Б.БАЙГАЛЬ

Хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн  үйлдвэрлэж буй “Төвшин сайхан” төвийн маркетингийн менежер О.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

- Хог хаягдлыг дахин  боловсруулдаг “Төвшин сайхан” төвийн талаар уншигчдад товч танилцуулаач?

- Манай төв 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба ангилан ялгах төв гэж нэрийддэг. Үйлдвэрүүдийн түүхий эдийг бэлтгэж өгдөг гэсэн үг. Манайх дахивар нөөцийг боловсруулж нэрийн хуудас, өндөгний сээтэг, гэр хорооллын бие засах газрын доторлогоо, цэцгийн сав, сандал, замын хашлага зэрэг маш олон хэрэгцээтэй зүйлс үйлдвэрлэж байна. Зүгээр л хаягдах гэж байсан хогийг дахин ашигласнаар хэдэн зуун жилийн турш бохирдох байсан хөрсийг аварч байгаа юм.

-Танай төв ямар түүхий эдүүд авдаг вэ?

-Манайх гялгар уут, цаас, төмөр, металл, хаягдал машин зэрэг бүх төрлийн дахивар нөөцийг худалдаж авдаг. Хавтасгүй, үдээсгүй, скочгүй, шохоогүй, наалтгүй цаас авах ба шилэн лонхны үлдэгдлийг сайтар шавхсан байх шаардлагатай.

- Улаанбаатар хотод хичнээн ангилан ялгах төв байдаг вэ?

- 2017 оны байдлаар нийт 206 ангилан ялгах төв идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа бий.

- “Төвшин сайхан” төв нь ижил үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас юугаараа онцлог вэ?

- Манай төв нь маркетинг ашиглаж буйгаараа бусад ангилан ялгах төвөөс онцлог. Бид зах зээл дээр маркетингийн судалгаа хийж, байгууллагуудаас түүхий эд авах болсон. Байгууллагын хог хаягдлыг ангилан ялгуулах тал дээр зөвлөгөө өгч, ангилсан нөөцүүдийг нь авдаг. Өмнө нь хүмүүс ирээд өгчихдөг, үйлдвэрүүд нь ирээд авчихдаг тогтолцоотой байсан. Бид долоо хоногт хоёр удаа захиалгаар очиж авах үйлчилгээг нэвтрүүлсэн. Зарим байгууллагууд ирж аваарай,үгүй бол хаялаа шүү гэж айлгадаг(инээв). Мэдээж хувь хүмүүс өөрсдөө төв дээр авч ирдэг.

- Сүүлийн үед дахивар цаасаар хийсэн нэрийн хуудсыг хүмүүс их хэрэглэх болсон байна. Уг нэрийн хуудас нь энгийн цаасаар хийсэн нэрийн хуудсаас ямар давуу талтай вэ?

- Монголдоо дахин боловсруулсан цаасаар нэрийн хуудас хийх санаачилга өрнүүлээд хоёр жил болоx гэж байна. Энэ хүртэлх хугацаанд бидний цаасны чанар сайжирсаар байна. Нэг ширхэг цагаан цаастай нэрийн хуудас хийхэд зарцуулдаг байсан байгалийн нөөцийг дахин боловсруулсан цаасан нэрийн хуудсынхтай харьцуулж үзэхэд 0,3л ус, 30гр мод, 15 гр хүлэмжийнхий, 0,064кВт эрчим хүчийг хэмнэхээс гадна хөрсний элэгдэл хорогдлыг ч бууруулах  ач холбогдолтой. Хэрэглэгчийн гар дээр нэрийн хуудас очих хүртлээ манай хэвлэлийн ажилчид цаасаа зүсэж бэлтгэх, хэвлэлтэд тааруулах, загварыг нь нэг бүрчлэн өрөх, зэрэг энгийн цагаан импортын цаастай харьцуулахад даруй 3-5 үе шат илүүд амжиж байж энэ нэрийн хуудас маань хэрэглэгчдийн гарт очдог юм даа.

-Танай төв өдөрт хэдэн төгрөгний эргэлт хийгдэг вэ?

- Дунджаар өдөрт 300-500 мянган төгрөгийн эргэлттэй байдаг. Гэхдээ улирлын чанартай харилцан адилгүй байдаг.

-  Монгол улсад хог ангилах үйл явц аль түвшинд явж байна вэ?

- Нийт гаргаж байгаа хогийн 30 орчим хувийг ангилдаг гэсэн таамаг бий.

-Төр засгаас дахин боловсруулах асуудал дээр хэр анхаарал хандуулж байна вэ?

-Төр засгаас хогийг газарт булах асуудал дээр хөрөнгө оруулалт хийдэг. Харин дахивар нөөцийг боловсруулахад одоохондоо ямар нэгэн хөрөнгө тусгаагүй байна. Үүнд цэвэр хувь хүмүүсийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм.

- Энэ асуудлаар байгууллагууд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-“Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” гэж байдаг. Тус холбооны гишүүд хамтран “Экопарк” хөтөлбөр боловсруулах ажилд ороод эхэлчихсэн байгаа. Удахгүй тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно.

-Иргэдийн оролцоонд зориулсан ямар нэгэн сургалт, үйл ажиллагаа явуулж байгаа юу?

- “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ноос Эко боловсрол олгох сургалт зохион байгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн 165 багшийг сургасан. Тэдгээр багш нартайгаа одоог хүртэл хамран ажиллаж байгаа. Түүнчлэн худалдааны төвүүдтэй хамтран ажиллаж иргэдийн оролцоог сайжруулах үйл ажиллагаа явуулах болно.

Эх сурвалж:www.polit.mn