Г.ЖАМЬЯН

Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч

ЭХ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ УНАГА НЬ ШИЙР АЛАГ

Энхбаярын аав Б.Намбар, ээж Р.Бүдхандтай бид нэгэн цаг үед ажиллаж, амьдран залуу насаа үдэцгээсэн. Нэг үгээр хэлбэл “социализмын бүтээгдэхүүнүүд” юм. 

Балжиннямын Намбар гэж хүнийг Монголд танихгүй хүн бараг байгаагүй ээ. Миний үеийнхэн, надаас арай сүүл үеийнхэн “Рашааны Намбар” гэвэл хэн хүнгүй л хууз сахалтай туранхай шар хүнийг төсөөлж мэднэ.

Б.Намбар бид хоёр залуугийн танил. Тэрээр “Оргил” рашаан сувилалд дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд Амралт рашаан сувилал хариуцсан албан тушаалтан гэх мэт, ер нь дан рашаан сувиллын чиглэлээр ажиллаж байсан учир хүмүүс түүнийг Балжиннямын гэхээсээ “Рашааны Намбар” л гэдэг байсан. Бид хоёрыг ч амралт рашаан сувиллын алба л анх танилцуулж, холбож өгсөн. Би “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч. Амралт рашаан сувилалд явах болбол Б.Намбар руу утасдана. Тэрээр бүгдийг зохицуулж намайг ая тухтай амраана. Б.Намбар над руу утасдана. “Амралт сувиллынхаа талаар ийм юм хийлээ. Сурвалжлуулмаар байна”, “Манай рашаануудыг ухаж төнхөөд, ундарга нь хаагдах гээд байна. Ингэж бичээч” гэх мэтээр утасдана. Би явж сурвалжилна, шүүмжилнэ. Иймэрхүү холбоотойгоор энэ зах зээлийн нийгэмд хөл тавьцгаасан.

Б.Намбарын хувьд бол Монголын рашаан судлалын “загалмайлсан эцэг” гэж хэлж болохоор хүн л дээ. Монголд хэдэн зуу, мянгаараа байсан рашааныг бараг л тэмтрээд олно. Ямар найрлагатай, өвчин анагаахад ямар улиралд аль нь сайн, яаж эмчилдэг зэргийг арван хуруу шигээ мэддэг хүн. Бичсэн сэдэв, ном товхимол ч олон бий. Надаас хэд ах боловч гэмгүй цагаан сэтгэлээр нөхөрлөж явсан анд маань амьд сэрүүн, бүтээл туурвилдаа шамдаж байгаа гэсэн.

Энхбаярын ээж Р.Бүдханд гэж хүнтэй бас л эртний танил. Бид хоёулаа эвлэлийн ажилтан. Р.Бүдханд маань МХЗЭ-ийн төв хороо, Зохиолчдын байгууллагад хариуцлагатай алба хашсаар гавьяаныхаа амралтад гарсан, намба төлөв төвшин сайхан эмэгтэй бий дээ. Саяхан Н.Энхбаяр Английн нэрт зохиолчдын богино өгүүллэгүүдийн орчуулгын түүврээ хоёр дахь удаагаа хэвлэн гаргалаа. Өмнө нь 1991 онд “Хатсан гар” нэртэйгээр анх хэвлэн уншигчдын хүртээл болгож байсан бол энэ удаа нэрийг нь өөрчлөн “Сохрын орон” нэртэйгээр дахин хэвлэжээ.

Энэ суут бүтээлийн нээлтэд соёл, урлагийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд гээд олон хүн оролцсон. Н.Энхбаяр номоо тодорхой тайлбарлаж, дээж номоо аав ээж хоёртоо барьсан нь сайхан санагдаж байлаа. Аав ээждээ ийнхүү хүндэтгэлтэй ханддаг хүн олон бий. Ийм аав ээжийн хүү сайн явалгүй яахав гэж бодлоо. Цугларсан бүх хүнд Н.Энхбаяр гэсэн гарын үсэгтэй номоо дурсгасан юм. Их хүмүүний гарын үсэгтэй ном өчүүхэн бичээчийн номын санд ч хадгалагдаж л байг.

“ЭНЭ ШҮҮРЭЭР МОНГОЛЫН МУУХАЙ БҮХНИЙГ ШҮҮРДЭЭРЭЙ”

Намбарын Энхбаяр гэж хүнийг сургаар л мэддэг байлаа. “Соёлын яамны сайд болж гэнэ”, “Мэгжид Жанрайсиг бурхнаа сэргээн босгож байгаа гэнэ”. “Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийг удирдаж байгаа гэнэ”... гэхчлэн мэдээлэл байнга л чих дэлсэх болсон.

1996 онд МАХН парламентын сонгуульд ялагдаад удирдах бүрэлдэхүүний нэг хэсэг нь гадаадын эдлэн газар руугаа, нөгөө хэсэг нь аймаг, сум руугаа алга болцгоож билээ. Намдаа хайртай “эргүү хурга” шиг хэдэн юм үлдээд өдөрт л намын байрныхаа хүнгүй өрөө тасалгаануудаар хол ойрын хов жив ярилцсан шиг цаг өнгөрөөж байсан сан. Ялагдаад, таван тийшээ тарж бутарсан намыг тэр үед “Би удирдъя” гэх хүн бараг байгаагүй байх аа. Ийм л үед өнөөх Намбарын Энхбаяр гэдэг залуу гарч ирсэн. МАХН-ын хал үзэж, халуун чулуу долоосон ахмадууд олон удаа уулзаж ярилцаад “Намын даргад итгэл хүлээлгэж болох хүн Н.Энхбаяр л байна” хэмээн тохирцгоосон гэдэг. Тэгээд намын Их хурал хуралдаж Намбарын Энхбаярыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын даргаар удаа дараа сонгож ажиллуулсан. 2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайд болж билээ.

Энэ үед болсон нэг хэвлэлийн бага хурал санаанаас гардаггүй юм. Би хамгийн анх удаа Н.Энхбаяр гэж хүнтэй нүүр тулан уулзаж, бас амжилт хүсэн гар барих боломж ч олдсон. Хэвлэлийн бага хурал дээр Н.Энхбаяр тулгамдсан зорилтуудаа товч тодорхой танилцуулаад сэтгүүлчдийн асуултад хариулсан. Манай Чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Ц.Дашдондов тайзан дээр том шүүр барин гарч ирээд Н.Энхбаярт гардуулахдаа “Энэ шүүрээр Монголын муу муухай бүхнийг шүүрдээрэй” гэхэд танхим дүүрэн инээлдэж Н.Энхбаяр дарга ч талархалтай хүлээн авч байсан сан. Тэр хэвлэлийн хуралд гадаадын олон орны сурвалжлагч оролцсон. Их ч зүйл асууна билээ. Н.Энхбаяр дарга оросоор асуусанд нь оросоор, англиар асуусанд нь англиар хариулж, ёстой л мэдлэг чадвараараа гайхагдсан даа. Завсарлах үеэр хүмүүс “Монгол маань ч удирдагчаа олчих шиг бололтой” гээд сүслэн дээдэлж байсан нь саяхан мэт санагдана.

ЭРХЭМ ХҮНД, ЭДГЭШГҮЙ ШАРХ ҮЛДЭЭДЭГ ОРЧЛОН

2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэж хатуухан хэлбэл “дайн” болсон  л доо. Ерөнхийлөгч байгаа хүн хууль ёсоороо нэг удаа улиран сонгогдож болно. Тэгээд л Н.Энхбаяр маань намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж билээ. Хүчтэй өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж. Сонгуулийн сурталчилгаанаасаа эхлээд л нэг биш. Ардчилсан нам Ц. Элбэгдоржийнхоо төлөө мөнгийг бялууртал цутгаж, магтаалыг далай шиг урсгасан. Харин МАХН л нэр дэвшигчийнхээ төлөө бараг л дуугүй, бүлх залгичихсан юм шиг хачин сонин байсныг манай намынхан мэднэ  дээ. Нэр дэвшигч Н.Энхбаяр өөрийнхөө хүч бололцоонд тааруулан сонгуулийн сурталчилгаа хийж байсан сан.

Энэ үед МАХН-ын дарга Санжийн Баяр  байсан юм. Энд л МАНАН, Монголын мафийн сүлжээ үүссэн байхгүй юу. С.Баяр тэргүүтэй МАХН-ын удирдлага намаасаа нэр дэвшигчийн төлөө бус, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой нууцаар хуйвалдан намаа, нэр дэвшигчээ ялагдуулсан юм. Ийм нууц сонгуулийн түүхэнд урьд хожид гарч байсныг би л дуулаагүй юм байна. Ингэж мафийн бүлэглэлийн хүчинд автан Н.Энхбаяр маань энэ сонгуульд ялагдчихсан  л даа. Цахиагийн Элбэгдорж ялсан.

   2009 онд үүсэж буй болсон МАНАН мафитай бүлэглэл сүүлийн арваад жилд улс орныг гадныхантай хамсан тонон дээрэмдэж, шударга бүхнийг устгаж, ёстой л эзэнгүй хонинд орсон чоно шиг загнасныг ард түмэн маань нүдээрээ үзэж, чихээрээ сонссон.

Тэр аймшигт хүчирхийллийн дунд тамлагдаж зовсон олон аавын хүүгийн нэг нь Намбарын Энхбаяр. Түүнийг Ерөнхийлөгчөөс буулгаад сэтгэл ханалгүй хууль шүүхийнхнээрээ дамжуулан худал хуурмаг ял тулгаж шоронд яаж тамласныг олон түмэн мартаагүй байгаа. Н.Энхбаяр гэж хүнийг буруутгахын тулд Монголын мафийнхан ёстой л “томруулдаг шил” болгоноор, гишгэсэн мөр болгоныг нь шиншилж байсан. Сөүлийн онгоцоор номоо үнэгүй тээвэрлэсэн гэнэ. “Улаанбаатар таймс” сонины байрыг авсан ч юм уу, авахыг завдсан юм уу, “Өргөө” зочид буудлын хэдэн өрөөг авсан... гэхчлэн ял тулгаж, орон гэрээс нь дэндүү муухай баривчилсан л даа. Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүнээ ачаад явчихаж билээ. 300 цагдаа аваачсан гэдэг юм. Олон улсын зартай алуурчдыг ч тэгж барьдаг юм уу, үгүй юү, бүү мэд.  Ц.Элбэгдорж, С.Баяр нарын удирдсан МАНАН мафийнхны аймшигт дарангуйллын эхлэл энэ байсан юм л даа.

   Н.Энхбаяр гэж хүн, нэг эвдэрхий балгас авсан байлаа ч гэсэн энэ мафийнхны идсэн уусны дэргэд бол дуслын төдий юм. Хэчнээн томрууллаа ч энэ хулгайчдын дээрэмдсэн хөрөнгийн дэргэд хумсны толио шиг л харагдаж байгаа.

Эд чинь уулыг амаар нь, уурхайг орд газраар нь  хуваагаад авчихлаа шүү дээ. Завшсан, замхруулсан хөрөнгө нь их наядаар, хэдэн зуун тэрбумаар тооцогдож байх юм. Монголын мөнгөний тал хувийг олон улсын оффшор бүсүүдэд аваачаад нуучихсан, дэлхийн хамаг сайхан газруудад орд харш, эдлэн газруудтай болчихсон байна гэнэ. Баригдах болохоор нь шүүх прокурорынхон нь гадаадад оргуулчихдаг, өнөөх орд харшдаа очоод тарвалзаж хэвтдэг юм байна. Хувь тавилангийн эрхээр, хуйвалдааны замаар Н.Энхбаяр л зовлонг нь үүрч, жаргал цэнгэлийг нь мафийнхан эдэлж дээ.

ЦАГ ХУГАЦААНЫ ТАЙЛАЛ БУЮУ НАМБАРЫН ЭНХБАЯР

Эрхэм хүн та эргээд нэг хараарай. Н.Энхбаяр гэдэг хүн төр, засгийг толгойлсон есөн жилийн хугацаанд юу бүтээсэн, Монголын мафийнхан 20 хэдэн жилд юу хийснийг тоймлон харвал тун сонин дүн харагдана.

Н.Энхбаяр бол Мэгжид Жанрайсиг бурханыг сэргээн бүтээх ажлыг хариуцсан, Мянганы замыг санаачлан эхлүүлсэн, Оросын их өрийг тэглэх ажлыг удирдсан, Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг санаачлан шийдвэрлүүлсэн, “Эрчим хүчний нэгдсэн сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлснээр бүх сумыг гэрэл гэгээтэй болгосон. Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах асуудлыг санаачлан шийдвэрлүүлсэн, “Хүүхдийн үдийн цай” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн, “Мянганы сорилтын сан”-гийн шугамаар 280 сая ам.долларын хэмжээний буцалтгүй тусламж  авсан, “Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть”-ийг монголоор орчуулан хэвлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан... зэрэг их ажил хийжээ. Мөн Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашигтай байгуулах, Тавантолгойг ард түмэндээ өмчлүүлэх санаачлага гарган энэ байр суурин дээрээ хатуу зогссон нь Монголын мафийнхны эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Тэгвэл Монголын мафийнхан хорин хэдэн жилийн дотор юу бүтээв.  Монголын ард түмнийг 200 жил тэжээх нөөцтэй Оюутолгойгоо гаднын том банкны барьцаанд тавьчихсан, “Эрдэнэт” үйлдвэрээ хоёр хуваагаад 51 хувийг гаднын “Стандарт” банкны барьцаанд тавьж, 49 хувийг нь төрийн мөнгөөр бүлэг хулгайчид хувьдаа авчихсан байгаа. С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй хэсэг бүлэг хүн хахуулийн мөнгөө олон улсын оффшор бүсүүдэд аваачаад нуучихсан. Үүнээс болж Монгол Улс дэлхийн гуйлгачин орон болж, ард түмэн нь ядуурлын туйлд хүрсэнтэй маргах хүн бараг байхгүй байхаа.

Аливаа юмны нарийн учир утгыг цаг хугацаа л тайлж өгдөг. Тэгвэл өнөөдөр өрсөлдөгчөө шоронд хийн тамлуулж байсан Ц.Элбэгдорж маань уран зураг хулгайлсан, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа зэрэг олон зүйлээс улбаалан эх орноосоо оргож зугтсан сураг байна. Харин өнөөх хилс ял эдлэн тарчлан зовж байсан Н.Энхбаяр нь парламентын нам МАХН-аа удирдан, ард түмнээ соён гэгээрүүлэхээр Английн сонгодог өгүүллэгүүдийг орчуулан ном болгож хэвлүүлээд ард түмэндээ дэлгэн, түгээж явна.

Цаг хугацааны тайлал аа гэж, сонин байгаа биз.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.30 пүрэв №111 (6078)