Э.Бэрцэцэг

ШЕЗ, УДШ-ийн Иргэний хэргийн танхим, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны цаашдын төлөв” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөх зорилгоор Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчид, нийслэл дэх иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтан, эвлэрүүлэн зуучлагч, гэр бүл судлаачдын төлөөлөл хэлэлцүүлэг оролцсон юм. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах хэлэлцүүлгийн эхэнд “Нийгмийн харилцааны өөрчлөлтийг дагаад Гэр бүлийн тухай хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангахын тулд 19 жил хэрэгжсэн хуулийг шинэчлэх ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ахалж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго бол гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж, ажил хэрэгч санал гаргах юм” гэв. Энэ үеэр “Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэж буй шүүхийн практик”, “Гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой шүүхийн статистик мэдээллийн дүн шинжилгээ”, “Хүүхэд асрах эрх тогтоох маргаанд сэтгэл зүйч шинжээчийн дүгнэлт гаргах арга зүй зэрэг илтгэл тавьж, асуудлаа ярив.

Эх сурвалж: www.zms.mn