Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь уулзалт өнөөдөр боллоо.
Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь Засгийн газрын яамдын ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллаж байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтус ажлын хэсэгт багтаж байгаа Засгийн газрын 13 яамны ТНБД нар болон агентлагийн дарга нарт 05 дугаар сарын 20-нд болсон анхны хурлын үеэр Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөх, өнгөрсөн жилүүдийн алдаа оноо нь хаанаа байсан, салбар тус бүрт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, ирээдүйн хөгжлийн төсөөллийг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөж болохыг ажил хэрэгч, шинэлэг байдлаар боловсруулж дэлгэрэнгүй танилцуулахыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу өнөөдөр Сангийн яам, БХЯ, ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, УУХҮЯ, БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ, Үндэсний статистикийн хорооны боловсруулсан салбар тус бүрийн өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, салбар дундын уялдаа холбоо, холбогдох санал, дараагийн 25 жилийн хөгжлийн төсөөлөлтэй танилцаж байна.
Уулзалтын эхэнд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил” сэдвээр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа дэлгэрэнгүй танилцуулга хийв. 1994-2018 оны нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй статистик, тоо баримтыг тэрээр түүвэрлэн авсан байна. Энэ хүрээнд эдийн засаг, нийгмийн үзүүлэлт, хүн ам зүйн ачаалал, Монгол улсын хүн амын суварга, гадаад худалдааны үндсэн үзүүлэлт, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, барилгажилт, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарын өсөлт, бууралт, түүний шалтгаан, нөхцөлийг дэлгэрэнгүй танилцуулав.
Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол улсын эдийн засгийн багтаамж, ДНБ-ний эзлэх хувь хэмжээ зэрэг асуудалд Монголбанк, Сангийн яам, ҮСХ-ноос гаргасан зарим тоо, баримт зөрүүтэй байдаг шалтгаан, төрийн бодлогын түвшинд хүн амын өсөлтийг цаашид хэрхэн дэмжих төсөөлөл, Монгол улс ирэх 25 жилд эдийн засгийн тэргүүлэх 5 салбарыг хэрхэн тодорхойлох зэргийг тус хорооны удирдлагуудаас сонирхож, хариулт авсан юм. Мөн ажлын хэсгийн боловсруулалтын багтай ҮСХ-ны зүгээс нягт хамтарч ажиллан, нэн шаардлагатай тоо, баримт, статистик судалгаа, тоо баримтыг цаг тухай бүр нь гаргаж өгөх чиглэлийг тус хорооныхонд өгсөн юм.
Монгол Улс сүүлийн 27 жил хөгжлийн тодорхой бодлого, нэгдсэн ойлголтгүй явж ирсэн гэхэд болно. Гэхдээ ямар ч бодлогын баримт бичиг байхгүй юу гэвэл өрөөсгөл. Өнгөрсөн хугацаанд том, жижиг нийт 517 төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд “үйлдвэрлэсэн” байдаг ч хоорондоо уялддаггүй, хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг. 2019 оны 02 дугаар сарын байдлаар эдгээр баримт бичгүүдээс 218 нь хүчин төгөлдөр байна.
Ажлын хэсгийн боловсруулах Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь тунхагийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, бүх салбарын хөгжлийг хангасан, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улстөрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд яам, агентлагийнхантай уулзах үеэр онцолж байсан. Тийм ч учраас яамд, агентлаг тус бүрт цаг гаргаж, салбарынх нь хөгжлийн бодлогын төсөөллийг сонсож, тоо, статистик дээр хэлэлцүүлэг өрнүүлж, тал талын ойлголтын зөрүүгээ нэгтгэхийг зорьж байгаа юм.
Энэ хүрээнд үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн бодлогуудын хоорондын уялдааг хангах, салбарын бодлогуудыг цэгцлэх, давхардал, хийдлийг арилгах, бодлогуудыг нэгтгэн оновчтой бүтцээр уялдуулах, хэрэгжих механизмыг тодорхой болгох, гадаад, дотоод орчны өнөөгийн нөхцөл байдалд системтэй дүн шинжилгээ хийж бодлогодоо тусгах, нийгмийн дундаж давхарга руу чиглэсэн тодорхой, цогц бодлогыг цаг алдалгүй боловсруулах тал дээр ажлын хэсгийнхэн онцгой анхаарч ажиллах юм.
Энэ мэтчилэн бүх талын оролцоог хангах зорилготой хэд хэдэн шатны хэлэлцүүлгийг цаашид улс орны хэмжээнд өрнүүлэх, төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг тусгахаар ажлын хэсгийнхэн төлөвлөж байна.
Ажлын хэсгийн анхны хуралдаанаар салбар дундын болон салбар хоорондын бодлогын зохицуулалтын асуудлыг хариуцах “Үндэсний үнэт зүйл”, “Хүн ба нийгэм”, “Эдийн засаг”, “Байгаль орчин”, “Үндэсний аюулгүй байдал”, “Засаглал” гэсэн 6 дэд ажлын хэсгийг байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.