С.УЯНГА

Махны үнийн өсөлт энэ хаврын улс төрийн синдромоос илүүтэй хамгийн халуун сэдэв болоод байна. Энэ янзаараа махны үнийн дэргэд Хэнтийн нөхөн сонгууль тойрсон Цэцийн шийдвэр ч жижигрэх бололтой. Үнэ нь өссөн махны талаарх сэдэв явсаар зарим нэг улстөрчөөр идэх махныхаа хэмжээг “жинлүүлэх” дээрээ тултал өндрөө авав.

Хамгийн сүүлийн мэдээллээр 60 сая малтай Монгол Улсад маань нэг кг үхрийн мах 16500, ширхэг хуушуур 1200 төгрөг хүрээд байна. Энэ нь олон нийтийг ихэд эгдүүцүүлж, төрөл бүрээр л бухимдлаа илэрхийлж байна.

Угаас 60 мал гаднаа бэлчээчихээд махны үнэд дарлуулж сууна гэж баймгүй. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс мах үргэлж  магнаг байгаагүйг харж болно. Статистикийн байгууллага сонгосон цэгүүдийн үнийг долоо хоногийн зайтай нэгбүрчлэн судалж харьцуулдаг гэхээр “Үнэ хөөсөрлөө” гэж хардах боломжгүй юм. Энэ мэдээллээс харвал өнгөрсөн жилийн хаврын тавдугаар сарын 16-ны өдөр үхрийн ястай мах кг нь 8435 төгрөг, харин намар нь 7835 болж бүхэл 1000 төгрөгөөр буурсан байна. Харин энэ сарын 8-ны  мэдээллээр үхрийн ястай мах нэг килограмм нь 9599 төгрөг болж үнэ өсчээ.  Хонины махаар жишээ авч үзвэл өнгөрсөн намар хонины ястай мах кг нь 6580 төгрөг байсан бол өнөөдөр 8750 төгрөг болсон байх юм.

Өөрөөр хэлбэл, махны үнэ хавар өсч намар огцом буухад хэн ч мэдэж анзаардаггүй мөртлөө үнэ өсөнгүүт хоолой мэдэн хашхирдаг нь бидний зан биш гэм бололтой. Уг нь монголчуудын хүнсний үндсэн хэрэглээ маш цомхон. Мах, гурил, шатахууны үнээс л шалтгаалчихаж байгаа юм. Энэ гурвын үнэ дундаж байвал монголчууд барагтай л бол дуугарахгүй дээ. Харин сүүлийн үед шатахуун, махны үнэ байсхийгээд л “дээшлээд” байгаа болохоор ингэж бухимдах нь аргагүй ч байж мэднэ.  Ер нь бол махны үнээ ингэж алдсан Засгийн газарт иргэд тааруухан хандаж эхлээд байгаа юм.

Гэтэл Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн рейтинг махны үнэтэй зэрэгцэн өссөн байдаг. “Сантмарал” сангийн судалгааны байгууллагын 2018 оны гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 2-ний өдрийн хооронд Улаанбаатар хот болон 21 аймгаас түүвэрлэн хийсэн судалгааны дүнгээс харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн жилийн өдийд 14.7 хувь буюу улс эх орны хэмжээний шилдэг улстөрчдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байжээ. Энэ судалгаанд Ерөнхийлөгч Х.Баттулга 33.6 хувиар тэргүүлсэн бол МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 20.8 хувь, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 19.8, У.Хүрэлсүх 14.7 хувийн санал авч байсан аж.  Харин “Сантмарал”-ын энэ оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 9-ний хооронд хийсэн судалгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өмнөхөөсөө болоод бусад улстөрчдөөс хол тасарчээ. Судалгаанд Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Говь-Алтай аймгуудийн 1200 иргэнийг хамруулахад 24.9 хувьтай байжээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын рейтинг, махны үнэ хоёр энэ хавар зуны цагийн хамгийн огцом өсөлт байсан гэж болно. Гэхдээ өндөр рейтингтэй байгаа Ерөнхий сайд өндөр үнэтэй махны үнийг нам дарах үндсэн ажилтай. Тиймээс дээр хэлсэнчлэн махны үнэ өссөнд иргэд Засгийн газрыг буруутгаад байгаа хэрэг.

Өчигдөр Засгийн газрын салбар хариуцсан сайд нь “Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Дулааны аргаар мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Тиймээс  махны үнэ тогтворжиж эхэлнэ” гэж л байна.

Үнэхээрийн тогтворжоод, бас бууж байвал болж л байна. Хэрвээ үгүй бол олон нийт огцом өсөлттэй яваа Ерөнхий сайдын рейтингийг шалд нь буутал доошлуулж мэдэхээр болоод байгааг дуулгая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.15  лхагва  №100  (6067)