Т.САЙХАН

Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн  гэж үзсэн.  Тэгвэл энэ дүгнэлтийг өнөөдөр /06.05/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хүлээж авах эсэхийг хэлэлцэв.   УИХ-ын гишүүн М.Энхболд “Цэцийн дүгнэлтийг хүлээж 2018 онд нөхөн сонгууль зохион байгуулахад 52 нэр дэвшигч сонгогдсон. Энэ нөхөн сонгуулийг зохион байгуулах зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргасан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр бол энэ сонгогдсон 52 хүний сонгууль зохион байгуулсан нь мөн л Үндсэн хууль зөрчсөн гэж ойлгох уу” гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Засгийн газрын нөөц гэдэг дотор улсын төсвөөс гадна гадаадын тусламж, тусгай сангууд бүрдэнэ гэж ҮХЦ тайлбарлаж байна. Улсын төсвөөс гэнэтийн асуудал гарна гээд Засгийн газрын нөөц санд хуваарилдаг. 2018 онд ч энэ чиглэлээр явсан гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл ҮХЦ 2019 онд нөхөн сонгууль болох нь тодорхой байсан учир улсын төсөвт суулгах байсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ингээд Үндсэн хуулийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авахаас татгалзав. Мөн Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор УИХ хэлэлцэх ёстой байдаг.

Эх сурвалж: www.polit.mn