Т.САЙХАН
Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.
-Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Хуулийн гол өөрчлөлт нь юу байв?
-Батлан хамгаалах тухай хуулийг 2020 он хүртэл боловсронгуй болгох ажлын хүрээнд Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. 1998 оноос хойш энэ хуульд нийтдээ таван удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ удаагийнх ч өмнөх өөрчлөлттэй ерөнхийдөө төстэй. Орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт тулгуурласан зэвсэгт хүчин, дайчилгаа гэсэн үндсэн гурван тулгуур бодлоготой байх юм.
-Орон нутгийн хамгаалалтын талаар ярьж байна. Энэ асуудлаар ямар зохицуулалт оруулсан бэ?
-Зэвсэгт хүчин тайван цагт бэлэн байдлаа хангаж, асуудал болоход түүндээ суурилсан бэлтгэл үүрэгтнүүдээ татаад, эгнээгээ өргөжүүлдэг суурьтай байх ёстой. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоонд иргэн, төрийн байгууллагын оролцоо чухал байна. Шаардлага гарахад ямар зохион байгуулалтад орохоо тайван цагт бэлдсэн байх ёстой. Орон нутгийн тогтолцоо дайчилгаа хоёр нэг зоосны хоёр тал. Асуудал үүсэхэд зэр зэвсгээ хаана байрлуулсан байх вэ, тэнд нь ямар нөөц бэлтгэл үүрэгтэн байх вэ гээд бэлдэх зүйл бий. Хүмүүс анзаардаггүй юм. Цэргийн албанаас халагдагсад орон нутагтаа очиж бүртгүүлээд явдаг. Тухайн орон нутагт байгаа цэргийн үүрэгтнүүдийн сургуулилтууд бололцооны хэрээр байнга явагддаг. Энэ бүхний үндсэн дээр шаардлага гарсан үед бэлэн байдаг. Тухайн орон нутгийнхаа хэмжээнд гэхдээ дээрээсээ нэгдсэн удирдлага, стратеги, тактикийн доор орон даяар эх орноо хамгаалах үндсэн тогтолцоо л доо.
-Ер нь энэхүү хуулийн төслийг боловсруулахад ямар судалгаа шинжилгээнд тулгуурлав?
-Бид Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг гаргахын тулд манай улстай хүн ам, эдийн засаг нь ижил төстэй 10 гаруй орны хуулийг судалж үзсэн. Үүний үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль анх удаа гарах гэж байна. Энэ чиглэлд мэргэшсэн салбарынхан, судлаачид оролцсон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Тэндээс гарсан саналуудыг ч тусгасан. Яамнаас ажлын хэсэг гарч зөвхөн Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулийн төсөл дээр ажиллаад бүх саналуудыг оруулж байгаа. Цэргийн мэргэжлийн тэр тусмаа орчин үеийн мэдлэг боловсролтой хамрагдах ёстой хүмүүсийг өргөн хүрээнд оролцуулан хуулийн төслүүдийг боловсруулсан. Хоёр хууль батлагдаад гарвал төрийн зүгээс төсөв мөнгөөр дэмжих тал дээр өөрчлөлт гарах болов уу гэж бодож байгаа.
-Дайчилгааны тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн тухайд?
-Улсын болон цэргийн дайчилгааны тухай зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс улс орны эдийн засаг нийгмийг дайны байдалд шилжүүлэхийн тулд улсын болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах замаар улсын дайчилгааг явуулахаар заасан. Зэвсэгт хүчнийг өргөтгөх замаар дайчилгаа явуулах бөгөөд улсын дайчилгааны бүрэлдэхүүн хэсэг байхаар тодорхойлсон. Энэ хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субъектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, бусад хууль тогтоомжтой нийцнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин