Д.ОЮУНЧИМЭГ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймгийн салбар зөвлөлийн хараат бус гишүүн Б.Болорцэцэгтэй ярилцлаа.

-Завхан аймаг үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавьж хүмүүсийг чадавхжуулах сургалтад хамруулсан байна. Ямар сургалтад хамрагдав?

-Би задгай хатгамлыг зүү ороох оёдолтой хослуулсан сургалтад хамрагдсан. Ингэснээр зүү ороох оёдол хийх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ бусад өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй хамтран бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Ер нь зүү ороох оёдлыг хийхэд өнгөний сонголт маш чухал байдаг. Түүнчлэн материалаас хамаарч бүтээгдэхүүний үнэ хамаарна. Тиймээс зүү ороох урлагийг задгай хатгамалтай хослуулснаар илүү тансаг болно.

-Зүү ороох оёдлыг хөөрөгний даалин дээр урладаг мэтээр ойлгох нь бий. Тэгэхээр энгийн хэрэглээнд нэвтрүүлэн хэвшүүлэхийн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Зөвхөн даалин дээр хэрэглэдэг гэж ойлгодог нь үнэн. Бүхий л зүйлд зүү ороох оёдлыг ашиглан жижигхэн чимэглэл болгох боломжийг хүмүүст харуулахыг зорьж байна. Жишээлбэл, эмэгтэйчүүд гоё ганган зүйлд илүү дурладаг шүү дээ. Цамц, даашинз, банзал гээд өмсч байгаа хувцсандаа зүү ороох оёдлоор шигтгээ болгон жижигхэн цэцэг ч урлаж болно гэдгийг хүмүүст харуулахыг хүсч байгаа. Сүүлийн үед манай аймгийн оёдолчид урласан дээл, хувцсандаа хатгамлаар чимэг оруулах болсон нь энэ чиглэлээр ажиллаж байгаа бүсгүйчүүдэд ажилтай болох боломжийг бүрдүүлж байна. Мөн утасны гэр, үзэгний сав, цүнхний гангараа хийхийн зэрэгцээ ээмэг зүүлт зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг ч урлаж болно. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завханы салбар зөвлөлийн гишүүд энэ тал руу анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

-Нарийн ур чадвар шаардаж, тодорхой цаг хугацаа зарцуулдаг учраас бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг гэдэг ойлголт байдаг шүү дээ?

-Цаг хугацаа, ур чадвар шаарддаг нь үнэн боловч аль болох хүмүүсийн худалдан авах чадварт дүйцүүлэн үнийг тогтоох учиртай гэж боддог. Тиймээс аль болох хямд өртөгтэй урлахын тулд жижигхэн чимэглэл маягаар оруулах хэрэгтэй. Мэдээж нэлэхүйд нь зүү ороох оёдлоор чимэглэнэ гэвэл үнийн хувьд өндөр байх нь дамжиггүй. Манай хувцас үйлдвэрлэгчид, уран үйлчид маань өөрсдийн оёсон бүтээгдэхүүнд чимэг оруулах байдлаар жижиг цэцэг болон өөр бусад уламжлалыг хадгалсан хээ хуарыг оёулах болсон. Гэхдээ энэ нь үнэд төдийлөн нөлөөлөхгүй.

-Эмэгтэйчүүдийн холбоо гишүүн болон хараат бус гишүүн, аймгийн эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор ур чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олон ажлыг зохион байгуулж байгаа гэж сонссон?

-Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг сургалтад хамруулж, каластер маягаар ажиллах, бүтээгдэхүүнээ борлуулахад холбооны зүгээс дэмжлэг үзүүлж байгаа. Түүнчлэн аймгийн Засаг дарга болон Тамгийн газраас дэмждэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулсан сургалтууд өрхийн үйлдвэрлэгчдэд тун хэрэгтэй, орлогоо нэмэх боломжийг бүрдүүлсэн. Мөн чадавхиа дээшлүүлэхийн сацуу хамтарч ажилласнаар ямар давуу тал байгааг зааж сургасан. Тиймээс манай үйлдвэрлэгчид хамтарч олон бүтээгдэхүүн үйлдвэрлэн Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүнийг гаргаж байгаа. Тухайлбал, Эмэгтэйчүүдийн холбоо үзэсгэлэн худалдаанд оролцох боломжийг бүрдүүлдэг. Үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ борлуулах нэгдсэн цэгтэй болгосон нь бидэнд давуу тал болж байна.

-Аймгийн удирдлагууд болон танай холбооны зүгээс өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Үүнийг ашиглахын тулд та бүхэнд ямар боломж байгаа вэ?

-Завхан аймгийн тухайд үйлдвэрлэгч аймаг болох зорилгынхоо хүрээнд өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа. Гар урлалынхан хамрагдаж байна. Цаашилбал, ажлын байраар хангах асуудлыг ч ярьж байгаа юм билээ. Мөн сургалтын төв байгуулж байгаа бөгөөд тэнд хүссэн хүн бүр хамрагдах боломжтой. Бас нэг давуу тал нь анхны сургалтад хамрагдсан хүмүүс багшлах эрхтэй болж байгаа бөгөөд үйлдвэрлэлээ эрхлэхийнхээ хажуугаар өөр бусад хүмүүст сурч мэдсэнээ зааж сургах боломжийг бүрдүүлж байна. Ер нь зөвхөн би гэхээс илүүтэй багаар ажиллахыг чухалчилдаг. Тухайлбал, хатгамал, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг чадавхжуулснаар үйлдвэрлэгч аймаг болох зорилтын эхний алхмыг тавьсан гэж боддог. Мэдээж манай аймгийн үйлдвэрлэгчид эхнээсээ үйлдвэрлэлээ өргөжүүлэн хамтарч ажилласнаар бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийг бий болгосноор өрхийн орлогод ч нөлөөлж байгаа шүү дээ.

-Үйлдвэрлэлийг каластераар хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн тухай ярьж байна. Та бүхэн ямар зарчмаар ажилладаг вэ?

-Каластераар үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл баримтлан ажиллаж байгаа гэж дээр хэлсэн. Тухайлбал, зүү ороох оёдлоор хатгамал хийж байгаа хүмүүсийг эсгий урлал болон зөөлөн оёдлынхонтой холбож өгсөн. Хэрэв захиалагч дээл оёулж түүндээ хатгамалаар чимэг оруулна гэвэл бидэнд захиалга өгдөг. Мэдээж ажлын хөлсөө тохирно. Ингэхдээ тухайн бүтээгдэхүүний үнийг хэт өндөр болгох хэмжээнд нөлөөлөхгүй байхаар харилцан тохиролцдог. Мөн эсгий шаахай урласан хүн задгай хатгамал болон зүү ороох оёдлоор чимэг оёулна гэвэл бид хамтарч ажилладаг.

-Цаашдын зорилгынхоо талаар уншигчидтай хуваалцаач?

-Би зүү ороох оёдлоор дагнаж ажиллахыг зорьж байна. Аймгийн хэмжээнд нийт 1000 гаруй хүнийг зүү ороох оёдлын сургалтад хамруулсан. Эндээс одоогоор 10-аад хүн л энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа. Эдгээрийг нэг баг болгон ажлын байраар хангах талаар холбооны удирдлагууд янз бүрийн ажлыг санаачлан хийж байгаа юм билээ. Тэгэхээр найдвартай ажлын байртай болчихвол ирээдүйд илүү өргөн цар хүрээтэй ямар ажил хийж болох вэ гэдгээ тодорхойлох боломжтой болно. Мэдээж сурч мэдсэнээ бусад хүмүүст зааж сургах ажлыг хийнэ гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин