Б.ДАМДИН-ОЧИР

Ёс суртахууны хил хязгаарыг гишгэчсэн “улс төр” хуулийг даваад явчихлаа. Монголын улс төр, хууль эрх зүйн томчуул ингэж үе үе дохиолоод байдаг болсон. Энэ халаглал нь Монгол Улс хаашаа чирэгдээд байгааг битүүхэн хэлж байж ч мэдэх юм.

Учир нь үргэлж дээдлэгдэж ирсэн Монголын төр өдөр ирэх тусам ард түмнээсээ алсарч буйг бид харж байна.

Нэгэнт ёс суртахууныг бүх түвшинд арчиж алга болгосон бидэнд хуулийн хил, хязгаарлалт л үлдсэн юм.

Гэвчиг шүүхийн нэр хүнд шаланд унаж, шүүхэд итгэх итгэл бас үгүй болчихов. Шүүхийнхэн өөрсдөө л “...Бидэнд итгэж байна” гэсэн хамаа багцаагүй судалгааны дүн зарлаад байдаг болохоос биш хөндлөнгийн гэгддэг судалгаагаар өөр дүн гардаг. “...Шүүхэд итгэж байна уу” гэхэд “... Үгүй”, “..Авлигын хамгийн эрсдэлтэй субьект” гэхэд “...Шүүгч” гэж хариулдаг болчихсон. Худлаа гэвэл судалгаа бий.

Одоо тэгэхээр хэнд итгэх вэ гэсэн олон эргэлзээ нэг хэсэг Монголоор тэнүүлчилж эхэлсэн. Тэгээд ганц л итгэл найдвар үлдсэнийг ойлгож байгаа юм. Тэр нь Үндсэн хуулийн Цэц болж таарсан юм. Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль байдаг. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бий. Ийм гоё логиктой. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцэд эргэлзүүлж мэдэхээр явдал сүүлийн хэд хоногт болж байна.

2016 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга “дотоож”-ны хэрэгт орооцолдож Монголын парламентын түүхэн дэх нэгэн “сод” үзэгдэл болсон.

УИХ-д орж ирээд хэдхэн сарын дараа энэ муухай хэрэгт холбогдож, хоёр жил шахам тэссэний дараа 2018 оны тавдугаар сарын эхээр өргөдлөө өгч чөлөөлөгдсөн юм.

Түүнээс хойш Хэнтийн 42 дугаар тойрог УИХ-д төлөөлөлгүй байгаа юм. Хуулиар тэндхийн сонгогчид УИХ-ын гишүүн сонгох эрхтэй. Энэ дагуу СЕХ-ноос нөхөн сонгуулийг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр явуулахаар товлон зарлаад байна. МАН, АН, МАХН-аас эхлээд олон нам энэ сонгуульд зодоглож буй.

Гэтэл хэд хоногийн өмнө Судлаач Д.Ганхуяг энэ тойргийн нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргажээ.

Түүндээ “...УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2018 оны зургадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын даргад хандаж УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байдаг.

Тэрээр хүсэлтдээ”Д.Гантулга би УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээжээ.

УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75.0 хувь нь Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж, улмаар УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг батлан гаргасан байна.

УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүний эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж, гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг тодорхой хуульчилсан байна. Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй тул энэ үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй.

Хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад гишүүнийг ажлаас чөлөөлсөн нь парламент ёсны дархлааг үгүй хийж байна.

УИХ-аас Үндсэн хуулийн хууль дээдлэх ёсны зарчмыг баримтлалгүй, хуульд үндэслээгүй 49 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байна” гэжээ. 

Үүний дагуу Үндсэн хуулийн Цэц “хэрэг үүсгэсэн” байна. “...Энэхүү мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр хийхээр товлов” гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч Ж.Нэргүй мэдээлэв.

Уг нь бол Үндсэн хуулийн Цэц Хэнтийн нөхөн сонгуулийг өмнө нь нэг удаа хойшлуулж байсан юм. 2018 оны наймдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Хэнтий аймгийн иргэн С.Мөнхцэцэг нарын “...УИХ зургадугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан” хэмээн гомдол гаргасныг хүлээн авч хэлэлцсэн. Ингээд “...Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж шийдэж байлаа.

Ингэхээр энэ сарын 27-нд болох дунд суудлын хуралдаанаар Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг Үндсэн хуулийн Цэц хоёр дахиа хэлэлцэх гэж байгаа юм.

Гэхдээ энэ удаагийнх онцлогтой. Монголын төрийн доройтлын сонгодог жишээгээр шалгарсан Д.Гантулгын дотоожны асуудал явсаар Үндсэн хуулийн Цэц дээр очиж байна.

“Дотоож”-ийг үндэслэл болгон хэлэлцэх гэж байгаа Үндсэн хуулийн Цэцийг Монголын ард түмэн анхааралтай ажиглаж байна.

Учир нь Үндсэн хуулийн Цэц Судлаач Д.Ганхуягийн гомдлыг “...Зөв” хэмээж, Д.Гантулгын дотоожийг “угаах” уу, яах вэ гэдгээс их зүйл хамаарах болоод байгаа юм.

Асуудлын гол нь Хэнтийд болох нөхөн сонгууль бус Үндсэн хуулийн Цэц энэхүү дотоожны асуудал гэдгийг учир мэдэх олон хүн хэлж байна.

Ер нь бол Үндсэн хуулийн Цэц Монголын ирээдүйд итгэх сүүлчийн найдвар болсон. Тиймээс бичвэрийн эхэнд өгүүлсэн “Ёс суртахууны хил хязгаарыг гишгэчсэн “улс төр” хуулийг даваад явчихсан шүү” гэдгийг дахин дурдъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.24  баасан  №107  (6074)