Т.БАТСАЙХАН
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна. Энэхүү хуулийн төсөл дээр хуульчид нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Захиргааны шүүхийн эрх мэдлийг хязгаарлаж, Засгийн газарт давуу эрх олгосон тухай яригдаж эхлээд байна. Тэгвэл энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нарын байр суурийг 50:50 булангаараа хүргэж байна.
Н.Оюундарь: Шүүхийн хараат бус байдлыг булшлах хэлбэр яваад байна -Захиргааны хэргийн шүүх гэдэг маань Засгийн газар түүний харъяа байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах учиртай. Засгийн газар нэг аж ахуй нэгж, нэг иргэний эрх ашгийн төлөө биш бүх нийтэд шийдвэрээ гаргаж байдаг. Харин энэ хууль батлагдсанаар Засгийн газрын эрх мэдэл улам нэмэгдэж, аливаа асуудалд дураараа аашлах, шийдвэр гаргах боломжтой болно. Тэр утгаараа би энэ хуульд эсрэг байр суурьтай байна. Хараат бус бие даасан хариуцлагатай шударга шүүхийг бид бий болгох талаар их ярьдаг. Гэтэл энэ хуулийн төсөл нь хараат бус байдлыг булшилж байгаа нэг хэлбэр юм. Зарим хуульч Үндсэн хуулийн шийдвэр эцсийнх байдаг учраас Захиргааны шүүх тийм ч ач холбогдолтой биш гэж ярьдаг. Энэ буруу ойлголт юм. Би нэг ч хуульч, шүүгч танихгүй. Надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. Засгийн газрын нэг жилд гаргасан шийдвэрийн 49 хувь нь улс төрийн, 51 хувь нь хуулийн этгээд, иргэдтэй холбоотой байна. Тийм болохоор иргэд захиргааны шүүх дээр очиж л эрх ашгаа хамгаалуулна шүү дээ. Өөр хаана хандах юм. Энэ хуулийн төсөл батлагдвал төрийн захиргааны төв байгууллагууд шүүхэд хянагдахгүй л нөхцөл байдал үүсэх гээд байна. | П.Сайнзориг: Засгийн газрын шийдвэр шүүхийн хяналтаас гарахгүй -Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн судалгаа хийсэн. Хөндлөнгийн судалгааг их сургуулийн багш, хуульчдаар хийлгэсэн. Ерөнхийдөө аливаа хууль тогтоомжийг Үндсэн хуулийн хашилтад хийх ёстой гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, 2005 оны Үндсэн хуулийн цэц хүчинтэй бөгөөд түүнээс хойш Үндсэн хууль өөрчлөгдөөгүй. Дэлхийн нийтийн хандлага ч тийм, шүүх нь Засгийн газрынхаа шийдвэрийг хүчингүй болгодоггүй. Энэ нь төрийн эрх мэдлийг хуваарилах онол алдагдаж байгаа хэлбэр гэдэг. Холбогдох шүүх нь хууль зөрчсөн эсэхийг тогтоох асуудал байдаг. Гэтэл үүнээс хальсан байна гэдэг асуудал яригдсан байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Засгийн газрын 21 шийдвэрийг шүүх хүчингүй болгож, өөрчлөлт оруулах арга хэмжээ авсан байгаа. Засгийн газар жилдээ 500-600 шийдвэр гаргадаг. Захиргааны хэргийн шүүх байгуулагдахаас өмнө иргэд Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлаар Иргэний шүүхэд ханддаг байсан. Иргэд Үндсэн хуулийн цэц, Иргэний шүүхэд хандах бололцоотой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэр шүүхийн хяналтаас гарах гэж байгаа асуудал огт байхгүй. |
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.9 ПҮРЭВ №96 (6063)