Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /05.17/хуралдаанаар долоон улсад шинээр томилох Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.  Удахгүй Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж парламентаар хэлэлцэхээр тогтсон байна.  Тэгвэл шинээр томилогдох Элчин сайд нарын хэн нь хэн болохыг хүргэж байна.

1. Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг дэмжлээ.  Тэрээр 1964 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Дипломатч мэргэжилтэй. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд, Лондонгийн Весминстрийн их сургуулийг 1999 онд тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр цолтой. 1989 оноос эхлэн ГХЯ-нд тасралтгүй ажиллаж буй бөгөөд одоо тус яамны ОНХГ-ын захирлаар ажиллаж байна. Польш, орос, англи хэлтэй.

2.Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг дэмжсэн.  Тэрээр  Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга, Төрийн ёслолын албанд даргын алба хашиж байсан төдийгүй Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Хэргийг түр хамаарагчаар ажиллаж байсан нэгэн. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой юм.

3.Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаярыг дэмжлээ.  Тэрээр 1979 онд Увс аймагт төрсөн.  2001 онд  МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд   Шинэ зеландын Велингтоны их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, хууль зүйн бакалавр, Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 2000-2004  УИХ-ын Тамгын газар, 2007-2012  Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газарт мэргэжилтэн, атташе, дэд захирал,2012-2014  Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул, 2014-2016  ГХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, консулын газрын дэд захирал, 2016 оны наймдугаар сараас   ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар тус тус ажиллаж байна. Гадаад хэлний мэдлэг:  Англи хэлний мэдлэгтэй.

4. Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг дэмжлээ. Тэрээр Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна. Канадын Оттава дахь Монголын ЭСЯ-нд нэг, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2008 оноос Япон дахь ЭСЯ-нд зөвлөх, консулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад  2012 онд Монгол Улсаас Камбожийн Вант улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв.

5. Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг томилохоор тохирчээ. В.Энхболд нь  1989  онд ОХУ-ын Владимир хотын Техникийн Их Сургууль, Олон улсын эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй. 1989-1991 онд Сэргээгдэх эрчим хүчний институтын эрдэм шинжилгээний ажилтан, 1991-1996 онд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд мэргэжилтэн, 1996-1999 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, 1999-2001 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Дэлхийн худалдааны байгууллага хариуцсан Ахлах мэргэжилтэн, 2001-2004 онд Монгол Улсаас ШХУ-д суугаа ЭСЯ/БТГ-т 2 дугаар нарийн бичгийн дарга, 2004-2008 онд Худалдаа, үйлдвэрийн яамны Худалдааны бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2008-2011 онд Монгол Улсаас БНЭУ болон Шри-Ланк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-ны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банк, Европын холбооны Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдэд бие даасан зөвлөх 2016 оны 8 дугаар сараас ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар тус тус ажиллаж байна. Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос хэлний мэдлэгтэй гэжээ.

6. Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг томилохоор болжээ. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан  Д.Даваасүрэн нь Улаанбаатар хотод 1970 онд төрсөн. Москва хотын Олон Улсын харилцааны сургуулийг эдийн засагч, эдийн засгийн ухааны магистраар, Сөүлийн Үндэсний Их сургуулийг Олон Улсын бизнесийн Удирдлагын магистраар төгсч, 2001 онд АНУ-д Ази Номхон далайн бүс нутгийн Аюулгүй байдлын дээд курст суралцаж төгссөн, орос, англи, солонгос хэлтэй.1994-2002 онд Гадаад харилцааны яаманд дипломат ажилтан, 2002-2006 онд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга, 2006-2008 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2012 онд АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.

7. Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг дэмжлээ. Ш.Батцэцэг нь жижиг, дунд бизнесийн удирдлагын менежер, багш мэргэжилтэй. 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2013 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.  Мөн Индонез улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан билээ. Одоо “Эй Би Ай” хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn