Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллаж байна. Тэрбээр эхлээд тус сумын иргэдтэй уулзаж, орон нутаг дахь төрийн үйлчилгээ, удирдлагын ажлын хэрэгжилтийн тайланг сонслоо. 

Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэр олон жил хүлээгдэж, орхигдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн юм. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэхийг даалгалаа. Мөн эрчим хүчний чадал нь хүрэлцдэггүйгээс хүчдэл нь байнга унадаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 3,2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтааж нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. 

Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өглөө. Сумын иргэд Засгийн газрын тэргүүнээс асуулт асууж, хариулт авч, шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буй үйлсийг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

Өнгөрсөн 2018 онд 13 аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын зарим гишүүдийн хамт энэ сард Хэнтий, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажилд ямар асуудал тулгарч буйтай танилцаж, газар дээр нь шийдвэрлэж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.