С.САРУУЛ
Янгир, аргаль, буга, бор гѳрѳѳс, дорго зэрэг амьтдын цус уувал тѳрѳл бүрийн ѳвчинд сайн гэсэн цуу, ам дамжсан яриа сүүлийн үед улам өргөн цараатай, хурдтай түгэж, ашиг хонжоо олох арга хэрэгсэл болоод байгаа билээ. Цус хэрэглэх явдал нь эмчилгээний ямар нѳлѳѳтэйг эмнэл зүйн судалгааны үр дүнгээр батлаагүй бѳгѳѳд энэ үйлдэл нь нөгөө талаас манай улсын хуулиар хамгаалагдсан амьтдыг хууль бусаар агнаж, байгаль орчинд хохирол учруулах аюул дагуулж буй.
Тэгвэл дээрх таван зүйл хөхтөн амьтдын цус уувал хачигт энцефалит, риккетсиоз, боррелиоз, боом, гепатит Е, хулгана тахал буюу туляреми, сүрье, бруцеллёз халдварлах эрсдэлтэй юм байна.
Эхний гурван ѳвчин хачгаар дамждаг боловч, түүхий сүү, цус ууснаар дамжих аюултай. Ялангуяа, бор гѳрѳѳсний халуун цус уух гэсэн хүмүүс цустай нь хамт 10 тѳрлийн вирус, нян, цусны эгэл биетнээр шууд халдварлах эрсдэл бас боломж бий. Хачигт энцефалитын вирус, риккетсиозын нян зэрэг нь хүний тархи, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг хүнд ѳвчинд тооцогддог. Ахмад настан илуу хүндээр тусч амь эрсдэх магадлал ихтэй, харин жирэмсэн эхчүүдийн хувьд вирус нь урагт халдварладаг аюултайг санах хэрэгтэй.
Зооноз ѳвчин судлалын үндэсний тѳвийн мэдээгээр, 2017 онд хачигт энцефалитаар 62 ѳвчлѳл бүртгэгдсэн ба түүнээс 5 хүн нас баржээ. Хачигт боррелиозоор 46 ѳвчлѳл, харин хачигт риккетсиозоор 357 ѳвчлѳл бүртгэгдснээс 2 тохиолдол нь нас барахад хүргэжээ. Гепатит “Е” вирус элгийг голчлон гэмтээдэг бол сүрье, бруцеллёзын үүсгэгч нян хүний биеийн бүхий л эрхтэнг ѳвчлүүлнэ.
Эх сурвалж: www.polit.mn