Б.СОЛОНГО
Цинтао нэрээрээ дэлхийд алдартай шар айргийг нь очиж ууна даа гэж бидний хэдэн нөхөд ярилцсаар Бээжингээс 1500 км-ийн зайд орших Чиндао хот хүрэх хурдны галт тэргэнд суулаа. Цагт 300 км/ц хурдлах галт тэрэгний цонхоор цэвэрхэн хот, өндөр барилгууд, тариан талбай, өнгө алаглуулан ургуулсан ногоон байгууламж, хурдны зам, жирэлзэн өнгөрөх хүмүүс, машинууд үзэгдэнэ. “Манайх ийм хурдан галт тэрэгтэй болчихвол Улаанбаатараас Ховд хүртэл тавхан цаг давхиад хүрнэ дээ. Зам зуураа унаган байгалийнхаа гоо үзэсгэлэн, уул ус, мод ургамал, тал хээр, ан амьтан, нүүдэлчин ардаа харж хэчнээн баясалтай явах бол гэсэн бодол төрж явав. Үүнтэй зэрэгцэн энэ олон хүнээ ажил, орлоготой байлгаж, өргөн уудам газар нутагтаа булан ч үлдээлгүй тохижуулж, бүтээн байгуулж, хөгжил цэцэглэлтийн гайхамшгийг үзүүлж чадаж байгаа өмнөд хөршийн бодлого, туршлагыг гайхан бахдаж явсан юм.
Цонхон дээр тавьсан цаасан аягатай ус халгих нь байтугай цэлэлзэж хөдлөлгүйгээр жигдхэн намуухан сүнгэнэсээр тавхан цагийн дараа Чиндао хотын галт тэрэгний буудалд буулаа.
Далайн таатай зөөлөн салхи үлээсэн Чиндаогийн гудамж ганган чамин, цэвэрхэн, Азийн гэхээс илүү Европын хотуудад очсон мэт загвар, дизайн бүхий барилгуудтай юм. Чиндао хот нь Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн түүхэнд анхны далайн дагуух нээлттэй хот болон хөгжсөн бөгөөд өндөр төвшинд хөгжин дээшилсэн орчин цагийн үзэсгэлэнт сайхан хот болжээ.
Хятадын Шандоны хойгийн өмнөд үзүүрт байрлах энэ хот нь долоон дүүрэгтэй, 8.1 сая гаруй хүн амьдардаг. Уур амьсгал нь улирлын шинж чанартай, өвөл нь хүйтэн, заримдаа цастай, зундаа халуун чийглэг ч хэт халуун өдрүүд ховор байдаг. Далайн эргийн үзэсгэлэнт байгалиараа алдартай. Аялал жуулчлалаар зочлон очиход тун тааламжтай хот гэж хөтөч бүсгүй тайлбарлав.
![](http://polit.mn/wp-content/uploads/2019/05/5-10-6й1.jpg)
Шар тэнгисийн хөвөө дэрлэн дүнхийх энэ хот нь өнөөдөр Ази, Европыг холбосон эдийн засгийн чухал коридор, худалдааны чөлөөт бүс болж чадсан байна.
Эдийн засгийн менежмент, төсвийн хүчин чадлаараа бие даасан байдалтай болж сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжжээ. Худалдаа арилжаа, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэрлэл, аялал жуучлал, далай, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэсэн аж үйлдвэрийн салбартай. Өнгөрсөн жил ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан энэ хот өдгөө 216 оронтой худалдааны эргэлт хийдэг дэлхийд долоод бичигдэх томоохон боомт болжээ. Түүнчлэн инноваци, технологийн ололт амжилтуудыг гэрлийн хурдаар нэвтрүүлж, гарааны бизнес эрхлэгч залуучуудыг аж үйлдвэрийн салбарын тулгуур багана болгосон нь ийнхүү хөгжлийн хурдыг авчирсан гэж байв.
Үдшийн Чиндаогийн өнгө өнгийн гэрэлт гудамж, тэр чигээрээ лед дэлгэц болсон тэнгэр баганадсан өндөр барилгууд, туулай, панданаас эхлээд төрөл бүрийн хэлбэрт оруулж, зассан мод, цэцэгсийг харж нүд баясгасаар зочид буудалдаа буулаа. Хятадад тэр бүр тааралдаад байдаггүй англи хэлээр цэвэрхэн ярьдаг угтагч, үйлчлэгч энд олон юм. Олон улсын худалдааны чөлөөт бүс болж хөгжсөн энэ хотын хүн амын дийлэнх нь залуучууд . Ази, Европын соёл, хэв шинжийн аль алиныг агуулсан нь тун дэгжин аж.
10 мянган ажилчны 10 жилийн хөдөлмөр
Дэлхийд гуравт ордог тээвэр ложистикийн төвтэй танилцахаар Чиндаогоос холгүй орших Хуандао дүүрэг рүү хөдөлсөн юм. Энэ дүүрэг нь худалдааны чөлөөт бүсийн гол нутаг дэвсгэр бөгөөд далайн боомт бүхий жишиг дүүрэг аж. Өмнө нь энэ дүүрэг рүү машинаар явахын тулд 4-5 цагийг зарцуулдаг байжээ. Харин одоо дүүрэг хот хоёроо холбосон хурдны замаар ганц цаг хүрэхгүй хугацаанд давхиад оччихдог болжээ. Өөрөөр хэлбэл, далай дээрх дэлхийн хамгийн урт гүүрэн замыг тэд 2007 оноос барьж эхэлсэн байна. Шар тэнгисийн дээгүүр дамнасан 43 км урт гүүрээр жуулчны автобусаар явахад үзүүр нь харагдахгүй далайн цэнхэр уснаас өөр юу ч үл үзэгдэнэ.
“Qingdao Haiwan Bridge” нэртэй тус гүүрийг 10 мянга гаруй ажилчин дөрвөн жилийн турш барьж, 10 тэрбум юань буюу 1.55 тэрбум ам.доллар зарцуулсан нүсэр бүтээн байгуулалт болжээ. Тус гүүр нь 5200 орчим тулгуур баганатай, 300 мянган тоннын даацтай, өдөрт 30 мянган машин зорчихоор тооцоолж, шуурга, хуй салхи, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар хийсэн гэнэ. Энэ амжилтаараа Гиннесийн номонд бичигдсэн хамгийн урт гүүрэн замаар аялсан сонирхолтой дурсамж ийнхүү үлдсэн юм.
Жишиг дүүрэгт байх тээвэр ложистикийн гол төв нь агаар, усан, замын гээд тээвэртэй холбоотой цогц үйлчилгээг үзүүлдэг. Тээвэр ложистикийн үйлчилгээнд дэлхийд нэртэй томоохон брэнд үйлдвэрлэгч компаниуд цугларч нэг цэгт төвлөрөн захиалга авах, үйлдвэрлэл явуулах, борлуулах, илгээх үйлчилгээг хурдан шуурхай хийдэг юм байна. Бидний зочилсон тавилга үйлдвэрлэлийн компани гэхэд хэрэглэгчийн хүссэн загвар хийцийн захиалгыг онлайнаар авч тавилгыг нь үйлдвэрлээд дэлхийн хаана ч байсан хүргэж өгдөг, бүх шат дамжлагыг нэг дор багтаасан байсан юм.
Чиндао хот нь сүүлийн жилүүдэд соёл, урлаг, спортын хөгжлөөрөө хүч түрж байгааг энд онцлон тэмдэглэхээр байв. 2008 оны Бээжингийн олимпийн усан спортын тэмцээнүүд тус хотод болсноос хойш энэ салбар нь хурдацтай хөгжжээ. Дэлхийн кино наадмуудыг амжилттай зохион байгуулдаг уламжлал тогтсон нь жуулчдыг ихээр татах болсон байна. Нийтлэлийн эхэнд дурдсан Лаошан уулынх нь цэвэр усаар хийсэн Цинтао брэндийн шар айраг нь Хятадад төдийгүй дэлхий дахинд маш алдартай. Зөвхөн энэ шар айргийг уух гэж дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн зорьж ирдэг гэсэн. Хотын брэнд болсон шар айргандаа зориулж музей хүртэл байгуулжээ. Түүнчлэн эртний хаадын амьдарч ирсэн хот, тосгоныг тэр хэвээр нь үлдээж, аялал жуулчлалын томоохон цогцолбор газруудыг байгуулсан байлаа. Мөн залуучуудын, орчин үеийн, олон улсын чөлөөт бүс гэдэг утгаараа дэлхийд алдартай бүх брэнд энэ хотод цугласан байна. Хуучнаас үлдсэн хөдөөгийн тосгод, шавар байшингуудыг нураахтай зэрэгцэн өндөр барилга байшингуудыг бүтээн босгож байгаатай ч бид тааралдав. Технологижсон аж үйлдвэр, уламжлалт соёлоо хадгалсан аялал жуулчлал гээд Шар тэнгисийн хөвөөн дэх үзэсгэлэнт Чиндао хотод үзэж харах зүйл барагдахгүй арвин юм билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2019.5.10 Баасан №97 (6064)