Б.ТУУЛ

Хөдөө орон нутгаар амарч зугаалж яваа иргэд  хууль бусаар тарвага агнаж боодог хийх, мөн малчид хууль бусаар агнаж бусдад өндөр үнээр зарах тохиолдол газар авах хандлагатай байна. Уг нь хуулиа дагавал гурван жилийн өмнөөс тарвага агнахыг хориглосон байдаг. Гэтэл сүүлийн өдрүүдэд тарваган тахлын сэжиг илэрчээ гэх мэдээлэл хот, хөдөөд зэрэгцэж гарахын хажуугаар амарч зугаалж яваа иргэд сошиал сүлжээнд хулгар шарын ангаар “гангарч”, бие биедээ гайхуулах, бусдыг уруу татах нь ихэсч байна. Тухайлбал, “Хөдөө гаръя, тараг ууя, тарвага идьё”, “Сая наадмаар зуслан дээр тарвага шарж идэх гэж хөгөө чирлээ”, “Энэ жилийн тарвага ийм том  болжээ, амт гэж янзтай” гэхчилэн тарваганы махтай зураг сошиалд тавих нь нэгэн төрлийн реклам сурталчилгаа шиг болоод байна. Хууль бусаар тарвага агнасан энэ мэт үйлдэлд мэргэжлийн хяналтын байгууллагууд албан ёсны шаардлага тавьж байгаа ч тоох хүн алга. Мөн тарваганы мах идээд  тахал тусах магадлал өндөр байна гэдгийг иргэдэд анхааруулж зөвлөөд ч, хүлээж авах хүн цөөхөн байгаа бололтой. Тиймээс бид хууль бусаар тарвага агнавал ямар хуулийн хариуцлагыг хүлээх вэ гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас нь асууж тодруулсан юм.

ЦЕГ, Мэргэжлийн хяналтын байгууллагуу­даас асуухад, “Амьтны тухай хуульд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийг этгээдийг 3000 нэгжээр торгоно” гэж заасан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр  эр тарвага 170 мянган төг­рөг, эм тарвага 200 мянган төгрөгийг хоёр дахин нэ­мэг­дүүлэн тооцож торгоно гэв.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АН, АМЬТАН АГНАСАН ТОХИОЛДОЛД 150.000-1.5 САЯ  ТӨГРӨГӨӨР ТОРГОНО 

Мөн энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч  П.Очбадрах дараах мэдээллийг өгч байна. 

- Сүүлийн үед цахим сүлжээнд ховор ан амьтан агнасан, аялж зугаалсан иргэд тарвага агнаж, хорхог боодог хийж идэж байгаа зураг их харагдах юм. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалт байдаг уу?

-Иргэд, олон нийт хуулийн мэдлэг, мэдээлэл дутмагаас болж хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд санамсаргүйгээр холбогдох, үйлдэх тохиолдол их байна. Энэ нь эргээд байгаль дэлхийгээ хүний гараар сүйтгэх, хууль зөрчиж хариуцлага хүлээх хүртэл үр дагаварыг авчирч байна. Тухайлбал, Улсын тусгай  хамгаалалттай газар, нутаг дэвсгэр хаанаас эхлээд хаана дуусч байгааг иргэд тэр болгон мэддэггүйгээсээ болоод тусгай хамгаа­лалттай газарт нэвтэрч, ан амьтан агнах явдал гар­даг. Түүнчлэн зо­хих зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан, түү­нийгээ бэлэн хүнсний бүтээгдэхүүн болгосон зургийг нийгмийн цахим сүлжээнд тавьсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар ха­риуц­лага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байдаг.

-Тэгвэл элбэг тар­хац­тай амьтныг хууль бу­саар агнасан бол ямар ха­риуц­лага хүлээлгэх ёстой вэ?

-Эрүүгийн хуулинд нэн ховор, ховор төр­лийн амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд хариуцлага хү­лээл­гэхээр заасан. Гэтэл элбэг тархацтай амь­тан нь Эрүүгийн хуу­линд орхигдсон. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар  зүйлд тусгайлан оруулж өгсөн. Зөвшөөрөлгүй, хууль бусаар элбэг тархацтай амьтныг агна­сан, хад­галсан, худалд­сан худал­дан авсан субъек­туудыг тодорхой зааж өгсөн. Иргэн зөвшөө­рөлгүй элбэг тархацтай  амьтныг агнасан тохиол­долд 150 мянган төгрөгөөр торгох,  хуулийн этгээдийг 1 сая 500 мянган төгрөгөөр торгох хуулийн хариуцлага бий” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин