Т.БАТСАЙХАН
Монголын скаутын холбооны ерөнхийлөгч Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.
-Та хүүхэд, залуучуудын байгууллагад олон жил ажилласан. Тиймээс хүүхдийн баярын дугаартаа урьж, хүүхэд хэмээх гэгээлэг ертөнцийн тухай ярилцая гэж бодлоо?
-Баярлалаа. Юуны өмнө уншигчиддаа хүүхдийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр эцэг эхчүүд маань нэг үеэ бодвол хүүхдийн хүмүүжил боловсролд анхаарал хандуулдаг болжээ. Хүүхдийг өв тэгш хөгжүүлнэ гэсэн ойлголт бий. Манай скаутын холбооны зорилго нь хүүхэд, залуучуудад өв тэгш боловсрол олгох замаар эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах юм. Эцэг эхчүүд үр хүүхдээ өөрөөсөө илүү сайн хүн болоосой, илүү сайхан амьдраасай гэж хүсч мөрөөддөг. Энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь чухам юу хэрэгтэй болохыг мэддэггүй учраас дэлхийн тэргүүлэх албан бус боловсролын байгууллага болох скаутын хөдөлгөөний туршлага, мэдлэгээс хуваалцах нь бүгдэд нь хэрэгтэй болов уу.
-Өв тэгш хүмүүжил гэж юуг хэлээд байна вэ. Манай боловсролын систем өв тэгш хүмүүжил олгож чадаж байгаа юу?
-Түүхээс нь авч үзвэл 1907 онд Скаутын хөдөлгөөнийг үндэслэгч Роберт Баден Пауэл хөвгүүдэд зориулсан “Скаутын хөдөлгөөн” хэмээх номоо хэвлүүлж өв тэгш боловсролын асуудлыг хөндсөн байдаг. Их Британийн хүүхдүүд академик боловсролтой, онц сайн сурсан ч амьдрал дээр эрх танхи, нялцгай буюу амьдралын наад захын ур чадварыг суралцаагүй. Бие даах чадвар муутай, эх оронч үзэлгүй болж байгаад нь санаа зовж бичсэн байдаг. Тиймээс армийн тагнуул бэлддэг байсан өөрийн туршлага дээр тулгуурлан хүүхэд, залуучуудад зориулсан аргачлал боловсруулж ном болгосон нь тэр юм. Өв тэгш боловсрол нь бие бялдрын, оюун санааны, оюун ухааны, академик гэсэн боловсролоос бүрдэнэ. Энэ дөрвийн аль нэг нь дутуу хөгжихөд тэр хүүхдийг өв тэгш хүмүүжилтэй гэж үзэх аргагүй болно. Түүнээс хойш өв тэгш хүмүүжил гэж юу хэлэх вэ. Ямар аргаар түүнийг үнэлэх вэ гэх мэт асуудлууд боловсролын салбарын эрдэмтдийн анхаарлын төвд байсаар ирсэн байна. 1912 онд энэ дөрвөн боловсролын Оюун ухааны боловсролыг хэрхэн үнэлэх аргачлалыг Германы эрдэмтэн Уилъям Стерн боловсруулсан. Оюун ухааны боловсролыг хэмжих тестийн арга буюу бидний мэдэхээр IQ гэж нэрлэдэг аргачлал гарснаас хойш олон эрдэмтэн олон янзын аргачлал гаргасаар ирсэн ба нийтлэг багцаагаар IQ, SQ, EQ гэсэн 20 орчим үнэлгээний шалгуурыг одоогоор хүлээн зөвшөөрөөд байна. Энэ бүгдийг өв тэгш хүний шалгуур гэж нэрлэж болно.
-Манай боловсролын тухайд?
-Бид академик боловролын системтэй. Манайх ч гэлтгүй бараг бүх улсын боловсролын систем үүнд чиглэж байна. Мэдээж бие бялдрын боловсролыг биеийн тамрын хичээлээр, зарим сонгоны анги нь сэтгэн бодох чадвар дээр нь илүү анхаарч байгаа ч сургууль, эсвэл боловсролын яам, хэн нэг дарга, сайд хүүхдэд иж бүрэн, өв тэгш боловсрол хүмүүжил олгох ажлыг шийдвэрлэж чадахгүй. Боловсролын системээс гадна эцэг эхийн оролцоо, үлгэрлэл, сошиал орчин буюу найз нөхөд, хүрээлэл гээд олон талт хамтын ажиллагаа шаардагдана. Хамгийн гол нь эцэг эхчүүд нь тэр хүүхдийн юу чадаж байгаа, юу дутаж байгааг мэдэж, мэдэрч байж өв тэгш хүмүүжил олж чадах эсэх тухай ярина.
-Сошиал ертөнц хүүхдийн боловсролд орж ирж байгаа нь анхаарал татаж байна. Яагаад?
-Энэ бол нийгмийн харилцаанд орох бүх л зүйлийг хамруулж ойлгоно. Өнөөдөр сошиал буюу фейсбүүк, твиттер нь хүн хүнтэйгээ харьцаж байгаа нэг л хэлбэр шүү дээ. Хүн бүр өдөр тутмынхаа амьдралд нийгэмд ямар нэгэн үүрэгтэйгээр оролцдог. Нийгмээс мэдээлэл хүлээн авч байдаг, нийгэмд буцааж мэдээлэл өгч байдаг. Хувцаслалт хүртэл нийгэмд өөрийнхөө талаар мэдээлэл өгч байгаа. Өөрийн чинь харц, биеийн хөдөлгөөн, ярьсан яриа чинь, твиттерт бичиж байгаа үг чинь нийгэмд өгч байгаа мэдээлэл. Буцаад нийгмээсээ тийм хэмжээний мэдээлэл авна. Ямар суваг сонгож үзэх вэ, хэдэн цаг үзэх вэ, утсыг хэдэн цаг оролдох вэ, ямар төрлийн мэдээлэл үзэх вэ гээд үүнийгээ сонгож сурах чинь SQ-ийн нэг уран чадвар нь байхгүй юу. Тэгэхээр үүнийг бид хүүхдүүддээ өгөхгүй байна. Бид зөвхөн хориглох, хааж боох, загнах аргаар л үзэж байна. Математикийг сурах гэхээр нь загнаад, номоо нээхээр нь уурлаад, байвал хүн математик сурах уу. Үүнтэй адил сошиал буюу нийгэмтэйгээ харьцаж сурах гэхээр нь дэмий юм үзлээ, гадуур тэнэлээ, зугааллаа, тоглолоо гэж загнаад байвал нийгэмтэй харьцаж сурахгүй л гэсэн үг. Хүүхэд тань IQ өндөртэй байлаа гэхэд SQ нь байхгүй бол хүнтэй харилцаж чадахгүй.
-Одоо хүүхдүүд маань нийгэмтэйгээ хэрхэн харьцаж байна вэ. Таны ажигласнаар тэд юун дээр алдаж байна?
-Нийгэмд өөрийнхөө хүсэл сонирхлоо зөв илэрхийлж мэдэхгүй. Ажлын байр, ажлынхаа ярилцлагад буруу хувцаслаж очдог ч юм уу, эсвэл facebook, twitter дээрээ албан байгууллагынхаа нууц зүйлийг гаргаж тавьдаг ч юм уу түүнээсээ болж асуудалд орох нь анзаарагддаг. Амьдрал энгийн, таны хийсэн зүйлээс танд ирэх хариу үйлдэл шалтгаална гэж мэдэхгүйгээр энэ нийгэмд амьдрах аргагүй шүү дээ. Хүмүүс дэлхий ертөнц дээр өөрийнхөө тараасан мэдээллийн үр дүнг хүртэж амьдардаг гэдгээ ойлгохгүй байна. Энд таны ямар IQ байх нь хэнд ч хамаагүй. Маш авьяаслаг хөлбөмбөгчин, алдартай улстөрч, тэр бүү хэл улс орнууд хүртэл зан харилцааныхаа алдааны хар гайгаар амжилтаа алддаг. Миний л зөв, юу гэж ярих нь миний эрх чөлөө гээд буруу хандлагаар хүмүүжүүлдэг эцэг эх Монголд олон байна. Хүүхэд нь ажлын байран дээр очоод шууд гологдоно. Үүний цаана юу байна гэхээр үндсэндээ тэр ажлынхаа ахаас, ахлах ажилтнаас эсвэл найз нөхөд хамтран ажиллаж буй хүмүүсээсээ суралцах чадваргүй байгааг, үгүй бол өөрийн хийх гэж буй ажил, санасан бодсоноо илэрхийлж чадахгүй байгааг л хэлж байгаа байхгүй юу. Энэ болгон чинь л нийгмийн харилцааны боловсрол.
-IQ гэж их олон жил ярьсан. EQ, SQ гэх ойлголтыг эцэг эхчүүд ойлгож байна уу?
-IQ гэдэг бол үндсэндээ хүүхдийн хийсвэр сэтгэхүй буюу сэтгэн бодох чадварыг хэлнэ. Тодорхой тоон мэдээлэл юм уу ямар нэгэн юмыг тархиндаа боловсруулаад, уялдаа холбоо, үр дүнг нь гаргаж ирж байгаа энэ зүйлийг хэлнэ. Үүнийг эцэг эхчүүд ойлгодог болчихсон. IQ-гийн дугуйланд явуулдаг, сурах бичиг ч олноор гарсан. Гэсэн ч EQ, SQ олгох хөтөлбөрийг улайран эсэргүүцдэг хүмүүс байсаар байгаа нь мэдлэг дутсантай л холбоотой байх. Сар бүр IQ-гийн дугуйланд өндөр төлбөр төлдөг мөртлөө ангийнхантайгаа нэг тоглолт үзэх гэхээр л багш нар билет шахлаа, сургууль дээрэм хийлээ гэж ирээд л загнадаг хүмүүс үнэндээ хүүхдийнхээ өв тэгш боловсролоос харамлаж байгаа хэлбэр. Өөрөө альбом дүүрэн хонхны баярын зурагтай хэрнээ хүүхдийнхээ хонхны баярыг болохоор архидалт гэж хараад, харааж загнаад байгаа улсуудыг би ердөө ч ойлгодоггүй.
-EQ, SQ гэх ойлголтыг та товчхон тайлбарлахгүй юу?
-Emotional quotient сэтгэл хөдлөлийн, сэтгэл санаа. Өөрөөр хэлбэл, орчин тойрондоо эсвэл хүмүүсийн харилцаанд хариу үйлдэл үзүүлэх зан чанарын боловсролыг хэлж байгаа юм. Энэ бол өөрөө шууд боловсрол. Өнөөдөр энэ яаж илэрч байна гэхээр уураа барьж сурах, стрессээ тайлах, баярласан талархсанаа илэрхийлэх, хүний ач хариулах, хүндлэх, мэндлэх гээд монголчуудын зан чанар хүмүүжилтэй холбоотой бүх ойлголтод харуулж байна. Энэ бол өөрөө хүмүүжил. Авто зам дээр гаргаж байгаа уур бухимдал, нэгнийгээ урдуураа оруулдаггүй, оруулахгүйн тулд авто осол хийхээс ч буцахгүй тэмцэлдэж байгаа нь математикийн хичээлтэй биш сэтгэл хөдлөл, зан чанарын боловсролтой л хамааралтай шүү дээ. Нөгөөдөх нь бол SQ. Social quotient, spiritual quotient хоёр ойлголт байна. Social quotient гэдэг талаас би яръя. 1920 оны үеэр эрдэмтэн Эдвард Торндак гэдэг хүн анхлан энэ ойлголтыг тодорхойлж байсан юм. Архелогич Стив Меттен хүний тархийг судлаад хоёр сая жилийн өмнөхөөс хүний гавал хоёр дахин томорсон байна гэж нээсэн байна. Учир нь хүн нийгмийн олон талт харилцаанд орж эхэлснээс хойш хүний тархи томорч эхэлсэн тухай энэ нээлт нь Social quotient-ийг хэр их чухал болохыг баталсан юм. Өөрөөр хэлбэл, хүн нийгмийн харилцаанд орох тусам тархи хөгждөг буюу эсрэгээрээ тархины хөгжил нь хэр байгаагаас хамаарч нийгэмд эзлэх байр суурь нь тодорхойлогдоно гэж ч үзэж болно. Тухайлбал, дэд сайд Цогоо гэж хүн байгаа даа. Тэр хүн твиттер дээрээ “Манай 10 жилийн онц сурлагатай хүүхэд байсан юм. Тэгээд хуулуулчих гэхээр хуулуулдаггүй байсан. Одоо би дэд сайд тэр хүн ажилгүй явж байна” гэх маягаар ярьж байгаа юм. Олон хүн эгдүүцэн дургүйлхэж харагдана лээ. Энэ жишээн дээр гурван боловсролыг тайлбарлая. Нэгдүгээрт, тэр Цогоогийн ангийн хүүхэд IQ сайтай хүүхэд. Харин Цогоо EQ сайтай хүүхэд байжээ. Цогоо гуай хүнтэй харилцахдаа арга эвийг нь олдог, баярлаж талархдаг, найз нөхөд олонтой байдаг. Тиймээс сонгосон мэргэжил нь хүртэл олон нийттэй харилцах ажил байгаа биз. FM-ийн хөтлөгч, FM-ийн найруулагч, захирал гээд дандаа хүнтэй харилцаж байгаа байхгүй юу. Улс төрийн карьер хөөхөд нь ч тэр өндөр EQ нь тус болж байгаа хэрэг. Тоо бодохоос илүү яг нийгэмтэй, хүмүүстэй харилцаж байгаа учир албан тушаал дээшилж байгаа юм. Гэхдээ өнөөдөр Цогоод SQ дутуу байна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчнээ, бусад хүнийг хүндэтгэхгүй байна. Хүн өөрөө олон янз байх ёстой гэдгийг хүндэтгэхгүй байна. Хүн ямар ч шалтгаанаар ажилтай, ажилгүй байж болно. Улс төрийн ч юм уу, хувийн ар гэрийн эсвэл мөнгөний бололцоо гээд. Тэр хүнийг бас хүндэтгэхгүй байна. Өөрөөсөө өөр хүн байр суурьтай байхыг хүндэтгэхгүй байна. Цогоод IQ, SQ нь дутаж байгаа бол магадгүй нөгөө залууд нь SQ, EQ аль аль нь дутаж байна. Олон нийтийн боловсрол, зан харилцааны боловсрол, оюун ухааны боловсрол гээд аль нэг нь дутвал заавал алдаа гарна гэдгийг энэ жишээ харуулж байна.
-Яагаад ингэж тэгш бус хөгжөөд байдаг юм бэ. Эцэг эхчүүд энэ боловсролыг нь өгч чадахгүй байна уу?
-Яагаад гэвэл ганцхан Монголд ч гэлтгүй гадаадад ч хүүхдүүд дандаа загнуулж байдаг. Байг чи, боль чи, ингэ чи гээд. Ингээд хүүхдүүд хүссэн хүсээгүй яагаад томчууд тамхи татаж, архи уудаг байж намайг боль гэдэг юм бол. Яагаад томчууд өөрсдөө унтаж байгаа мөртлөө намайг бос гэдэг юм бол. Өөрсдөө хараал хэлдэг юм байж намайг хэлэхээр загнаад байдаг юм бол гэж өөрсөө асуудаг. Хүссэн хүсээгүй томчуудтай зөрчилдсөн зан суртахуунаар амьдарч байна. Тэр зөрчлийн улмаас томчуудын хэлсэн үг худлаа гэж үздэг. Ялангуяа, өсвөр үе буюу шилжилтийн насан дээрээ аав ээжтэйгээ зөрчилддөг. Энэ бол хүүхэд өөрөө бие дааж илүү бодож эхлээд, яагаад аав ээж өөрсдөө ийм байж намайг хорьдог юм бол гэсэн хүүхдийн дотоод бодол сэтгэхүйгээс урган гарч байгаа юм. Яг үнэндээ бол IQ-гаараа бид V ангийн хүүхдийн бодлого бодож чадах уу, үгүй юу. Тэгэхээр тэр хүүхдүүдийн бодож, сэтгэж харьцуулж байгаа нь биднээс магадгүй илүү гарсан байх. Магадгүй улс төрийн эсвэл бизнесийн хашир туршлагаар илүү гарна гэхээс сэтгэн бодох, ухаж ойлгох тал дээр өсвөр үеийнхнээс илүү гарахгүй.
-Хүүхдийн хүмүүжил гэхээр яалт ч үгүй скаутын байгууллагатай холбогдож байна?
-Скаутын гол зорилго бол өв тэгш хүмүүжлийг л ярьж байгаа юм. Сургууль дээр IQ нь өгдөг байж. Скаут дээр нөгөө хоёрыг нь өгч байгаа юм. Усанд сэлэхийн тулд усандаа орж сурах хэрэгтэй гэдэг шиг. Скаут дээр систем нь яг тийм. Скаутын аргачлал гэж байна. 100 гаруй жилийн туршлагатай. Жил бүр энэ арга туршлагаа насанд хүрэгчид нь боловсруулж байдаг. Мэргэжлийн өндөр төвшинд хүрчихсэн. Агуу юм бол энгийн байдгийн адилаар сургалтын аргаа боловсруулсан байдаг. Хүүхэд хамгийн аз жаргалтай, эрх чөлөөтэй байгаа газар хамгийн хурдан мэдээлэл хүлээж авдаг. Хүүхэд байгаль дээр, хамт олон үеийн хүүхдүүдийн дунд байхдаа биеэ чөлөөтэй авч явдаг. Өөрийнхөөрөө байдаг. Яг энэ үед нь хэлсэн нэг үг тэр хүүхдэд шууд шингэж ордог. Энэ нь сургалтын гол арга, технологи нь юм. Скаутад орсноор хүүхдүүд багаар ажилладаг, дандаа үеийнхэнтэйгээ хамт байдаг, хамт олноороо дундаа мэдээллээ авч хамтдаа мэдлэгээ бүтээдэг гэсэн үг. Тэр нь хамгийн “үнэн” байдаг. Тэнд хүүхдүүд муудаж, сайндана. Хэн нэг нь салаан дарга болно, бусдыгаа удирдана, өөр нэг нь салааны эмч болно гэх мэтээр оролцоотой байж хүүхдүүд хөгжинө.
Дээрээс нь тэд байгаль дээр тоглодог. Монголд барилгажсан хотын хүүхдүүд яаж байна гэхээр дөрвөн цементэн хананаасаа гарч чадахгүй байна шүү дээ. Цементэн хананаас гарлаа цементэн сургууль. Буцаад цементэн шалан дээр тоглоно, дуулна. Хүүхэд цементэн дотор өсч байна. Дээр нь орчин үед зурагт, компьютер, таблет гээд хүн хүнтэйгээ харьцах нь улам багасаад байна. Ангийнхантайгаа хүртэл харилцах аргагүй шахам л амьдралтай шүү дээ. Хичээл дээрээ очлоо багш, самбар, дэвтэр гуравтай харилцана. Завсарлагаанаар жаахан гүйлдэж чилээгээ гаргах гэхээр бас л загнуулна. Дугуйлан дээр очихоор ахиад багш, самбар, дэвтэр. Энэ бүхнээс скаутын хөдөлгөөн л салгаж, дутагдаад байгаа EQ, SQ нь нөхөж чадна.
-Орчин цагийн техникийн хөгжил дэвшил скаутын байгууллагад яаж нөлөөлж байна. Скаутын хөдөлгөөнд шинээр ямар өөрчлөлт орж байна вэ?
-Мэдээж шинэлэг үйл ажиллагаанууд бол гарч ирж байгаа ч үндсэн арга барил, сургалтын арга буюу үнэт зүйлүүд нь өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл сургалтын хамт олны дунд, хийж байхдаа суралцах, байгаль дээр үйл ажиллагаа явуулах зэрэг арга нь өнөөдөр хамгийн чухал, улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ болж байна. 20 жилийн өмнөхөөс ч илүү өнөөдрийн хүүхэд багачуудад скаутын хөдөлгөөн хэрэгцээтэй байна. 20 жилийн өмнө би байрныхаа гадаахөл бөмбөг тоглож чаддаг байсан. Өнөөдөр хүүхдүүд байрныхаа гадаа хөл бөмбөг тоглож чадахгүй. Тэр үед хүүхдүүд машинаас айлгүйгээр дээс, чирта өдөржин шөнөжин тоглодог байсан. Одоо тэгж чадахгүй байна. Тийм учраас скаут бол хүүхдүүдийг байгаль дээр гаргаж тоглуулах, мэдрэлийнх нь том ачааллаас, нөгөө математикийн их даалгавраас чөлөөлөх бололцоо нь болж өгч байгаа юм. Эцэг эхчүүдээ, хүүхдүүдээ скаутын хөдөлгөөнд оруулцуулаарай гэж хэлж байна. Бид ганцхан тархи толгойгоо ажиллуулаад, компьютертай ажилладаг, хүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг тооны машин бэлдэж хэрэггүй ээ. Амьд тооны машин бэлдэх гээгүй л юм бол салбар салбарын манлайлагчид, үр бүтээлтэй ажилладаг монгол иргэнийг бүтээе гэж бодож байвал хүүхдүүдээ салхинд гарга, хүмүүстэй нөхөрлүүлж IQ, SQ, EQ-г нь тэгш хөгжүүл. Ганцхан скаут биш олон сонголт байгаа. Гэхдээ энэ гурвыг хангаж чадаж байна уу гэдгийг л хараарай.
-Монголын скаутын холбоо ойрын үед ямар ажил хийж байна. Скаутад хүүхдээ элсүүлье гэсэн эцэг эхчүүд хаана хандах вэ?
-Энэ жил бид шинээр нийгэмд түшиглэсэн (community based scouting) скаутын бүлгүүд үүсгэх гэж байгаа. Энэ бүлгүүд нь уламжлалт бүлгүүдээс ялгаатай нь өндөр ур чадвартай багш нартай байна. ЕБС-ийн аль нэг танхимд бус яг скаутын стандартын дагуу тохижуулсан байр танхимтай байна. Энэ бүлгийн хүүхдүүд жил бүр гадаадын арга хэмжээнд оролцоно. Энэ жил Япон, ирэх жил Австрали, дараа нь Хонгконг ч гэдэг юм уу бүлгээрээ заавал явна. Дараагийн шаардлага нь эцэг эхчүүд өөрсдөө энэ үйл ажиллагаанд заавал идэвхтэй оролцох хэрэгтэй. Сард нэг удаа болох аялалд нь явах ёстой. Эсвэл Монголдоо болж байгаа зуны арга хэмжээ, гадаадад болж байгаа арга хэмжээнд цаг гаргаж хамт явах хэрэгтэй. Хүүхэд ганцхан скаутын багш, бүлгийн хүүхдүүд биш бас эцэг эхчүүдтэйгээ, эмээ өвөө, ах эгч нартайгаа хамт үйл ажиллагаанд хамрагдах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Ингэж чадна гэсэн эцэг эхчүүдийн хүсэлтээр л хүүхдийг бүртгэнэ. Түүнээс биш хүүхдээ бүртгүүлчихээд хаячихдаг эцэх эхчүүдэд бол уучлаарай гэж хэлэхээс өөр аргагүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин