Т.САЙХАН
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргад Х.Болорчулууныг нэр дэвшүүлэх саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс оруулж ирсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ томилгоонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ийм хариуцлагагүй хүнийг байнгын хорооны даргад оруулж ирж байгаад харамсч байна
-Маш чухал асуудал хариуцсан Байнгын хорооны даргад ийм хариуцлагагүй хүн оруулж ирж байгаад харамсч байна. Би Болорчулуун гишүүнийг шударга залуу юм болов уу гэж бодож байсан ч үгүй юм билээ. Нэлээд судалж үзсэн. Ажлыг худлаа популимз байдлаар хийж болохгүй. Оюутолгойн ажлын хэсэгт орж ажилласан. Гэсэн ч хуралдаа суугаагүй. Оюутолгой, ЖДҮХС-д хариуцлагагүй хандаж байна шүү дээ. Байнгын хорооны дарга болвол нэг зангаараа зарчмаасаа ухрахгүй ажиллаж чадах эсэхэд эргэлзэж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Оюутолгойн асуудалд би байр суурин дээрээ хатуу зогсоно
-УИХ-ын гишүүн зүй бусаар зээлд авахад нөлөөлсөн үү гэдгийг шалгах ёстой. Миний хувьд ямар нэг байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Орон нутагт үйлдвэрлэл явуулахад ямар хэцүү байдгийг та мэдэх байх. Дорнод гурил компани анх удаа энэ сангаас зээл авсан. Оюутолгойн асуудалд би байр суурин дээрээ хатуу зогсоно. Дэд ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Би өөрийнхөө дүгнэлтийг бичиж танд өгсөн. Хариуцлагатайгаар хуралдаж, ажлын хэсэг дүгнэлтээ гаргах ёстой гэж боддог. Таны ахалсан ажлын хэсэг хариуцлагатай дүгнэлт гаргаагүй шүү.
Ингээд бүлгээс оруулж ирсэн саналаар Х.Болорчулууныг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх эсэхээр санал хураалгахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ.
Эх сурвалж:www.polit.mn