Т.САЙХАН
Засгийн газрын хуралдаан өнөөдөр /05.29/ болж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал байгаагийн нэг нь газрын асуудал. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг таван жилийн хугацаатайгаар Улаанбаатар хотын банкинд олгочихсон. Энэ нь төлөвлөлт хийхэд хүндрэл учруулж байгаа. Мөн 2012 онд Улаанбаатар хотын банкинд цэцэрлэгт хүрээлэн бүхий 0.24 га, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажууд 0.8 га, МУИС-ийн урд 0.12 га талбайг тус бүр таван жилийн хугацаатай эзэмшүүлчихсэн. “Улаанбаатар” зочид буудал болон, төв талбайн урд хэсгийн газрууд энэ захирамжид орчихсон байгаа. Энэ асуудлуудыг цэгцлэхгүй бол цаашид төлөвлөлт хийхэд хэцүү болно гэлээ.
Мөн тэрээр “Найрамдал” зусланг улсын төсөвт байгууллага болгож бүтэц, чиг үүрэгт нь өөрчлөлт орууллаа. Зуслангийн газар дотор 100 гаруй аж ахуйн нэгжүүдэд газар олгочихсон байгаа. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэхийг дэмжилгүй яах вэ. Гэхдээ “Найрамдал” зуслангийн газар, “Улаанбаатар” зочид буудлын урд хэсгийн газар, Ю.Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн рүү орж болохгүй. Энэ асуудлыг цэгцлэхээр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт Ерөнхий сайд ирэх даваа гаригаас өмнө холбогдох материалуудыг цуглуулах үүрэг өгсөн гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn