Т.САЙХАН
Ардчилсан намын зөвлөл өнөөдөр/06.03/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонссон байна.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг “чөлөөлөгдөх хүсэлт”-ийг үндэслэн гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсаныг хэлэлцэн, шийдвэрлэсэн нь хэт нэг талын байр суурийг харсан шийдвэр боллоо хэмээн Зөвлөлийн гишүүд үзэж байгаагаа илэрхийлэв. “Гишүүний дархан эрхэд халдсан зүйл огт алга. Өөрийн гаргасан алдаандаа харамсч, гэр бүл ард түмнээс уучлал хүсэн, чөлөөлөх тухай өргөдлийг УИХ-д өргөн барьснаар нийт 60 гишүүний саналтайгаар гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг цуцалсан. Иймээс Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Гэтэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган иргэдийн эрх ашгийг боогдуулж, хэт нэг талыг барьсан, санаатайгаар мушгин гуйвуулсан, захиалгат байх магадлалтай шийдвэрийг гаргалаа" хэмээв.
Мөн “Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгуульд зарцуулах 287 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах онцгой байдал үүссэн байтал гадаадын мөнгөөр сонгууль явуулах боломжгүй гэх мэт санаатайгаар мушгин гуйвуулсан дүгнэлт гаргасан. Улсын төсөв батлагдсанаас хойш гарсан гэнэтийн онцгой нөхцөл байдлыг нөөц сангаас зарцуулах эрхтэй болдог. Гэтэл Үндсэн хуулийн цэц зориуд ийм шийдвэр гаргасан нь МАН-ын захиалгат улс төрийн үйл явц боллоо хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцийн тус шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ.
Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна
Үүний дараа, Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээж авах нь зүйтэй гэж үзэв. Учир нь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд, хуулийн этгээд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан заалтыг зөрчсөн хууль болсон гэж үзэж буй байр суурь хэвээр байгаа учраас хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Эх сурвалж:www.polit.mn