Д.ОЮУНЧИМЭГ

Дисковер Монгол-2018” чуулганы үеэр уул уурхайн салбарт татварын орчны өрсөлдөх чадвар сул байгаа талаар “ЭРНЕСТ энд ЯНГ Монголия аудит” компанийн ахлах менежер Р.Хишигнэмэх ярьж байв. Түүнтэй ярилцлаа.

-Татварын ялгаатай бодлогыг уул уурхайн компаниудад хэрэгжүүлэх боломжийн тухай та ярьсан. Тодруулбал?

-Уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр манай татварын орчин олон улсад өрсөлдөх чадварын талаар ярьсан. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдын дунд уул уурхайн салбарт хөрөнгө оруулахдаа 10 хүчин зүйлийг голлон авч үздэг. Үүнээс 3-5 нь татвартай холбоотой байдаг. Тэр дундаа үндсэн гурван гол хүчин зүйл нь татвартай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, ашигт ажиллагааны үзүүлэлтэд татварын зардал сөргөөр нөлөөлдөг. Тиймээс тат­варын зардлыг урьдчилан тооцох боломжтой байх ёстой. Мөн татварын орчин хэр зэрэг тогт­вортой вэ гэдгийг чухалчилна. Эдгээрийг нэн тэргүүнд судалсны дараагаар хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийднэ.

Татварын ачааллыг харь­цуулдаг дэлхийн жи­шигт нийцсэн хэм­­­жүүр бий. Тухайл­бал, “Олборлох үйлдвэр­лэлийн ил тод байдлын санаачлага”-аас 23 орныг хамруулсан судалгаа хийсэн байдаг. Эндээс харвал, уул уурхайн гол орнуудын дунд татварын ачааллаараа хамгийн багад тооцогдсон нь Швед улс. Харин тат­варын ачаалал өн­дөртэй нь Узбекстан. Манай улсын хувьд 60 хувийн ачаалалтай гэ­сэн байдаг. Гэхдээ энэ судалгааны дараа татварын хууль тогтоомж өөрчлөгдсөн. Ингэхдээ татварын ачааллыг илүү нэмэгдүүлсэн. Тэгэхээр уул уурхайн салбар татварын орчноороо олон улсад өрсөлдөх чадваргүй байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.

-50:50 харьцаатай татварын орчинтой улсууд илүү өрсөлдөх чадвартай гэж байна. Ер нь татварын ачааллыг ямар үзүүлэлтээр хэмждэг вэ?

-Тухайн уул уурхайн компанийн олсон ашгийг тооцоолон бүх татвар хураамж төлөх ашгаас Засгийн газарт төлөх дүнг ачаалал гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайх 60 хувийг нь татварт төвлөрүүлдэг гэж үзвэл хөрөнгө оруулагчид 40 хувь нь үлдэнэ. Олон улсын төвшинд татварын ачаалал 40-50 хувийн хооронд хэлбэлздэг учраас манай улс дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй гэдэг. Ер нь уул уурхайн салбар эрсдэл ихтэй учраас өндөр ашиг авахыг шаарддаг юм. Учир нь тухайн хэрэгжүүлж буй төслөөс багадаа 50 орчим хувийн ашиг авч дараагийн төслийг санхүүжүүлэх хөрөнгөө босгодог. Тодруулбал, хайгуулын болон нөхөн сэргээлтэд зарцуулахаар төлөвлөсөн байдаг.

-Уул уурхайн салбарын татварын орчны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Манай улсын тат­варын ачаалал өндөр хувьтай байгаа шалтгаан нь гурван зүйлээс нөлөөлж байна. Нэгдүгээрт, ашигт малтмалын нөөцийн төлбөр ногдуулдаг хоёр хоёр шатлалтай бодлогоос хамаарч байна. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлогын үнэлгээнээс авдаг таван хувийн татвар авдаг. Энэ хэдийгээр Засгийн газарт сайн боловч хөрөнгө оруулагчдад таатай зүйл биш гэдэг. Тэгэхээр уурхай ажиллаж байгаа бол ашигтай эс­вэл алдагдалтай бай­хаас үл хамаарна. Мөн уул уурхайн эрдэс баялгийн үнийн мөчлөгт хариу үзүүлдэггүй гэж шүүмжлэгддэг. Нөгөө­тэйгүүр, манай улс уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан тав хүртэлх хувиар нэмэлт татвар авдаг. Үүнийгээ өсөн нэмэгдэх роялти гэдэг. Энэ нь үнийн өсөлт болон боловсруулалтын төвшнөөс хамаардаг.

Уул уурхайн татварын чиглэлээр энэ оны наймдугаар сар хүртэл хийсэн “Эрнест Янг”-ийн судалгаа хийсэн. Эндээс харвал, топ 20 орны дийлэнх нь роялтигийн хэмжээ нь 1-10 хооронд хэлбэлздэг. Харин Мозанбек, Америк, Чили улсын хувьд 14-20 хооронд байна. Гэхдээ ихэнх орнууд роялтиг борлуулалтын орлогод биш ашигт нь ногдуулдаг. Жишээлбэл, зарим орон үйл ажиллагааны ашгаас авна. Зарим нь хүү, татвар болон элэгдэл хорогдлын өмнөх ашигт ногдуулдаг. Тэр ч бүү хэл цэвэр ашгаас нь авдаг улс ч бий. Энэ нь эрсдэлээ шударгаар хуваарилах нэг зарчим гэж үздэг юм билээ.

-Тэгвэл манай улс юу хийх ёстой вэ?

-Бидний хувьд уул уурхайн салбарт татварын орчныг өрсөлдөх чадвартай болгоно гэдэг тулгамдсан асуудлын нэг. Нэгдүгээрт, одоо байгаа татварын өндөр ачааллыг эргэж харах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр бусад улс орны жиш­гээр роялтигийн бод­логоо хандуулах нь зүйтэй. Мөн НӨАТ хөрөнгө оруулалтыг дэмжихээс илүү сөрөг хандлага ажиглагддаг. Тэгэхээр Засгийн газар татварын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэхдээ энэ асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Хэрэв бид хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийг зорьж байгаа бол уул уурхайн салбарын татварын орчны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ёстой. Одоогоор өргөн барьсан татварын шинэчлэлийн хуулийн төслүүдээс харвал энэ салбарын татварын орчин илүү дордуулсан заалтууд орсон байна лээ. Нэгэнт дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй, өндөр ачаалалтай орны нэг гэгдэж буй энэ үед энэ нь маш буруу зүйл.

-Засгийн газраас тат­варын ачааллыг бууруулах шийдвэр гаргавал татварын орлого буурах болно гэдэг. Таныхаар?

-Зөвхөн өнөөдрөө харж байгаа бол өндөр татвар ногдуулаад татварын орлогоо бүрдүүлж болно. Гэхдээ ирээдүйд шинээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэдгийг анхаарах учиртай. Тиймээс татварын ачаал­лыг бууруулж, хөрөнгө оруулалтыг нэмэх бодлого баримтлах хэрэгтэй. Энэ нь урт хугацаанд татварын бааз суурийг бэхжүүлэх боломж. Хэдийгээр зөв­хөн уул уурхайн салбарын тухай ярьж байгаа боловч үүнийг дагаад бусад салбарт ч өсөлт гарч байдаг. Тухайлбал, ханган нийлүүлэгч байд­лаар ажиллах аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа урт хугацаандаа тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. Цаашилбал, ажлын байр олноор бий болно. Эдгээр нь улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх томоохон хөшүүрэг болдог шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин