Д.ОЮУНЧИМЭГ
Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэгтэй ярилцлаа. Тэрээр хүүхдийн зохиолчдын уран бүтээлийг олонд таниулах ажлын хийж байгаа аж.
-Хүүхдийн төв номын сан хэдийд байгуулагдсан бэ. Уншигчиддаа зориулж ямар ажил хийж байна?
- Хүүхдийн төв номын сан байгуулагдаад 15 жил болж байна. Жилдээ 50 гаруй мянган уншигчдад 100 гаруй мянган номоор үйлчилдэг. Бид алслагдсан дүүргийн хүүхдэд зөөврийн номын сангаар үйлчилж байна. Ингэхдээ аль болох хорих анги болон хөгжлийн бэрхшээлтэй, асрамжийн газарт байдаг хүүхдэд ч хүртээмжтэй байлгахыг зорьж байна. Манай номын сангийн нэг онцлог нь бэлтгэгдээгүй байдаг учраас номыг таниулахын тулд зохиолчидтой хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, гурван наснаас эхэлж буй уншигчиддаа төрөл бүрийн соёлын арга хэмжээг зохион байгуулах зайлшгүй шаардлага бий.
-Соёлын арга хэмжээ гэхээр чухам ямар байдлаар явуулж байна. Саяхан хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 90 насны ойд зориулсан өдөрлөг болж байсан?
-Бид үндсэн ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ соёлын ажил хийж байна. Ингэснээр хүүхдүүдэд ном унших сонирхлыг нь төрүүлэхээс гадна танин мэдэхүйн ач холбогдолтой. Тодруулбал, зохиолч, уншигчийн уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Мөн хүүхдийн зохиолчийн насны ой, тэмдэглэлт өдрүүдийг угтсан эрдэм шинжилгээний хурал болон өдөрлөг зохиож түүндээ хүүхдүүдийг оролцуулж байна. Саяхан хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 90 насны ойд зориулан өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр дунд сургууль болоод цэцэрлэгийн хүүхдүүд түүний зохиосон дуу, шүлгийг ирсэн зочдод уншиж, дуулж сонирхуулсан юм. Үүгээрээ тухайн зохиолч ямар уран бүтээлтэй вэ. Түүнийг нь хүүхдүүд хэрхэн хүлээж авч байна гэх мэтчилэн танин мэдэхүйн ажлыг хийхээс гадна зохиолчдынхоо уран бүтээлийг сурталчлах боломж гэж хардаг. Энэ мэтчилэн жилд 200 орчим арга хэмжээг явуулж байна.
-Хүүхдийн зохиолчдоо сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж байгаа арга хэмжээний онцлог болоод хүмүүсийн оролцооны тухайд?
-Жишээлбэл, саяхан болсон хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 90 насны ойд зориулсан өдөрлөгийг нэг жилийн өмнөөс төлөвлөсөн. Үүнд гэр бүлийнхнээс нь эхлээд үеийн нөхөд, зохиолчид оролцохын зэрэгцээ хүүхэд багачууд маань оролцож байна. “Олуулаа”, Жигмэд, Тогмид хоёр” зэрэг дууг нь хүүхдүүд андахгүй. Бас “Барилгачин Баяраа”, “Норовын намтар” гээд шүлгэнд нь дурлаж уншдаг бяцхан авъяастнуудаар өдөрлөгөө чимж байна. Мэдээж хүүхдийн зохиолчид маань оролцож байгаа. Өдөрлөгийн бэлтгэлийг нэлээд хугацаанд хийсэн бөгөөд зохиолчийн гэргий, охин оролцож байна. Зохиолчийн маань охин С.Цэцэгмаа жил бүр аавынхаа ойд зориулж төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай юм билээ.
-Жилд 200 орчим үйл ажиллагааг зохион байгуулна гэхээр нэлээд ачаалалтай ажилладаг гэсэн үг үү?
-Хэдийгээр нэлээд ачаалалтай байдаг ч хүүхдэд зориулан байгуулсан номын сан учраас зайлшгүй хийх ёстой ажлын нэг хэсэг болж байгаа юм.
-Хүүхэд гэлтгүй ер нь хүмүүс ном, сонин уншихаа больсон тухай олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр номын санд зорьж ирээд үйлчлүүлэх уншигчийг татах ямар ажил хийж байна?
-Одоогоор идэвхитэй ажилладаг 40 гаруй хүүхдийн зохиолч бий. Мөн хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Бид хамтраад олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Орчин үеийн хүүхдүүд ном уншихгүй байна гэдэг шүүмжлэлтэй би санал нийлдэггүй. Аливаа зүйл сонголттой байх хэрэгтэй. Тиймээс хэрэв хүүхдийн ном унших орчныг нь бүрдүүлбэл, хүүхэд бүр номонд дурлах болно. Хүүхдийн төв номын сан байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхэдтэй ажиллах арга барилдаа анхаарч ирсэн. Энэ хугацаанд нэлээдгүй ажлыг зохион байгуулж байнгын уншигчтай болж чадсан гэж болно. Сүүлийн үед зөвхөн хүүхэд төдийгүй эцэг эхчүүд рүү хандсан ажлыг хийж эхэллээ. Өөрөөр хэлбэл, гэрийн орчинд хүүхдийг номтой нөхөрлүүлэх боломжийг бүрдүүлэх учиртай.
-Зах зээлийн нийгэмд шилжих тэр цаг үеэс айлуудад номын сан байхгүй болсон гэвэл хилсдэхгүй болов уу. Гэхдээ сүүлийн үед номын үзэсгэлэн худалдаа болоод төрөлжсөн дэлгүүрүүдээр үйлчлүүлэх, ном худалдаж авах хандлага нэмэгдэж байгаа нь анзаарагддаг?
-Тэгэлгүй яахав социализмын үед айл бүрт номын сан байсан. Уран зохиолын болон мэргэжлийн номнууд, ботиуд гээд ямар ч айлд орсон ном байж л байдаг. Тийм болохоор тухайн үеийн хүүхдүүд уншсан номынхоо тухай ярилцаж, тэмдэглэл хөтлөөд сурчихсан байлаа. Таны хэлсэнчлэн сүүлийн үед хүмүүс номонд дурлаж, унших хандлагатай болж ирсэн нь сайн зүйл. Хүүхэд ээж, аавын толь гэдэг. Хэрэв тухайн гэр бүл хэр их ном уншиж байна. Бас унших ном нь сонголттой юу гэдгээс хамаараад хүүхэд ном уншиж сурна. Орчин үе техник технологийн дэвшлээ дагаад бүхий л зүйлийг цахим хэлбэрт шилжүүлэх болжээ. Гэхдээ үүнийг хэн хэрэглэх вэ. Хэдэн наснаас нь эхэлж хэрэглэх вэ гэдгээ гэр бүл дотроо шийдвэрлэх нь зүйтэй гэж боддог. Бага насны хүүхэддээ зурагтай хүүхдийг номыг уншиж, тайлбарлаж өгснөөр хүүхэд номонд дурлаж эхэлнэ. Хэдийгээр уншиж чадахгүй ч зургийг нь хараад үйл явдлыг нь ярьдаг болно. Энэ мэтчилэн нас нэмэх хэрээр ном уншиж, цахим орчноос мэдээлэл хайх эв дүйгээ олж зохистой хэрэглээнд суралцах болно шүү дээ.
-Танай номын санд музей гэж болохоор танхим нээгджээ. Үүнийг зөвхөн хүүхэд үзэх үү эсвэл бүх насныхан сонирхож болох уу?
-БСШУСЯ-ны соёл урлагийн сангийн санхүүжилтээр “Утгын оньс” танхимын бүтээн байгуулалтыг хийж ашиглалтад орууллаа. Энд хүүхдийн зохиолчдын гар бичмэлээс эхлээд бичгийн машин, үзэг зэрэг хэрэглэж байсан эд зүйлсийг олон нийтэд үзүүлж, сурталчлахаас гадна хадгалах юм. Ийнхүү байнгын ажиллагаатай танхимаар дамжуулан хүүхдүүдэд “Зохиолчид бүтээлээ хэрхэн туурвидаг. Ямар зэмсэг хэрэглэдэг. Тухайн шимтэн уншдаг зохиол нь хэрхэн бүтсэн бэ гэдгийг” таниулж, мэдүүлэхийг зорьж байна. Мэдээж насны хязгаар тавихгүй. Хэрэв уншигч хүсэх юм бол манай танхимаар зочилж болно.
-Хүүхдийн зохиол төрөх нь ховор болсон гэлцдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нийлэхгүй. Хүүхдийн зохиол бичдэг олон зохиолч бий. Харин сурталчилгаа дутаж байгаа гэдгийг онцолмоор байна. Үүний тулд зөвхөн номын сан эсвэл сургуулийн орчинд ном зохиол уншдаггүй гэдгийг хүүхдийг бага байхаас нь ойлгуулж, ном унших дадалд сургах учиртай. Мэдээж олон нийтийн оролцоо маш чухал. Тиймээс хүүхдүүдийг ном унших сонирхолтой болгох үүднээс янз бүрийн ажил санаачлан зохион байгуулж ирлээ. Тухайлбал, үдшийн уншлагыг сургуулийн дунд насны хүүхдэд зориулж явуулдаг. Энэ нь Германы туршлага бөгөөд сүүлийн 5-6 жил хийж багаа. Энэхүү уншлагад хүүхдүүд ангиараа хамрагддаг. Магадгүй найз нөхөд, хамт олноороо ч хамрагдах боломж бий. Үдээс хойш 16:00 цагаас маргааш өглөөний 10:00 цаг хүртэл уншлага зохион байгуулдаг. Гэхдээ дан ганц ном л уншаад байхгүй. Тухайн зохиолын талаар харилцан ярилцахын зэрэгцээ дуу хуур, хөгжөөнт тоглоом гээд хүүхдийн сонирхсон номын зохиолчтой холбоотой мэдээллийн талаар ярьдаг.
-Бага насныханд зориулсан арга хэмжээнийхээ талаар тодруулж өгнө үү?
-Үлгэрийн цагийг зохион байгуулдаг. Ингэхдээ Соёлын сургуулийн номын сангийнхантай хамтарч ажилладаг. Ер нь манайх 20 орчим номын санчтай. Тиймээс аливаа ажлыг зохион байгуулахдаа төрийн бус байгууллага, зохиолчид болон хамтарч ажилладаг сургуулийнхан гээд манайхыг дэмждэг хүмүүсийн тусламжтайгаар дээрх ажлуудыг цаг хугацаанд нь амжуулж байна.
-Та дээр зөөврийн номын сан ажиллуулдаг талаар ярьсан. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Зуны улиралд зөөврийн номын сангаа “Зуны зугаатай уншлага” сэдвийн дор хөдөө орон нутгийн хүүхэд, багачууддаа хүргэхийг зорьдог. Энэ зуураа хүүхэлдэйн театрынхаа тоглолтыг сонирхуулдаг. Манай номын сан дэргэдээ хүүхэлдэйн театртай юм шүү дээ. Мэргэжлийн төрөлжсөн байгууллага шиг урын сангаа нэмэгдүүлж чадахгүй л явна. Хүүхдүүддээ “Алтан загасны үлгэр”, “Гахайн гурван тоорой” гэдэг хоёр үзүүлбэрийг сонирхуулдаг. Энэ театрыг хэрхэн ажиллуулах талаар хүүхэлдэйн жүжгийн нэрт найруулагч Б.Алтан-Очир зөвлөдөг. Гэх мэтчилэн хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагаанд тусалж дэмждэг, сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмээр хүүхдүүд номтой нөхөрлөх боломж нээлттэй байгаа юм.
-Зохиолчдын гар бичмэл болоод эд хэрэглэлтэй танилцуулж, сурталчилна гэдэг маш чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр хадгалж, хамгаалах, сэргээн засварлах гээд нэлээдгүй арчилгаа шаардах болов уу. Бараг музей байж болохоор санагдлаа. Тэгэхээр энэ танхимтай танилцахын тулд төлбөр төлөх үү. Цаашид үүнийг баяжуулахын тулд юу хийх вэ?
-Манай номын сангийн үйл ажиллагаа болоод зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд ямар ч үнэ төлбөргүйгээр явдаг. Мэдээж номын сангийн уншигч болохын тулд сургуулийн сурагчид 2000, оюутан болон насанд хүрэгчид 3000 төгрөгөөр жилд нэг удаа үнэмлэх авна. Үнэмлэхээрээ манай дээр зохиогдож буй бүх ажилд оролцохын сацуу гэрээр ном авч болно. Мөн “Утгын оньс” танхимаар үйлчлүүлнэ. Дашрамд дурдахад, энэ танхимаар зөвхөн манай үйлчлүүлэгчдээс гадна бусад хүмүүст ч нээлттэй.
Энэ танхимыг байгуулахын тулд хоёр жилийн өмнөөс эхлэн хүүхдийн зохиолчидтойгоо хамтран гар бичмэлийг нь цуглуулж эхэлсэн. Ер нь дэлхийн аль ч номын санд архивлах, хадгалах, хамгаалах үүргийг хүлээдэг. Тэр утгаараа хүүхдийн зохиолчдын гар бичмэлийг үлдээж авах зорилгоор энэ танхимыг байгуулах болсон. Нөгөөтэйгүүр цахим орчин түгэн дэлгэрч буй энэ цаг үед хүүхдийн зохиол хэрхэн бүтдэг вэ гэдгийг үлдээхийг зорьсон. Ядаж гараар бичсэн захиа зэрэг баримтат өвийг хэдэн үе дамжуулан сэвтээж, гэмтээхгүйгээр хадгалах учиртай. Ингэснээр хүүхдүүд соёлд суралцах боломж гэж харж байна. Бидний цуглуулсан баримт дотор зохиолчид бие, биедээ хандаж бичсэн захианаас эхлээд олон ховор, сонирхолтой баримт бий. Үүнийг зөвхөн хүүхэд гэлтгүй томчуудад ч сонирхож уншина.
Одоогоор тодорхой хэсэг баримтыг дэлгэсэн. Учир нь байр сав, зай талбайн асуудлаас үүдэлтэйгээр зарим хэсгийг нь кодлоод архивт хадгалж байна. Цаашид хүүхдийн зохиолчийнхоо бүтээлийг тус бүрт нь бүртгэлжүүлээд хадгалах ажлыг хийж байна. Үүнээс гадна зохиолчидтой гэрээ байгуулан ямар эд зүйл болоод ямар зохиолын гар бичмэл хадаглагдаж байгаа вэ гэдгээ баталгаажуулан мэдээллийн сан үүсгээд явж байна. Одоогоор 35 зохиолчийн 2500 хуудас материалыг Хүүхдийн төв номын санд ирүүлсэн байгаа.
Эх сурвалж: www.polit.mn