Ч.ҮЛ-ОЛДОХ
Монгол-Солонгосын хоорондох боловсролын шилжилт хөдөлгөөнийг судалсан МУИС-ийн багш, доктор Д.Уранбилэгттэй ярилцлаа.
-БНСУ-ыг зорьж буй иргэдийн шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд байнга өсөлттэй гарч байна. Тэр дотор боловсролын шилжилт хэдэн хувийг эзэлдэг юм бол?
-2017 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын 144.483 иргэн гадаадад амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан. Үүний хамгийн өндөр буюу 32 хувь нь Солонгос руу ирж, очиж байгаа монголчууд юм. Энэ юутай холбоотой болох нь сонирхол татаж байгаа. Үүнийг олон талаас ярьж болно. Наад зах нь соёлын хувьд, эсвэл орон зай, геополитикийн онцлогийг хэлж болно. Үүнээс харахад, БНСУ-тай харилцах иргэдийн харилцаа өргөн хүрээнд явагдаж байна. Түүхээс үзэхэд бие биедээ найрсаг харилцаатай явж ирсэн. Сөрөг зүйл байхгүй. Энэ бүхэн нь давуу байдлыг үүсгэж байна. Нөгөө талаас, монголчууд тэнд ажиллаж, амьдрахад таатай боломжууд бусад улсаас илүү олгогддог. Ирж, очих хөдөлгөөнд ч төвөг бага. Мөн БНСУ-ын гадаад бодлоготойгоор холбоотой тийшээ явах иргэдийн тоо буурахгүй байна. Тэд гадаад иргэдийг хүлээн авч, найрсаг хандаж байна. Сая Монгол Улсын иргэдэд олгох визний журмаа шинэлчилснээс ч энэ нь харагдаж байна. БНСУ-д байгаа нийт гадаад иргэдийн тоотой харьцуулахад монголчуудын тоо маш бага юм.
-Тэнд гэр бүл болж буй залуус Солонгосын иргэншил авах нь их болсон гэж та хэлсэн. Үүнийгээ тодруулна уу?
-Тэнд гэр бүл болж, үр хүүхэдтэй болсон залуус маань суурьших, улмаар тухайн улсын иргэншлийг авах явдал их болсон. Хүүхдээ төрүүлээд асрах нь дээр үетэй харьцуулахад их хэцүү болжээ. Монголд хүүхдийн цэцэрлэг олдохгүй, сургууль, түүний орчин учир дутагдалтай байгаа. Тэгвэл Солонгост энэ тал дээр харьцангуй хангалттай, уян хатан нөхцөлтэй. Мөнгөө төлж байвал цэцэрлэг, өдөр өнжүүлэх нь өндөр төвшинд ажилладаг учраас чанартай үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс залуу ээж аавууд тэнд хүүхдээ төрүүлэх сонирхолтой байдаг. Энэ нөхцөлд Солонгосын визний ангилал ч бас уян хатан болж байгаа. Хууль, дүрмийг нь зөрчихгүй, мөн тэнд өөрийн бизнесээ эхлүүлсэн хүмүүст олон жилийн виз өгдөг. Эхнэр нь сурч байгаа тохиолдолд нөхөрт нь виз олгодог. Цаашлаад урт удаан хугацаанд амьдарч байгаа хүмүүст иргэншил авах боломж өгдөг. Солонгосууд бодлогоо ингэж шат дараатай явуулж байгаа учраас монголчууд тэнд амьдрах сонирхол нь нэмэгдэж, тэнд иргэнших хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
-Энэ байдалд манай улс ч гэсэн дүгнэлт хийх ёстой байх. Гадагш гарч байгаа монголчуудын тоог нэмэгдүүлэхгүйн тулд төр, засгийн зүгээс ямар бодлого, чиглэл баримтлах ёстой бол?
-Энэ асуудалд нухацтай хандах ёстой. Миний хувьд гадаад хэл судлалтай ойр байгаа хүний хувьд энэ асуудлыг их мэдэрдэг. Ажиглаад байхад эдийн засаг сайжирсан үед эерэг үр дүн харагддаг. Энд эдийн засагчид үнэлэлт дүгнэлт өгөх байх. Миний ажигласнаар 2000-2010 онд гадагшаа гарах хүний тоо арай цөөрсөн. Түүнээс хойш эдийн засгийн савлагаа, хямралтай холбоотой бөөн бөөнөөрөө гадагшаа гарах болсон. Энд хоёр зүйл нөлөөлж байна. Залуучуудын толгойд даяаршлын үед би хаана ч амьдарсан ямар хамаатай юм бэ. Заавал Монголд амьдрах шаардлагагүй гэсэн бодол давамгайлж байна. Тэдний үзэл бодлыг эргүүлэх хэцүү. Хоёрдугаарт, эдийн засаг, санхүүгийн асуудал, гэр бүлийн хувьд амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн байдал нөлөөлж байна. Үүнийг өөрчилье, нөхцөл байдлыг сайжруулъя гэвэл дундаж цалинг нэмэгдүүлэх ёстой. Засгийн газар хэзээ ингэж чадах вэ гэдэгт хэн ч хариулт өгч чадахгүй байгаа. Тиймээс гадагшаа чиглэсэн монголчуудын урсгал зогсохгүй.
-Монголдоо буцаж ирэх хандлагыг нэмэгдүүлье гэхээр мөн л ажлын байр, цалин хөлс, амьдрах орчин, хүүхдийн сургууль, цэцэрлэг гээд бөөн асуудал байдаг бололтой?
-Ярилцлага хийгээд, эх орондоо буцаж ирэх хандлагыг нэмэгдүүлье гэхээр яг наад асуудлууд чинь гарч ирдэг. Гадагш гарсан залуус маань Монголынхоо ирээдүйг сөргөөр харж байгаа нь сэтгэл зовоож байна. Би багш хүн, лекцэндээ байнга Монголынхоо ирээдүйн талаар эерэг бодолтой болоосой гэдэг үзэл, хандлагыг шингээж хичээлээ заадаг. Монголын бахархал, үнэт зүйл гээд хэчнээн ярьж байгаа ч нөгөөдүүл маань өөдөөс гөлийсөн харцаар хардаг. Тэгэхээр энэ хандлагыг яаж өөрчлөхийг сэтгэл судлаачид бас хэлэх байх.
-Манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй. Гэтэл мэдлэг боловсролтой иргэд, ирээдүй болсон залуусаа гадагш алдаад байвал улс орны хөгжилд сөргөөр нөлөөлнө биз дээ?
- Статистикаас харахад “D2” визтэй 8000 оюутны 50 хувь нь байгаа. Энэ бол тэндхийн их, дээд сургуульд суралцагсдад олгодог виз. Тэгэхээр бакалавр, түүнээс дээш магистр, доктороор сурч байгаа хүн олон байна. Хэлний курст цөөнгүй хүн суралцдаг. Үүнээс үзэхэд хэлний курст сурч буй хүмүүс дотор өөр зорилгоор байгаа нь цөөнгүй байх шиг. Тэднээс эргээд Монгол руу ирж ажиллах гэхээр ажлын байр, сонирхож байгаа ажил нь байхгүй. Ихэнх нь ирээд төрийн албанд ордог ч цалин бага гээд гарчихдаг. Авлига авах чухал мест дээр очихгүй л бол амьдрах аргагүй гэсэн сонин сэтгэхүй Монголд байна. Монголдоо ирсэн залуус карьераа өсгөх сонирхолтой төрийн албанд очдог ч тэнд нь тийм боломж байдаггүй. Нэг бол арын хаалгаар ажилд орох эсвэл танил талаа дагах болдог. Нөгөө хүн нь намын томилгоотой явж байгаад албан тушаалаасаа буучихвал баталгаа байдаггүй. Энэ талаар бодит жишээ олон. Миний шавь нарт ч ийм зүйл цөөнгүй тохиолдож байна. Мэргэшсэн төрийн албан хаагч гэдэг ойлголт Монголд бүрхэг болчихсон. Зарим залуус хувийн компанид ажилладаг. Гэвч өндөр цалин өгөх нь ховор. Дээр нь цалин нь тогтвортой биш, хэзээ ч халагдаж мэдэхээр айдастай байдаг учраас ирээдүй харагддаггүй. Иймээс гадаадад сураад ирсэн залуус маань буцаад явчихдаг. Солонгост ямар байна гэвэл, гадаад хүмүүсийг өөрсдийн үндсэн ажилтан болгож, карьераа өсгөх боломж олгодог. Том корпорациуд нь ийм бодлого барьж байгаа. Эцэст нь хэлэхэд манайхан гадны бодлогыг хараад, судлаад сайхан байна гээд ирдэг ч дотооддоо бодлого боловсруулж ажиллах, гадаадад ажиллаж, амьдарч байгаа залуусаа татах, тэдний хүсч байгаа боломжуудыг олгох талаар юу ч хийхгүй байна. Хатуухан хэлэхэд тэр тогтолцоог манайхан намын тогтолцоогоор алга болгочихоод байгаа учраас мэдлэг боловсролтой залуус нь эх орноосоо дайжиж байна.
-Энэ чиглэлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Монголчууд олуулаа больё” гэж уриалж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга цалинг хоёр саяд хүргэе гэсэн санал дэвшүүлсэн. Энэ хэр боломжтой вэ?
-Манайд боломж бий. Цэгцлэх хэрэгтэй. Харамсалтай нь хийхгүй байна. Нэг хүн гарч ирээд нэг юм ярьдаг ч нөгөө нь гарч ирээд нураачихдаг. Ийм “Тамын тогоо” гэгч зүйл манайд гүнзгийрчээ. Иймд тогтолцоогоо эрүүлжүүлэх хэрэгтэй. Ийм алхмууд хийхээр нураагаад байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.Төрийн бодлогын залгамж алга. Хэн яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ гэдэгт нухацтай дүгнэлт хийж, гарц гаргалгааг тодорхойлж урагшаа явах нь чухал. Миний бодлоор хамгийн гол нь тогтолцоогоо эрүүлжүүлэхгүй, тийм менежмент хийхгүй байгаа нь сонин санагддаг. Иймд тогтолцоог эрүүлжүүлэхийн төлөө эрдэмтэн судлаачид санал дүгнэлт гаргаж, гарц гаргалгааг тодорхойлж, нэгдээд нийгэмдээ дохио өгч дуугарах хэрэгтэй байж магадгүй. Судлаачид энэ талаар ярьж байгаа. Монголчууд энэ байдлаар явбал цөөхөн жил үлдсэн, наад зах нь 15 жил л болно. Бид үхэх үү, сэхэх үү. Орших уу, эс орших уу гэдэг нь эмзэг асуудал боллоо. Үүнд шийдэмгий хандах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин