Т.САЙХАН

Сонгуулийн ерөнхий хорооноос  өнгөрсөн баасан гаригт УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх намын удирдлагуудад батламж гардууллаа. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд байв. Түүнээс МАХН, МАН, АН, ХҮН гэсэн 11 нам ирэх сарын 30-нд болох сонгуульд өрсөлдөхөөр боллоо.  Харин  Иргэний Зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй, Монголын хүний төлөө намыг баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгээгүй байна.

СЕХ-ноос нөхөн сонгуульд оролцох намуудад батламж гардуулсан учраас тавдугаар сарын 24-28-нд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлнэ. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 “Сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан. Энэ заалтын дагуу санал авах өдрөөс 37 хоногийн өмнө нам, эвсэл, бие даагч нар нэр дэвших хүсэлт болон бусад холбогдох материалаа СЕХ-нд хүргүүлнэ.

Түүнчлэн СЕХ нэр дэвшүүлэх хуульд заасны дагуу нэр дэвшигчийн бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтаан бүртгэх эсэх тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 8-ны өдөр олгоно гэжээ. 

Ийнхүү ирэх сарын 30-нд Хэнтий  аймагт болох нөхөн сонгуулийн  асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж эхлэв.  Намууд дотооддоо хэнийг  нэр дэвшүүлэхээ ярьж, сонгуулийн төлөвлөгөөгөө боловсруулж эхлээд байна. МАХН-ын хувьд Хэнтий аймгийн 42 дугаар тойргын 11 мянган сонгогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд энэ сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн.  Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  “2020 оны сонгуулийн өмнөх том сорилт болох учраас нөхөн сонгуульд ач холбогдол өгч оролцоно” гэсэн бол  АН-ын дарга С.Эрдэнэ “Намуудын рейтингийг тогтоох чухал сорилт болно” хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Түүнчлэн өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар хэд хэдэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болов. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Ажлын хэсгийнхэн эрдэс баялгийн салбарын 10  хуульд дүн шинжилгээ хийж, 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл тогтоожээ. Тиймээс  зөрчилтэй асуудлуудыг хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийг оруулж ирж байгаа гэдгийг УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар танилцуулав.

Хууль батлагдсанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах бүрэн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгодог болох юм. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулж, стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус гэрээг сум, дүүргийн Засаг даргатай байгуулахаар тусгасан гэлээ. Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийг энэ долоо хоногт багтааж, эцэслэн батлах товтой байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.6  ДАВАА  93  (6060)