Т.САЙХАН

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг  хэлэлцлээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд

  • Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурчээ.
  • Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна. Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүх хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред банк”-инд дамжуулан барьцаанд тавьсан.
  • Ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд Оюутолгой ордыг барьцааны хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй болсон байна.
  • Хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй байна. Төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй байна.
  • Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
  • Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэдгийг онцолжээ.

2038 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ

Харин Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт одоогийн нөхцөл байдлын талаар байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.  Түүний мэдээллээс харахад “Оюутолгой” компани одоогоор гурван эх үүсвэрээс 12 тэрбум 460 сая ам.долларын санхүүжилт авсан байна. Хувь нийлүүлэгчдийн  зээлээр таван тэрбум 11 сая ам.доллар, хувьцааны санхүүжилтээр гурван тэрбум 12 сая ам. доллар, төслийн санхүүжилт буюу далд уурхайн бүтээн байгуулалт, гуравдагч этгээдийн зээлээс дөрвөн тэрбум 340 сая ам.долларын санхүүжилт авсан. Түүнчлэн гүний уурхайн бүтээн байгуулалтад есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тиймээс 2022 онд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусахад 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. 2022 оноос гүнийн уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор үйл ажиллагаа явуулж эхлээд 2029 он гэхэд ашигтай ажиллаж эхэлнэ. Үндсэн зээлээ хувьцаа эзэмшигчид төлж дуусаад 2038 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ гэжээ.

“Рио-Тинто” хөрөнгө оруулагч бус харин мөнгө хүүлэгч компани байна”

Үүний дараа Оюутолгой төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-“Рио Тинто” компани менежментийн ашиг 2017 онд 133 сая ам.доллар, мөн өртөг дэх мэргэжлийн үйлчилгээ гээд 69 сая ам.доллар, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү нь 470 сая ам.доллар байгаа юм. “Рио-Тинто”-гийн авч буй ашиг 2017 оны байдлаар 744  сая ам.доллар, Монголынх 175 сая ам.доллар. Ийм л харьцангуй байна. “Рио-Тинто” хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани байна. Бид энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх  ч хэрэггүй. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Анхны хөрөнгө оруулалтын гэрээ, 2009 оны нэмэлт гэрээнд  илүү их анхаарал тавьж ярьж ирсэн. Хамгийн анх “Рио-Тинто” компаниас орж ирэхээс өмнөх зургаан тэрбум ам.долларын тал нь орж ирсэн гэдэг асуудал яригддаг. Орж ирээгүй хөрөнгөд эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа гэж сонссон. Асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Нууцын чанартай хоёр материал бий. Мөн аудитын газраас нууцлалтай ирүүлсэн материал бий.  Энэ хоёр дүгнэлтэд 2015 оны Дубайн гэрээтэй холбоотой мэдээлэл  илүү тусгасан ч Оюутолгой төслийг бүхэлд нь дүгнэхэд чухал ач холбогдолтой материал бий гэж үзэж байгаа учраас ажлын хэсгийн дүгнэлттэй хамт хэлэлцэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Тийм байтал ямар бүтээгдэхүүнийг хэдээр борлуулаад байна вэ гэдгийг Засгийн газар яагаад мэдэж чаддаггүй юм бэ.  Мөн 34 хувийн өр нэмэгдсээр  одоо бараг нэг тэрбум ам.долларт хүрч байгаа. Яагаад бид энэ хэмжээний өрөнд ороод байна вэ гэдгээ зээлийн гэрээнүүдийг хүү, төлбөртэй нь авч танилцаж болдоггүй юм бэ. Монголын талын ТУЗ-ийн гишүүдээр дамжуулж яагаад авч болдоггүй юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Ажлын хэсгийн дүгнэлтийг төгс төгөлдөр болсон гэж үзэхгүй байгаа. Өгсөн материалын хүрээнд шалгалт хийсэн. Бүтээгдэхүүн борлуулах гэрээ, санхүүгийн  модель дээр бид өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж хөрөнгө оруулагч талаас шахаж шаардсаны хүчинд нэг моделийн хувилбараа өгсөн. Үүнд нь  тулгуурлаж санхүүгийн тооцоог хийсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж хугацааг уртасгаснаар гэрээ манай талд улам ашиггүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан. Бүтээгдэхүүн борлуулах гэрээний тухайд хэд хэдэн зүйлийг нууцлалын зэрэгтэй гээд өгөхгүй байгаа юм. Бид хэдэнтээ шахсан. ТЭЗҮ-гийн хувьд  заавал баримтлах баримт бичиг гээд тусгасан байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Оюутолгой төсөл манай улсын том нөөц. ТЭЗҮ-ийг хамгийн эхэнд гаргаж ирэх ёстой. ТЭЗҮ  жил бүр нэмэгдэж байгаад Уул уурхайн яам хяналт тавьж байна уу. ТЭЗҮ дүн яагаад өөрчлөгдөөд байна вэ. Хоёрдугаарт, 2013 оны гүйцэтгэлээр анхны хөрөнгө оруулалт 6.3  тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Үүнд хяналт тавих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байх юм. Хоёр тал дундаа ашиглаж байгаа  төсөл дээр хяналт тавьж чадахгүй юм бол энэ төсөл цааш нь авч явна гэхэд утгагүй. 2039 онд нэг тэрбум ам.долларын өрөнд орж магадгүй гэж дүгнэлтэд тусгасан байна. Уг нь бид 2039 оноос эхлэн ашгаа хүртэнэ гэсэн ойлголттой байгаа. 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд яг энэ хэмжээний хяналтаа бид тавьж байх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Оюутолгой орд бол алт, зэсийн орд. 1500 тонн алттай гээд Хөрөнгийн биржээс гаргаж өгсөн материалд бий. “Рио-Тинто” компани зээлдэгч үү, хөрөнгө оруулагч уу гэдгийг бодох ёстой. Өнөөдөр зээл төлж байгаа бидний мөнгө манайд татвар төлж буй мөнгөнөөс өндөр. Сүүлийн жилүүдэд ААН-ийн орлогын албан татвар нь буурчихсан. 2015 онд 166 тэрбум төгрөг төлж байсан бол 2016 онд 144 тэрбум төгрөг, 2017 онд 18 тэрбум болтлоо буурсан. 2018 онд мөн 2017 оныхтой адил хэмжээний мөнгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компанийн менежментийн баг зургаан хувиа авахдаа  зардал өсгөсөн хэмжээнээсээ авдаг. Дэлхий дээр ийм компани гэж байх уу. Менежментийн баг ашигтай ажиллуулахын төлөө ажиллах ёстой байтал зардлыг өсгөдөг ийм менежментийн компани дэлхийд байхгүй. Энэ бол биднийг доромжилж байгаагийн хэлбэр. Тиймээс зардлаа өсгөсөн. Ингээд ААН-ийн орлогын албан татвар нь 10 дахин буурсан.

Ийнхүү ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж дууссанаар байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.30 пүрэв №111 (6078)