Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилсон.  Энэ үеэр гишүүд Оюутолгойтой холбоотой асуудлыг үргэжлүүлэн шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг даалгасан юм.  Одоогоор АТГ-аас Оюутолгойд хийсэн шалгалтын дүгнэлтийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлжээ.  Түүнчлэн, Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлтийг мөн УИХ-д хүргүүлжээ. Оюутолгойн асуудлаар гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

Д.Тэрбишдагва: Оюутолгойтой холбоотой ноцтой асуудлууд яригдана

-Оюутолгойтой холбоотой асуудал дээр АТГ-ын өмнөх удирдлага маш сайн ажилласан гэж бодож байна. Нууцын зэрэглэлтэй материалыг дээд түвшинд өгсөн байна лээ. Шалгалтын явц 90 хувьтай байна.  Энэ ажлыг үргэлжлүүлмээр байна. Би ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа мөн энэ байгууллагатай хамтарч ажилласан.  Ойрын хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал УИХ-аар орно. Оюутолгойтой холбоотой нэлээд ноцтой асуудлууд яригдах байх.

Х.Болорчулуун: Оюутолгой  бол жинхэнэ дээрэм болсон

 -АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд том хэргүүдийн эсрэг хөдөлж чадсан. Үүний нэг нь Оюутолгой.  Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг шалгаж байгаа. Эдийн засгийн том хэргүүд дээр маш сайн ойлголттой ажиллаж байсан. Х.Энхжаргал даргын дутууг нь гүйцээж ажиллах хэрэгтэй. Том хэргүүдтэй тэмцэхэд маш их бэрхшээл, саад гарна. Хамгийн ойрын хүнээр чинь нөлөөлүүлэх гэж үзнэ. Оюутолгойн хэрэг бол жинхэнэ дээрэм болсон. Үүнийг үргэлжлүүлэн шалгах ёстой.

Ц.Даваасүрэн: Эх орноо худалдсан хүмүүст хатуу хандах ёстой

-Төрийн өндөр албан тушаалтнууд хулгай хийсэн бол шоронгийн хаалга татдаг юм гэдгийг Х.Энхжаргал дарга харуулсан шүү. Үүнийг та хоёр баллуурдах вий. Улс орноо хулгайлсан хулгайчдыг амьдрах боломжгүй болгох ёстой. Оюутолгойн асуудлыг сайн шалгаарай. Өмнөх удирдлагуудын эхлүүлсэн ажлыг хэрхэн авч явах нь уу гэдгийг хүн бүхэн харж байгаа шүү. Улс төрийн захиалгаас хол байна биз.

Б.Бат-Эрдэнэ: Ард түмэн бухимдах нэг шалтгаан нь Оюутолгой

-Улстөрчид оролцсон томоохон хэргүүдийг илрүүлэх шаардлагатай байна. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудал дээр бид тодорхой байр сууриа хэлээд тэмцээд яаж ч чадахгүй байна. Байгуулагдсан ажлын хэсэг тодорхой асуудлаар шалгасан. Шалгалтын дүгнэлт гарсан. Тодорхой асуудал ярихаар ямар нэгэн байдлаар буруутай хүмүүс мултардаг ийм хүмүүс энд сууж байна. Тэгэхээр энэ асуудлыг шалгаж цэгцэлмээр байна. Ард түмнийг бухимдлын гол шалтгааны нэг энэ юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.Баасан  №92  (6059)