Д.ЧИМЭГ
Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг “Улаанбаатар зочид буудал”-ын Өргөө танхимд болсон. Энэ үеэр “Төрийн бус байгууллагын консерциум”-ын гишүүн Х.Номингэрэл “Ашгийн төлөө бус этгээдийн хуулийн тухай ойлголт” сэдвээр танилцуулга хийлээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хаанаас зохион байгуулж байгаа вэ?
-Төрийн бус байгууллагын консерциумын зүгээс зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт төслийг боловсруулахад оролцсон хүмүүс болон ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг оролцож байна. Түүнчлэн төслийн үр нөлөөний үнэлгээг хараат бус судалгааны хүрээлэн хийсэн. Тэд судалгааны дүнгээ танилцуулж байна. Мөн төрийн бус байгууллагуудын зүгээс өөрсдийн байр суурийг илэрхийлэн илтгэл тавьж байна. Энэ үеэр уг хуультай холбоотой дөрвөн цуврал хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийн төгсгөлд хуульд тусгах санал, санаачлагыг хуулийн төслийг санаачлагч болон хуулийн ажлын хэсгийнхэнд хүргэхээр зорин ажиллаж байна.
-Хуулийн төслийн шинэчилсэн найруулга өмнөх хуулиас юугаараа онцлог вэ?
-Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль нь 1997 онд батлагдсан төрийн бус байгууллагын тухай хуулийг дахин шинэчлэн найруулж байгаа юм. Тухайн хуулийг шинэчлэхээр хэд хэдэн удаа төсөл оруулж байсан. Ингэхдээ тухай бүртээ өөр, өөр асуудлыг шийдвэрлэх зорилготой хийгдэж байсан юм билээ.
-Энэ удаагийн өөрчлөлтийг оруулах болсон гол шалтгаан юу вэ?
-Төрийн бус байгууллага гэдэг ойлголт нь сүүлийн жилүүдэд ойлгомжгүй болж хувирсан. Учир нь төрийн бус байгууллага гэдэг нэрээр хуулийн этгээдийн газарт бүртгүүлэн тодорхой чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулах байтал зорилго нь хазайж эхэлсэн. Тухайлбал, ашгийн бус хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллага гэдэг нь үйл ажиллагааны чиглэл байтал төрийн бус байгууллагатай дүйцэхүйц статустай, тусдаа байгууллага мэтээр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэсэн алдаанаас болж зарим үл ойлгогдох байдал үүссэн гэж болно.
-Нийгэмд буй нийтлэг ойлголт нь төрийн бус байгууллага гэдэг бол ашгийн төлөө бус ажилладаг байх учиртай. Гэтэл энэ хүрээнд ашгийн төлөө ажиллаж аж ахуйн нэгжийн татвараас зайлсхийх боломж бүрдсэн тухай ч ярьдаг шүү дээ?
-Хамгийн гол нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүйн тулд төрийн бус байгууллагын бүртгэл ашигладаг явдал байгааг хүмүүс шүүмжилдэг. Тиймээс энэ хуулийн этгээдийг ойлгомжтой болгох, Иргэний хуультай нийцүүлж холбоо, сангийн хэлбэрт оруулахыг зорьж байна. Түүнчлэн санхүүжилт, татварын асуудлыг ч тодорхой болгох шаардлагатай. Ер нь өмнөх хуульд ч, шинэчилсэн найруулгад ч төрийн бус байгууллагаас аж ахуйн нэгжийн албан татвар авахгүй байхаар тусгагдсан. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар үйл ажиллагааныхаа чиглэлийг зөв тодорхойлон бүртгүүлэхээр тусгасан. Хэрэв ашгийн бус үйл ажиллагаа эрхлэх бол төрийн бус байгууллагаар бүртгүүлнэ. Харин ашиг олох зорилготой бол компани болон нөхөрлөл хэлбэрээр бүртгүүлэх учиртай. Түүнчлэн шинэ хуульд нийтэд тустай үйл ажиллагаа гэсэн шинэ статусыг бий болгож байгаа. Ер нь ашгийн бус зорилготой гэдэг нь ашиг хуваарилахгүй байхыг хэлдэг байсан. Тиймээс зорилго нь нийтэд тустай юу, зөвхөн гишүүддээ үйлчилдэг үү гэдгийг ялгах шаардлагатай. Тухайлбал, нийгмийн эмзэг бүлэг, засаглал, ил тод байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллага байвал төрөөс нэмэлт дэмжлэг авах боломжийг энэ хуулийн төсөлд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, дээрх чиглэл болон өөр бусад аль ч салбарт ажиллаж байгаа төрийн бус байгууллага нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа бол төрийн дэмжлэг авахын зэрэгцээ бусдаас ялгарч гарах болно.
-Тэгвэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудад нэлээд цензур тогтоох нь дээ?
-Тодорхой ашиг хуваарилж байгаа хэрнээ төрийн бус байгууллагын статустайгаар ажиллаж байгаа бол компани болон нөхөрлөл хэлбэрт шилжих болно гэсэн үг. Ашгийн бус байгууллага зарим нь нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг бол зарим хэсэг нь зөвхөн дотооддоо ажилладаг. Тэгэхээр энэ хоёрын ялгаа ч мөн тод харагдах болно.
-Шинэ хуулиар нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагыг төрөөс дэмжинэ гэж байна л даа. Чухам ямар дэмжлэг байх бол?
-Төрөөс зарим ажил, үйлчилгээг гэрээлэх байдлаар хийлгүүлдэг. Тэгэхээр нийтэд үйлчилдэг байгууллагуудтай хамтарч ажиллахын тулд иргэний нийгмийн зөвлөлд бүртгэлтэй хамтарч ажилладаг байх шаардлагыг энэ хуулийн төсөлд тусгасан. Иргэний нийгмийн зөвлөл нь ХЗДХЯ-ны дэргэд байгуулагдах болно. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь цэгцтэй, бүхий л тайлан тооцоо нь ил тод харагддаг байгууллагууд төрөөс дэмжлэг авах боломжтой. Ер нь хуулийн шинэчилсэн найруулгаар ойлгомжгүй талбарыг цэгцлэх болно.
-Хуулийн төсөлд ямар санал тусгах талаар төрийн бус байгууллагын төлөөллүүд ярьж байна вэ?
-Өмнө нь энэ талбар харьцангүй чөлөөтэй, нөгөөтэйгүүр маш замбараагүй байсан юм шүү дээ. Тиймээс тодорхой хориглолт, хязгаарлалт орж байгаа учраас нэлээд эмзэг хандаж байна. Тухайлбал, улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг эсэргүүцэж байна. Төрийн бус байгууллага нь нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг учраас улс төрийн үйл ажиллагаа гэхээс илүүтэй намын үйл ажиллагааг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, улстөрийн намын халхавч байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нь нууц биш. Үнэн хэрэгтээ улстөрийн нам өөрийн гэсэн хуультай, зохицуулалттай шүү дээ. Тэгэхээр намын дэргэдэх төрийн бус байгууллага гэдэг ойлголт шинэ хуулиар байхгүй болно.
Эх сурвалж: www.polit.mn