Т.БАТСАЙХАН
Эрх баригч намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Нэр хүнд нь унасан энэ парламентад эцэг хуулиа өөрчлөх ёс зүй байгаа эсэх асуудал яригддаг ч үнэмлэхүй олонх намын хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуулиа өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ. Саяхан болсон МАН-ын албан болон албан бус хэд хэдэн уулзалт дээр энэ асуудлыг ярилцаж гишүүд тодорхой шийдэлд хүрсэн байна.
Үндсэн хуулиа өөрчлөхөөр шийдсэн эрх баригчид эхлээд УИХ-ын Дэгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэв. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар санаачлан өргөн барьсан. Дэгийн тухай хуулийн энэ хэсэг батлагдвал Үндсэн хуулийн төслийг парламент нэг сарын хугацаанд хэлэлцэж, энэ хугацаанд өөр ямар ч хуулийн төсөл оруулж ирэхгүй. Гишүүд өөр асуудлаар улстөржихгүй гэсэн заалт орж байгаа юм.
Ийнхүү Дэгийн тухай хуулийг баталж, МАН олон жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслөө энэ сарын 6-нд өргөн барих товтой байна. Ерөнхийдөө энэ хаврын чуулганы хугацаанд батлахаар яригдаж эхэллээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг тойрсон санал шүүмжлэл өнгөрсөн хугацаанд нэлээд яригдсан. Үүнээс нэг үзэл санаа нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. МАН-ын боловсруулсан хуулийн төсөлд Ерөнхий сайдад эрх мэдлийг өгч, харин Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан заалтууд нэлээд орсон байдаг. Өөрөөр хэлбэл, МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төслөөр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг сул тавьж, Ерөнхийлөгч Х.Баттулгын эрхийг хязгаарлах заалтууд оржээ. Энэ нь улс төрийн одоогийн уур амьсгалыг хурцдуулж магадгүй харагдаж байна.
Тухайлбал, хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийг хугацааг нэмэх заалт оржээ. Одоогийн Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнгын оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн зургаан жилийн хугацаанд эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол нэг л удаа зургаан жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Ерөнхийдөө МАН-ын боловсруулсан хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү чиглэсэн заалт нэлээд олон байсан. Хууль санаачлах эрхийг хязгаарлах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох асуудал ч хуулийн төсөлд яригдаж байв. Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн зүгээс зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн санал асуулгын үеэр дээрх заалтуудыг дэмжээгүй учраас түдгэлзүүлсэн гэж тайлбарлаад байгаа. Гэсэн ч МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах үзэл санаагаа тодорхой хэмжээнд тусгаж оруулж ирсэн л байна.
Харин Ерөнхий сайдын эрх мэдлийг ингэж тэлсэн байна. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ гэжээ. Түүнчлэн УИХ, сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж болно. Ингэснээр Засгийн газар бие даан танхимаар ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж үзжээ. Ийнхүү Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох хуулийн заалтыг иргэдээс асуухад 73.2 хувь нь дэмжсэн байна.
Мөн Ерөнхий сайд Улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ олонхийн саналаар шийдвэрлэнэ. УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно гэжээ.
Тэгэхээр эрх баригчдын Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын эрх мэдлийн асуудал нэлээд харьцангуй болж орж ирж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайдад эрх мэдлийг нь сул тавьж өгчээ.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд тусгасан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдлийн талаар хуульчдын байр суурийг хүргэж байна.
Хуул зүйн сайд асан Х.Тэмүүжин:
ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙГ БУЛААЦАЛДАХАА БОЛЬМООР БАЙНА
-Хүчтэй Ерөнхий сайд, кабинетын Засгийн газар, парламентын үр ашигтай хяналт гэх гурван зүйл дээр энэ өөрчлөлтийн гол үзэл санаа төвлөрч байна. Тэгэхээр У.Хүрэлсүх гэдэг хувь хүнээр хардаж харахаасаа илүүтэй дараа дараагийн Монгол Улсын Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдлийг өгсөн шиг өгөөд, хариуцлага нэхсэн шиг нэхдэг, хөндлөнгөөс нь гүйцэтгэх эрх мэдлийг өөр хэн нэгэн булаацалдаад байдаггүй болгох бодлого гэдгээр харах нь зөв байх. Тэгэхгүй бол Ерөнхий сайд гэдэг хүн УИХ-ын даргын, нөгөө бол Ерөнхийлөгчийн суганд хавчуулагдсан хүүхэлдэй төдий болчихоод, хэн нэгний хулгай, завхарлыг гүйцэлдүүлдэг гарын хүн маягтай ажилладаг болчихлоо. Сүүлийн гурван Ерөнхий сайдын түүх үүнийг тод томруун илтгэнэ. Гүйцэтгэх эрх мэдлийг хэн хэрэгжүүлж, хэн хариуцлага хүлээхийг тодорхой болгохгүйгээр Монгол Улсад хариуцлагатай ардчилал бий болохгүй. Ерөнхий сайдын өмнүүр орж эрх мэдлийг нь булаацалдаж бөөн бантан тарьчихаад хариуцлага хүлээх болохоор бутраад алга болчихдог байдал сүүлийн 30 жил энэ улс орныг ийм дампуу байдалд хүргэлээ. Тоглоомын дүрмийг ойлгомжтой л болгох хэрэгтэй.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр:
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ НЬ ЗӨВ Л ДӨӨ
-Уг нь Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах заалтууд Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд орсон байсан. Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад алга болсон байна. Төр гэдэг чинь нэг л зүйл. Засгийн газар нэг л байх ёстой. Гэвч одоогийнхоор бол төрд хоёр Засгийн газар ажиллаад байна. Даргын дарга гэдэг шиг Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдынхаа ажлыг хийж байна. Тэгээд аливаа гаргасан буруу, зөрүү шийдвэртэй ямар ч хариуцлага хүлээдэггүй. Юу дуртайгаа хийж, юу дуртайгаа л санаачилж байна. Аюулгүйн зөвлөл нэрийн дор нийгэм, эдийн засгийн бүхий салбар руу орж байна. Ерөнхий сайд бол эргээд хариуцлагаа хүлээгээд явна. Тэгэхээр Үндсэн хуулийн төслийн гол үзэл санаа нь нэг Засгийн газартай байх л асуудал юм. Хамгийн энгийн жишээ гэхэд Засгийн газраас 2019 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарласан. Ерөнхийлөгч дахиад Хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарлалаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ хоёр засаглал маань бие биенээсээ ялгарахгүй байна. Энэ жижигхэн мэт асуудал боловч улс гэдэг маань нэг төвтэй байх ёстой. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох хувилбар уг нь зүгээр байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.6.4 МЯГМАР №113 (6080)