгаа нь судалгааны байгууллагууд санал асуулга явуулахад тайлангаас нь тодорхой харагдаж байгаа.
Хамгийн энгийнээр хэлэхэд улс орон ч, ард иргэд ч өр зээлийн дааж давшгүй их хэмжээний дарамтанд орчихлоо. Ямар сайндаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН нэр дэвшигчтэйгээ хамт иргэдийн өрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж амлахад нь сонгогчид тэр аяараа ханараад амалсанд нь саналаа өгч байхав дээ.
Миний хувьд улс орны байдал доройтсоныг олон тоо баримтаар тогтоон хэлж болох ч яг тоогоор илэрхийлэх боломжгүй нэгэн чухал үзүүлэлтээр ингэж дүгнэж байгаа юм. Энэ дүгнэлт улстөр-философийн, сэтгэл санааны гэж хэлж болно. Юу вэ? гэхээр хүмүүс маань ирээдүйдээ итгэх итгэл нь их алдагдсан байна. Ард түмэн итгэлгүй болохоос илүү аюултай юм гэж байхгүй. Энэ нь хамгийн наад зах нь бараг бүгдээрээ, ялангуяа залуучууд маань Монголдоо биш гадаадад гарч сурах, амьдрахыг хүсэн тэмүүлж байгаагаас тодорхой байна. Саяхан би Хэнтий аймгийн төвийн VI дугаар багийн иргэдтэй уулзахад дөрвөн хүүхдийн эх Туяа гэдэг эмэгтэй: “Хүүхдүүдийнхээ нэгийг нь ч гэсэн гадаадаад гаргана” гэж бодож байгаа” хэмээн хэлж байна лээ. “Яагаад?” гэж асуухад товчилбол: “Монголд сургууль байхгүй, ажил байхгүй, орлого байхгүй, ирээдүй байхгүй” гэж хариулсан. Тийм учир ард түмнийхээ итгэлийг сэргээхийн тулд нэгд, хэлсэндээ хүрч ажиллах хэрэгтэй. Хоёрт, Монгол Улсад иргэн бүрт хүнд хэцүү асуудлаа шийдвэрлэх гарц гаргаж өгөх хэрэгтэй. Тэгвэл энэ доройтлыг зогсоож болно.
-Та ч бас танай нам шинэ гарцын тухай их ярьдаг. Та танай намынхны боловсруулсан шинэ Дээд хуулийг хөгжлийн гарц мөн гэж ярьдаг. Гэтэл МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шуурхайлж эхэллээ. Дангаараа эрх барьж байгаа нам танай намын Дээд хуулийн төслийг анхаарч хэлэлцэх болов уу?
-Ер нь манай өнөөгийн төр, засгийн тогтолцооны нэгэн онцлог гэх үү, эсхүл дутагдал гэх үү нэг юм ажиглагддаг. Эрх баригчид бусдынхаа, тэр тусмаа ард түмнийхээ дуу хоолойг сонсохоо больчихсон гаж тогтолцоотой байгаа. Тэглээ ч тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ийм дүлий төр, засгийн тогтолцоо байна шүү дээ. Төр засагт ажиллаж байгаа хүмүүс нь чихтэй, сонсголтой байж болно. Гэхдээ гаж тогтолцоо нь тэднийг дүлий, сохор, тархигүй болгочихдог. Боб Дилан гэж Америкийн алдарт дуучин, зохиолч байдаг. Уран бүтээлээрээ Нобелийн шагнал авсан. Тэр хүн “Хүчит салхи хариуг хэлнэ, найз минь” гэсэн алдарт дуу зохиосон. Тэнд ийм үг, утга санаа байдаг. “Хүний зовж зүдэрч байгааг олж харахын тулд хэдэн нүд хэрэгтэй юм бэ? Хүмүүс зовж зүдэрч байгаа дуу хоолойг нь сонсохын тулд хэдэн чих хэрэгтэй юм бэ?” гэж. Ийм байдалд ард иргэдийн итгэл алдагддаг. Улс орноосоо дайжин явахын хүслэн болдог. Гэтэл төрийн албан тушаалтнууд: “та бүхэн эх орондоо сайхан амьдрах хэрэгтэй. Бид амласнаа хэрэгжүүлж та бүхэн, үр хүүхэд чинь Монголдоо сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлье” гэж хэлэх, хэлэх битгий хэл бүр гуйхын оронд, хэлснээ хэрэгжүүлж ард иргэд маань улс орондоро сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд нойр хоолгүй ажиллахын оронд амрыг нь бодоод эсрэгээр нь буюу “Солонгост 1000 хүн, Японд 1000 хүн явуулна” гэж амладаг. Ингэснээр ард түмний итгэл улам сулардаг. Тэд: “Нээрээн Монголд амьдрахын аргагүй юм байна. Дарга нар хүртэл биднийг явуулахыг амалж байгаа юм чинь энд байгаад утгагүй юм байна” гэж дүгнэж байна шүү дээ. Уг нь жинхэнэ ардчилсан улс оронд ард иргэдээ гадаадад гаргахыг амлаж байгаа улс төрч сонгуульд ялдаггүй. Харин манайд болохоор сонгогдоод байдаг. Шударгаар биш. Хар машинаар, 60 тэрбумаар, мөнгө тарааж, архидуулж, худлаа амлаж, хууль шүүхийн байгууллагыг ашиглаж сонгогддог.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд бол харамсалтай нь МАН-ынхан өнөөгийн гаж тогтолцооны учир начирыг сайн олж хараагүй, ойлгохгүй байх шиг байна. Эсхүл энэ гаж тогтолцоо ард түмэнд ашиггүй ч тэдэнд ашигтай байгаа учир гаж тогтолцоог засахын оронд гаж тогтолцоог улам бэхжүүлэх гээд зүтгээд байх юм. Тэдний санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөгийн гаж тогтолцоог улам бэхжүүлнэ, ард иргэдийн амьдралыг улам дордуулна. Энэ тухай МАН-ын хуучин, шинэ удирдлагад аль алинд нь хэлсэн. Шинэ Дээд хуулийнхаа төслийг гардуулж өгсөн. Хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Гаж тогтолцоог засч Монгол хүнд, монголын ард түмэнд үйлчилдэг шударга тогтолцоотой болохын төлөө санаа бодлоо солилцьё гэсэн. Наанаа сонссон царай гаргасан ч үнэн хэрэгтээ сонсоогүй юм шиг байна
Тухайлбал, байгалийн баялгийг ард түмний өмч гэж шийдвэрлээгүй цагт баян ядуугийн хоорондын ялгаан дээр тогтсон нийгмийн шударга бус харилцаа хэзээ ч засрахгүй. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчилбөл юуны түрүүн байгалийн баялгаа ард түмэндээ өгөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэе гэхэд өнөөгийн УИХ-д уул уурхайн ордуудын ил, далд эзэд, тэднээс санхүүждэг хүн олон байгаа учир тэд энэ асуудлыг шийдэх сонирхолгүй байна. Шүүхийн тогтолцоог өөрчилж, шүүгч нарыг дарга нар өөрсдөө томилж эргээд өөрсдийгөө хамгаалуулдаг, өрсөлдөгчдөө хэлмэгдүүлдэгийг болиулъя. Эс тэгвээс шударга ёс тогтохгүй нь гэхэд өнгөн дээрээ өөрчлөх гэж байгаа мэт боловч бараг хэвээр нь үлдээж байх жишээтэй.
Нөгөө талаар хичнээн олон суудалтай ч, тэр тусмаа 60 тэрбумын луйвраар сонгогдсон, 40 орчим гишүүн нь ЖДҮ, Эрдэнэтийн 51, 49 хувийн луйвар булхайн асуудлууд, хүчингийн хэрэг, авлига хээл хахууль зэрэг ноцтой асуудалтай холбоотой байж болзошгүй гэж тооцогдож байгаа хүмүүс, нэг нам дангаараа Үндсэн хуульд халдаж болохгүй гэдэг нь ардчилсан оронд зайлшгүй баримтлах ёстой чухал зарчим байдаг. Гуравт, өнөөгийн гаж тогтолцоог өөрчлөх талаар тодорхой санал бүхий Үндсэн хуулийн хэд хэдэн шинэ төсөл бий. МАН-ынхан тэр төслүүдтэй огт танилцаагүй. Дөрөвт, Үндсэн хуулийг өөрчилбөл гагцхүү ард түмнээр хэлэлцүүлж байж өөрчлөх хэрэгтэй. Гэтэл хэлэлцүүлсэн мэтээр ярьж байгаа нь үнэн хэрэгтээ Үндсэн хуулинд халдаж, эрх мэдлийг өөрсөддөө ашигтайгаар хуваарилах гэж байгаа болчимгүй үйлдэл мөн. Ийм луйвар булхайг одоогийн УИХ-аар хийлгэж болохгүй. Уг нь МАН-д Үндсэн хуулийг ингэж өөрчилж болохгүй гэдгийг ойлгож байгаа гишүүд байгаа. Гэхдээ тэд янз янзын асуудлаар барьцаалагдчихаад амаа үдүүлсэн байдалтай байна.
Одоо Ерөнхийлөгч болоод улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнийхөн, хэвлэл мэдээллийнхэн, нийт ард иргэд бүгд дуугарч МАН-ынханы дангаараа хийх гэж завдаж буй энэхүү луйвар булхайг таслан зогсоох хэрэгтэй.
Шинэ Дээд хууль Монголыг аварна, монгол хүнийг хамгаална
-Шинэ дээд хуулийн төслийг уншиж үзвэл их сонин заалтууд байна лээ. Үндсэн хуулийн цэц, прокурорын байгууллага шаардлагагүй гэж тусгасан байсан. Мөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг төлбөргүй болгоно, залуу гэр бүлд үнэгүй орон сууц өгнө гээд. Энэ бүхэн сонгуулийн амлалт болоод өнгөрөх биш бодитоор хэрэгжих боломж, гаргалгаа нь юу юм бэ?
-Шинэ Дээд хуульд “Монгол хүн төр, засгийн хамгаалалтад байна” гэсэн чухал зарчим орсон байгаа. Энэ зарчмыг тайлбарлахын тулд нэгэн бодит түүхийг ярья. Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд арабууд шонхор шувуу барихаар очдог. Тэнд бүр байшин барилга бариад өндөр хашаагаар хүрээлүүлсэн төв байгуулчихсан байгаа. Тэд шонхор шувууны хойноос хөөцөлдөж явахдаа тэр нутагт байсан хун шувууг буудсан байгаа юм. Нутгийн иргэд тэгсэнд нь дургүйцэж тэднийг Жаргалтхаанаас явахыг шаардсан байна. Нэг залуу нутгийн иргэдээ толгойлж ийм шаардлага тавьжээ. Эхлээд арабууд тэдэнтэй уулзахдаа: танай хуулийг судалж байгаад эргээд уулзая гэж хэлсэн байна. Тэгээд дахин уулзахад нэлээн дээрэлхүү байдлаар харьцсан байгаа юм. Тэд: бид танай Үндсэн хуулийг уншиж судалсан. Тэнд Монголын төр засаг хүнээ хамгаална гэж байхгүй байналээ, харин мал сүргийг хамгаална гэсэн байна. Тэгэхээр энэ хэл амтай залууг мөнгөөр худалдаж авъя. Хэдэн долларын үнэтэй юм бэ? гэжээ. Хүмүүс гайхаад энэ залууг худалдаж авч яах гэж байгаа юм бэ? гэхэд хариуд нь: буудна гэж хэлсэн байгаа юм. Монголчууд ингэж гадныханд дээрэлхүүлж байх юм. Ямар сайндаа монголын залуус гадаадад гарахын түүс болсон байх вэ дээ. Тэгэхээр МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлдөө ядаж “Төр засаг Монгол хүнийг хамгаална” гэсэн чухал зүйлийг оруулаагүй, энэ тухай бодоо ч үгүй байна. Тэгэхээр “Төр засаг Монгол хүнийг хамгаална” гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? гэж асуух байх. Монголчууд дэндүү цөөхөн. Тийм учир хамгийн үнэ цэнэтэй байх ёстой нь Монгол хүн. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд түүнийг улсын дээд сургуульд үнэгүй сургаж, тодорхой мэргэжилтэй болгох ёстой. Дээр нь Монгол хүн өвдвөл улсын эмнэлэгт үнэгүй үзүүлнэ. Зарим хүн ийм санааг сонсчихоод зах зээлийн эдийг засагт үнэгүй дээд боловсрол, үнэгүй эмнэлэг байх уу? гэж асуудаг юм. Байхаар барах уу, зах зээлийн эдийн засгийн эх орон гэгддэг Англид эмнэлэг үнэгүй, хөгжлөөрөө дэлхийд эхний дөрөвт ордог Германд дээд боловсрол үнэгүй, манайх шиг байгалийн баялагтай Норвегид дээд боловсрол, эмнэлэг аль аль нь үнэгүй, байгалийн баялаггүй шахуу Швед, Дани, Финляндад мөн үнэгүй шүү дээ. Монгол хүнийг төр засаг ингэж хамгаалж, мэдлэг боловсрол, мэргэжилтэй, эрүүл саруул болгож байж Хятад, Орос, Солонгос, Япончуудтай оюун ухаанаараа өрсөлдөнө. Монголын хувьд хөршүүдтэйгээ тоогоор өрсөлдөөд амжилтанд хүрэхгүй нь ойлгомжтой учир оюун ухаанаараа өрсөлдөхөөс өөр ямар ч арга байхгүй. Үнэгүй дээд боловсрол, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ бол амьдралын шаардлага, Монголчууд орших эс оршихын тухай асуудал юм. Харамсалтай нь МАН-ынхан энэ тухай бодох ч үгүй байна. Тэд хэн хэдэн жил ажиллах вэ? гэх зэрэг өөрсдийнхөө эрх мэдлийг бэхжүүлэх, хугацааг уртасгах, өрсөлдөгчдийнхөө эрх мэдэл, хугацааг богиносгох зэрэг ард түмэнд огт хэрэггүй юмаар хөөцөлдөж байна. “Төр засаг Монгол хүнийг хамгаална” гэдэг нь Хүний эрхийн байгууллагыг ард түмэн өөрөө сонголтоороо байгуулдаг, энэ байгууллага одооныхтой адилхан байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байдаг биш байна. Байсан шиг байна гэсэн үг. Ер нь явж явж байгууллагуудаас хамгийн хүчтэй нь Хүний эрхийн байгууллага байх ёстой. Эс тэгвээс шоронд төр засгийн байгууллага, албан тушаалтнуудын шууд болон шууд бус оролцоотойгоор Монгол хүнийг эрүүдэн шүүж байхад одоогийн Хүний эрхийн байгууллага: “Бидэнд энэ бүхнийг мэдэх, мэдээлэх, таслан зогсоох ямар ч эрх мэдэл байхгүй” гэсэн ядуухан тайлбартай сууж байна шүү дээ.
Монгол Улс Солонгостой адилхан дэлхийн хөгжилтэй 20 орны тоонд орж болно
-Жаргалын найман хот, “Мянганы төмөр зам”, “Тэг түрээсийн орон сууц”-ыг хэрэгжүүлэх эдийн засгийн боломж бий гэж үү?
-Эдгээр зорилт бол Монгол Улс хоцрогдсон орны жагсаалтаас гарч, дундаж орны эгнээнд орох, яваандаа хөгжилтэй улс орон болъё гэж бодож байгаа бол зайлшгүй хийх ёстой ажлуудын зөвхөн нэг хэсэг нь. Зарим хүн: бид ингэж чадах болов уу? гэж эргэлздэг. Манайд газар нутгийн хувьд ойрхон байдаг Солонгосууд, Хятадуудыг харахад чадна гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа байгалийн баялаггүй шахуу Солонгос хөгжөөд дэлхийд хөгжлөөрөө эхний 20 улсын тоонд орсон байна шүү дээ. Тэгэхээр бид тэднээс үлгэр авах хэрэгтэй. Тусгаар тогтносон улс орон, өөрийн хэл соёлтой ард түмэн хэвээр үлдэе, эх орондоо сайхан амьдаръя гэж байгаа бол ингэж чадахаас ч өөр арга байхгүй. “Жаргалын найман хот” бол нийслэл Улаанбаатар хотоос гадна Чойбалсан хот, Өндөрхаан (Чингис) хот, Эрдэнэт хот, Дархан хот, Хархорин хот, Улиастай хот, Ховд хот, Чойр хотыг загвараар хөгжүүлэх бодлого. Эдгээр хотод хамгийн энгийнээр хэлэхэд тус бүр 200 мянган хүн орон сууцанд тав тухтай оршин сууна, тэнд улсын их, дээд сургууль, улсын томоохон эмнэлгүүдийг нүүлгэн шилжүүлнэ, хот болгон тухайн бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийн бүстэй, тэр хотыг хүнсээр хангадаг хөдөө аж ахуйн бүстэй байна гэсэн үг. “Мянганы төмөр зам” бол эдгээр “Жаргалын найман хот”-ыг хооронд нь холбосон хурдан галт тэрэгний цахилгаанжсан төмөр зам гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүс нутаг бүрт хөгжил очно гэж ойлгож болно. Алслагдсан нэртэйгээр орхигдсон, хаягдсан аймаг байхгүй болно. “Тэг түрээсийн байр” гэсэн хөтөлбөрийн тухайд. Айл өрхөд орон сууц хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тэд орон сууцтай болъё гэж бодоод худалдаж авах тэнхээтэй юу? Үгүй. Тэгэхээр улс орон сууц бариад тэнд айл өрхөө тэг түрээсийн зарчмаар оруулах нь хамгийн зөв шийдэл болно. Орон сууцны байранд орсон айл өрх урсгал зардлаа хариуцан төлнө гэсэн үг. Шийдэх боломжгүй хүнд асуудал гэж байдаггүй. Шийдэх гэж зорих хэрэгтэй. Харин шийдэх боломжгүй гээд байх юм бол асуудал болгон мухардалд орно. Бидэнд, Монголчуудад шинэ гарц байна. Итгэж зүтгэх шаардлагатай байна. Тэгэхийн тулд Үндсэн хуулийг өөрчилж шинэ Дээд хуулийг ард түмнээр хэлэлцүүлж эдгээр зохицуулалтыг оруулах эсэхийг шийдвэрлүүлж батлах хэрэгтэй байна. Улстөр бол боломжгүйг болгохын төлөө зүтгэдэг амьдралын дуудлага юм.
Өнөөгийн УИХ тарж сонгууль хийх нь хамгийн хохирол багатай гарц
-Энэ удаагийн парламент сонгуульт хугацааныхаа талаас илүүг авчихлаа. Гэтэл ард түмний дунд нэр хүнд нь шалдаа уначихлаа.
- “Мордохын хазгай” гэгчээр энэ парламент 60 тэрбумын луйвраар сонгогдсон гэдэг нэртэй л үлдэнэ. Жинхэнэ ардчилсан улс оронд төр, засгийн байгууллага, өндөр албан тушаалтан үйл ажиллагаа явуулахдаа иргэд сонгогчдын итгэл дээр тогтдог легитимит шинж чанартай байх суурь шаардлагыг заавал харгалздаг. Тэгэхээр манай өнөөгийн УИХ легитимит шинж чанаргүй. Ийм УИХ байх тусмаа нэр хүнд нь унана, нийгмийн тогтворгүй байдал өргөжин гүнзгийрнэ, ард түмний төр, засагт итгэх итгэл алдагдана. Өөр улс оронд ийм нөхцөлд ард түмнийхээ итгэлийг сэргээж легитимит шинж чанартай болохын тулд сонгууль зарладаг. Манайд үүнийг мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй учир УИХ тарахыг тогтворгүй байдал бий болно гэж худлаа яриад байгаа юм. Харин эсрэгээр ийм легитимит чанаргүй УИХ байснаар нийгмийн, сонгогчдын сэтгэл санааны тогтворгүй байдал өргөжин гүнзгийрнэ. Тэгэхээр энэ байдлаас хурдан гарах нь хамгийн зөв болно. Тэгэхийн тулд УИХ-ын сонгуулийг яаралтай явуулах хэрэгтэй. Тэр тусмаа УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Парламентын засаглалыг дэмждэг гэж ярьдаг. Парламентын засаглалтай улс оронд парламент легитимит шинж чанараа алдвал, энэ нь ард түмнийхээ итгэх итгэлийг алдвал гэсэн үг л дээ, заавал дөрвөн жил хүлээнэ гэлгүй сонгууль явуулдаг. Япон, Англи, Энэтхэг гээд парламентын засаглалтай улс оронд ийм аргаар л легитимит шинж чанарыг сэргээдэг. Манайх үнэхээр парламентын засаглалтай юм бол ингэх хэрэгтэй. Сонгууль явуулахад их мөнгө зарагдана гэж тайлбарладаг. Тэгвэл эсрэг талдаа улсын, үнэн хэрэгтээ ард түмний мөнгийг тэрбум тэрбумаар хулгайлаад УИХ-д “халдашгүй дархан” байдалтай хариуцлагаас зугтан суух нь хамаагүй илүү зардалтай. Хулгайг таслан зогсоохын тулд зохих зардал гарна, гэхдээ энэ зардал хулгайгаас хамаагүй бага байх нь тодорхой шүү дээ. Ингээд аль ч талаас нь бодоход легитимит шинж чанаргүй УИХ удаан байх нь монголын нийт ард түмэнд цаашлаад улс оронд маш хохиролтой байна даа.
Сонгогч бүрийн санал тооцогдсон тогтолцоо гэж бий
-2020 оны сонгуульд улсаараа нэг тойрог байх хувилбарыг Ажлын хэсгийнхэн танилцууллаа. Энэ нь хэр зохимжтой гэж Та бодож байна вэ?
-Энэ бол сайн ч, муу ч талтай хувилбар. Хамгийн гол нь сонгуулийн хамгийн сайн тогтолцоо гэж ямар тогтолцоог хэлдэг вэ? гэхээр нэг ч гэсэн сонгогчийн санал гээгддэггүй тэр системийг хэлдэг. Тэгвэл энэ утгаараа өнөөгийн тогтолцоо бол маш муу тогтолцоо. Нийт сонгогчдын 50 хувийнх нь санал гээгдсэн тогтолцоо. МАН-ынхан нийт сонгогчдын ердөө 28 хувийн санал авчихаад УИХ-ын 86 хувийн суудал авсан. Гэтэл МАН-д болон МАН-ын нэр дэвшигчдэд саналаа өгөөгүй сонгогчийн санал “хогийн тантан”-д хаягдсан. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд бусад улс оронд сонгогчийн санал парламентын суудал хуваарилалтад тусч байх сонгуулийн тогтолцоог тогтоодог. Манайд тийм улс төрийн соёл, мэдлэг боловсрол илэрхий дутагдаж байна. 2016 онд сонгууль эхэлчихсэн байхад МАН ба АН-ынхан Үндсэн хуулийн Цэцийнхэнтэй хуйвалдаж байгаад өнөөгийн тогтолцоог бий болгосон. Сонгууль эхэлчихсэн байхад сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь өөрөө шударга бус учир олон улсад ингэхийг хорьсон байдаг. Манайх дүр эсгэсэн ардчилалтай орон болсны нэгэн нотолгоо сонгуулийн тогтолцоог зөвхөн МАН ба АН-д ашигтай гаргадгаар илэрдэг. Үнэхээр сонгуулийн шударга тогтолцоо тогтооё гэж байгаа бол, сонгууль болгоноор өөрчилдөггүй, сонгогч болгоны саналыг харгалзая гэж байгаа бол МАН ба АН-аас өөр улс төрийн хүчнүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Одоогоор тийм санал санаачилга МАН-аас гараагүй байна.
УИХ-ын өнөөгийн байж байгаа үнэн нүүр царай
-Та Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Сонгууль болохгүй янзтай. Ер нь МАХН 2020 оны сонгуульд хэрхэн оролцохоор төлөвлөж байна вэ?
-Хэнтий аймгийн 42 дүгээр тойрогт амьдарч байгаа иргэдийн сонгох эрх, төр засгийн үйл хэрэгт өөрсдөө болон төлөөллийн хүнээрээ дамжуулан оролцох эрхийг нь зөрчсөн, хууль бус ажиллагааг МАН ба АН-ынхан наагуураа хэрэлдэж байгаа мэт царайлаад үнэн хэрэгтээ цаагуураа үгсэн хуйвалдаж, өөрсдийн томилсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүдэд даалгавар өгч хийж байна. Нөгөө МАН ба АН-ынхан сурснаараа монгол хүнийг, сонгогчийг үнэ цэнэгүй болгож байгаа бусармаг ажиллагаа. Манай намын хувьд Хэнтийн сонгогчдоос УИХ-д өөрсдийг нь хэн төлөөлж чадна гэж үзэж байна, хэн нэр дэвшвэл эрх ашгийг нь илүү хамгаална гэж бодож байна вэ? гэж асуусан. Тэдний олонхи нь миний нэрийг хэлсэн юм байна лээ. Тэгээд МАХН-аас сонгогчдын захиалгаар миний нэрийг дэвшүүлсэн. Тэгтэл ҮХЦ Үндсэн хуулийн гол зарчмыг зөрчиж, ардчилсан орны гол шинж чанар болох ард түмний сонгох эрхийг үл тоомсорлож “нөхөн сонгуулийн мөнгийг гаргахдаа эх үүсвэрийг нь буруу заасан байна” гэх зэрэг Үндсэн хуульд ямар ч хамаагүй үндэслэлээр шийдвэр гаргаж нөхөн сонгуулийг болох болохгүй нь мэдэгдэхгүй байдалд орууллаа. Ингэж Хэнтийн 42 дүгээр тойргийн сонгогчдын төрийн хэрэгт оролцох эрхийг хоёр жил орчим хугацаанд хөсөрдүүлж байна. Легитимит шинж чанаргүй Парламентын байж байгаа үнэн нүүр царай энэ л дээ. Тэд ард түмнээсээ айна, ард түмнээ хуурна, басамжилна. Манай намын хувьд бид өөрсдөө сонгогдох гэхээсээ илүү Хэнтийн сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэхийг шаардаж байгаа. Цаашид ч тэднийхээ эрх ашгийг хамгаална. МАН ба АН-ынхан 2020, 2021 оны сонгуулиас айгаад МАХН-ыг элдвээр хавчиж байгаагийн нэг илрэл бол энэ л дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.6.12 ЛХАГВА №119 (6086)