С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлэг иргэдэд Итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжжээ. МАН-ын 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрт “Иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй иргэдэд итгэлийн зээл олгоно" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суулгасан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтмол орлоготой байлгах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн.

Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд банкны зээлд хамрагдаж чадахгүй байна. Энэ төсөлд барьцаа шаардахгүй, бага хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ. Нийгмийн итгэлцлийг бий болгосноор иргэд амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэнэ.
Банкнаас зээлдэгчдийн судалгаагаар иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэл зээл авдаг. Тиймээс Итгэлийн зээлийн дээд хэмжээ 20 сая төгрөг байна.

18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авч болно. Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дараагийн зээл авах боломж олгоно. Зээлийг төр хариуцаад Төрийн банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй олгохоор төсөлд тусгасан” гэв.  Ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээл олгоход зарцуулах тооцоолол хийж,  Итгэлийн зээл олгох хуулийн төслөө Засгийн газарт өргөн мэдүүлээд байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn