Ч.ОЛДОХ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын сургууль түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Ө.Амаржаргалаас тодрууллаа.
-Танай сургууль хэдэн онд анх байгуулагдаж байв?
-Дарьгангын бага сургууль нэртэйгээр 1938 онд нэг багш, хоёр ажилчин, 20 гаруй хүүхэдтэй байгуулагдсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг юм. Энэ цагаас эхлэн ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлж ирсэн. Сүүлийн гурван жил дараалан шилдгээр шалгарсан амжилттай 80 жилийн ойгоо угтаж байна.
-Сургуулийн ойд зориулсан бүтээн байгуулалтын ямар ажлууд хийв?
- Сургууль маань орчин үеийн стандартад нийцсэн олон сайхан анги, танхимтай. Үүн дээр нэмээд хамт олны зүгээс түүхт ойдоо зориулж, “Найрагчдын алдарын танхим”, “Жишиг анги” –ийг мөн орчин үеийн стандартад нийцүүлэн тохижуулж байна.
-Төсөв, зардлыг хэрхэн шийдэв?
-Бүтээн байгуулалтын ажлыг үе, үеийн төгсөгчид маань ивээн тэтгэж байгаа. Жишээ нь, ахмад багш н. Цагааны хүүхдүүд нийгмийн ажилтны өрөөг тохижуулсан бол 1964 оны төгсөгчид сургуулийн дотуур байранд зургаан сая гаруй төгрөгийн тохижилтын ажил хийхээр болсон. Энэ мэтчилэн төгсөгчдийн сэтгэл, зүтгэлээр олон ажил амжиж байна.
-Сургуулийнхаа дурсамжийн номыг бүтээх ажлын хэсгийг та ахалж байгаа гэсэн. Яагаад “Найраг амилсан эрдмийн өргөө” гэж нэрлэсэн юм бэ?
-Дарьганга сумын сургууль Алтан-Овооны бэлд оршдог, ариун дагшин сайхан нутгийн авшиг шингэсэн эрдмийн саруул өргөө юм. Энэ сургуулийг олон найрагч төгссөн байдаг. Тухайлбал, монголчуудын сайн мэдэх “Барсан хэвнэгт баатар”-ыг монгол хэлнээ хөрвүүлж уншигчдын хүртээл болгосон нэрт орчуулагч, зохиолч Доржийн Гомбожав, Дорнын их яруу найрагч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Данзангийн Нямсүрэн, Төрийн шагналт яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар, АИХ-ын депутат, сургуулийн захирлаар олон жил ажилласан, үе үеийн найрагчдын хайртай багш, судлаач, Ш.Содномдорж, Чингис хааны одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн яруу найргийн академийн шагналт, Хэл бичгийн ухааны доктор Г.Мэнд-Ооёо, нэрт яруу найрагч, сэтгүүлч И.Батсүх, түүний охин Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Төгсжаргал, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач, сэтгүүлч Ай.Төмөр-Очир, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, “Очирваань” дуганын тэргүүн Ч.Эрдэнэбаатар нар Дарьгангын сургуульд анхны “А” заалган сурч төгссөн. Иймд тус сургуулийнхан 80 жилийн ойд зориулсан номоо “Найраг амилсан эрдмийн өргөө” хэмээн нэрлэсэн юм.
-Ном бүтээх ажлын явц хэр байна?
- Ном бүтээх ажил одоогоор 70 хувьтай яваа. Дурсамж, дурдатгалаа ирүүлэх үе үеийн багш, төгсөгчдийг холбоо барихыг хүлээж байна.
-Та бүхэнтэй болон Дарьгангын түүхт сургуулийн 80 жилийн ойг тэмдэглэх комисс, ажлын хэсэгтэй ямар хаягаар холбоо барьж болох вэ?
-Сургуулийн тухай дурсамж номд материалаа ирүүлэх хүмүүс 99518111 дугаарын утсаар надтай холбоо барихыг хүсье. Мөн ой тэмдэглэх ажлын хэсгийн гишүүн, Түүх газар зүйн багш Ц.Ганзориг /утасны дугаар 88548284/, монгол хэл-уран зохиолын багш А.Цэрмаа / утасны дугаар 98212828/ нартай холбогдож болно. Түүнчлэн amaraa.dari@gmail.com tsermaaa.ayur@gmail.com хаягаар бидэнд хандаж материалаа ирүүлэхийг хүсье.
Эх сурвалж: www.polit.mn