Т.САЙХАН
УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /05.06/хуралдаж хуралдаж, гаргасан шийдвэр тогтоолоо танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляцитай холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр улс орны нөхцөл байдал иргэдийн амьдрал туйлын хүнд байна. Ийм үед Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна. Хэнтийн нуруунд гарсан түймэр олон хоног үргэлжилж, 60 км газрыг эзэлсэн. Ийм үед Засгийн газар сонгуулийн тойрогт ажиллаж, сонгуулийн сурталчилгаа ярьж яваа нь харамсалтай. Сонгуулийн тойрогт амлаад буй мөнгө төгрөгөө түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст, хоол хүнс дутагдалтай газарт зарцуулах хэрэгтэй. Гэтэл Ерөнхий сайд тэнд очиж, уулзалт хийж байгаа нь сонгуулийн хууль зөрчиж байна. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ урьд байгаагүйгээр өдөр бүр өсөн нэмэгдэж, дундаж орлоготой айлын амьдрал улам уруудан доошилж байна" гэлээ.
Түүнчлэн тэрээр “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарах боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сарын 7-нд батлагдсан. Тус хууль хэрэгжсэний дараа 34,7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын засгийн үед авсан 2,5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй зүйл юм. 11 их наяд нь бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлтийн чөлөөлөлт байсан. Түүнээс биш 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс хулгайлсан асуудал биш"гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn