Ц.МЯГМАРБАЯР

Эрх баригч нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Энэ шийдвэрлэх үед Нийслэлийн Засаг даргын 100 хоног зуун задгай үргэлжилж байна хэмээн  НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ  ингэж дүгнэв. Энэхүү 100 хоногийн хугацаанд дарга нар ямар ажил хийснийг эргэн сануулж байна.

1.БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, ХАЛАА СЭЛГЭЭ

Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх, томилох үйл явц 2018 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн бүтэн дөрвөн сар үргэлжилсний эцэст 2019 оны хоёдугаар сарын 27-нд томилогдсон. Нийслэлийн 12 агентлагийн нэр хаягийг сольж, хоёр агентлаг шинээр байгуулан Нийслэлийн Засаг дарга 6 орлогч, 3 зөвлөхтэй байхаар бүтцээ оруулж ирсэн. Энэ нь Нийслэл хотын нэг хэлтсийн дарга дээрээ 12 даргатай болж дарга нарын тоо нэмэгдсэн гэсэн үг. Дарга нарын тоог нэмэгдүүлсэн уг бүтцийн өөрчлөлтөд зориулж, төсвийн тодотгол хийн, захиргааны зардлыг 1 тэрбумаар нэмэгдүүлэн батлуулсан.

Дарга нарын тоо нэмэгдсэн ч иргэдийн өмнө тулгамдсан асуудал буурахгүй байна хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод халаа сэлгээ, мэргэжлийн бус томилгоо явагдаж, халагдсан хүмүүс нь шүүхэд хандсан албан тушаалын эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөж байна. Энэ бүхний эцэст төрийн үйлчилгээ авах ёстой ард иргэд хохирч байна.

2.БУРГАСЫГ НӨХӨН СЭРГЭЭСЭНГҮЙ

Туул голын бургасыг “Зүүнбаян рефайнери” компани булгалж, 13 орчим тэрбум төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учруулсан болохыг Байгал орчны сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн. Хотын даргын төрсөн ахын нэр дээрх уг компани нь Туул голын бургасыг хядсан асуудлаар олон нийтийн зүгээс бургасыг нөхөн сэргээх шаардлагыг удаа дараа өгсөн. НИТХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж буруутай этгээдэд хариуцлага тооцуулж, нэн даруй бургасыг нөхөн сэргээх шаардлага хүргүүлсэн ч хариуцлага тооцох битгий хэл албан шаардлагын хариуг ч өгсөнгүй. Нийслэлчүүдийн ундны усны гол эх булаг болох Туул голын асуудалд тун хариуцлагагүй хандаж буй хотын даргад хариуцлага тооцохыг иргэд шаардсаар байна.

3.НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ НЭМЭГДСЭН Ч БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ГАЦАВ

Дарга нарын томилгоо, бүтцийн өөрчлөлт хийсээр Улаанбаатар хотод хийх ёстой ажлаа хугацаандаа гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна. Агентлагийн дарга нар 6 сар үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулсангүй. Төлөвлөлт тодорхойгүй учир гүйцэтгэл үнэлэх боломжгүй болж байна гэсэн үг.

Тендерүүд зарлагдаагүй байна. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хийгдэж ажлуудыг нэгтгэж харвал өнөөдрийн байдлаар газрын асуудал шийдвэрлэгдээгүй-24, Гэрээ байгуулах эрх олгосон-49, Гэрээ хийгдсэн-264, Дэлгэрэнгүй жагсаалт гаргасан ажил-1, Зураг төсөв, ажлын даалгавар ирээгүй ажил-302, Тендерийн баримт бичиг боловсруулж байгаа-105, Тендертийн материал хүлээн авч байгаа-258, Тендерийн үнэлгээ хийгдэж байгаа-170, Үнэлгээний хороо байгуулах ажил-88 байна.

4.ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАХАД ХҮРЭВ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3-ын 3.4.2.2-т “Монгол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах техник, эдийн засгийн арга хэмжээ авна” гэж заасан.

1.4 сая хүн амтай Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдлыг хангахын оронд гадаадын компани компанид 50 га газар олгох асуудлыг судалж, ажил хэрэг болгохоор дарга нар хөөцөлдөж байна.

5.НИЙСЛЭЛД НҮҮРС ХОРИГЛОСОН Ч ШАХМАЛ ТҮЛШ ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙНА

2019 оны 5 дугаар сараас түүхий нүүрсийг Улаанбаатар хотод оруулахыг хориглолоо. Түүхий нүүрс хориглосон ч шахмал түлш нь чанарын шаардлага хангахгүй байгаад иргэд бухимдаж байна. Түлш борлуулах цэгүүдээ бэлдээгүй байна. Бэлтгэл ажил бүрэн хийгдээгүй байхад шийдвэр гаргах нь иргэдийн асуудлыг шийдвэрлэх бус, улам хүндрэлтэй болгож байна.

Эх сурвалж: www.polit.mn