Д.ОЮУНЧИМЭГ
“Монголын эдийн засгийн чуулган-2018” өнөөдөр эхэлж байна. Чуулганы дэмжигч байгууллага ОУСК, Дэлхийн банк группийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаатай ярилцлаа.
-Эдийн засгийн форум өнөөдөр эхэлж байна. Чуулганд ямар байр суурьтай оролцож байгаа вэ?
-Дэлхийн банк групп жил, жилийн Монголын эдийн засгийн чуулганд оролцсоор ирсэн. Өнгөрсөн жил тодорхой шалтгааны улмаас чуулган зохион байгуулагдаагүй. Тиймээс энэ жилийн тухайд хэлэлцэх асуудлын хүрээ нэлээд тэлсэн гэж бодож байна. Нөгөөтэйгүүр өргөн бүрэлдэхүүний оролцоотойгоор зохион байгуулагдаж байгаа нь Монгол Улсад одоогоор бий болсон зөвшилцөх, асуудлаа ярилцах тогтсон жишиг гэж хардаг. Учир нь бизнес эрхлэгч, төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд хийгээд эрдэмтэн судлаачдыг хамруулдаг. Өнгөрсөн гуравдугаар сард хийсэн төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлгийн төсгөлд “Монголын эдийн засгийн чуулган” хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөнө гэдгээ илэрхийлсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын урилгыг манай байгууллага хүлээн авсан. Тиймээс энэ жилийн форумд нэлээд өргөн цар хүрээтэйгээр оролцож байна.
Түүнчлэн чуулганы ач холбогдлыг тодорхойлох хэрэгжилтийн механизм сул учраас шүүмжлэл дагуулж байна гэж хардаг. Өөрөөр хэлбэл, дэвшүүлж хэлэлцүүлсэн асуудлыг үр дүнд хүргэхийн тулд дорвитой, бодитой ажлуудыг хийх ёстой. Тэгэхээр цаашид чуулганы үеэр өнгөрсөн удаад хэлэлцүүлсэн асуудлын ач холбогдол, хэрэгжилтийн талаарх мэдээллийг өгдөг байх учиртай. Тодруулбал, тасралтгүй үргэлжлэх зарчмаар ажиллах хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ дорвитой алхамуудыг хийж, хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн чуулганаар нэгнийгээ сонсох, мэтгэлцэх, тэндээс гарч байгаа саналуудыг хэрэгжүүлэх соёлд төлөвшиж эхэлж байгаа учраас зөв алхам гэж боддог. Мөн монголчууд аливаа асуудалд хэт шүүмжлэлтэй хандах болсон хэдий ч бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулах цаг болсон. Тэгэхээр чуулганд оролцсон бизнесийн холбоод болон төрийн байгууллага өөрт хамаатай асуудлыг цааш хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй.
-Чуулган, зөвлөгөөнөөс гарч байгаа санал, гарц, гаргалгааг цаасан дээр буулгах төдийхнөөр аргацааж байна гэдэг шүүмжлэл бас байдаг шүү дээ?
-Монголын эдийн засгийн форум бий болсноор соёлын талаас өөрчлөлт гарч байгаа нь том дэвшил. Үүнийг үгүйсгэж болохгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чуулган болох өдрийг хүлээж, тэндээс гарах санал, шийдлүүдийг ажил хэрэг болгоосой гэж хүсч байгаа нь олонх. Тиймээс цаашид хэрхэн авч явах вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Тэгэхээр илүү үр дүнтэй болгохын тулд форумаас гаргасан ажил хэрэгч санал, хөгжлийн гарцыг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ форумыг цаашид хөгжлийг чиг баримжаа болгож ашиглахын тулд бизнесийн холбоод маш сайн ажиллах ёстой. Бүр тодруулбал, салбар бүрийн холбоод нэгдсэн байдлаар хамтарч ажиллах нь илүү өгөөжтэй байх болов уу. Мэдээж тодорхой хэмжээнд шүүмжлэл байх нь зүйтэй. Гэхдээ байнга болж, бүтэхгүй байгаа мэтээр харж, хэт үгүйсгэх нь зөв шийдэл биш гэдгийг ч бас ойлгох учиртай. Эсрэг талаас нь харсан шүүмжлэл бүтээлч сэтгэлгээг үгүйсгэж байдаг. Тиймээс болж байгаа болон болохгүй байгаа зүйлийг нь зөв тодорхойлж, түүнийгээ харилцан хэлэлцэж гарц, гаргалгааг хамтдаа хайх нь цаашид хөгжих боломжийг бүрдүүлнэ.
-Чуулганы бусдаас ялгарах онцлог нь юу байж болох вэ?
-Эдийн засгийн форум цаашид хөгжих алсын хараатай байх хэрэгтэй. Түүнчлэн жил бүр тогтмол хэлэлцдэг асуудалтай болох хэрэгтэй гэж хардаг. Жишээлбэл, эдийн засгийн хөгжил нь нэг багана. Харин нөгөө талд нь хөрөнгө оруулалтын орчин буюу бизнес эрхлэх орчин. Гурав дахь багана нь нийгмийн салбар байх учиртай. Монгол хүн эрүүл, боловсролтой байж улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна. Тэгэхээр энэ гурван баганад тулгуурласан асуудлыг тогтмол хэлэлцэн түүнээс гарсан шийдвэр, шийдлийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Мөн дараа жилийнхээ чуулганд өнгөрсөн жил хэлэлцсэн асуудлаа ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээ мэдээлэх хэрэгтэй. Тиймээс форум тасралтгүй үргэлжлэх явцыг бий болгохын тулд зохион байгуулагчид анхаарал хандуулах учиртай гэж хардаг.
-Манай улс хөрөнгө оруулалтыг татахад түлхүү анхаарч байгаа. Гэвч бидэнд гадны хөрөнгө оруулагчид итгэл хүлээлгэж чадахгүй байгаагаа хэлсээр ирсэн. Магадгүй хууль эрх зүйн орчин гэх мэт олон зүйлийг өөрчилсөн гэх байх. Гэхдээ ...?
-Хөрөнгө оруулалтын орчныг ганцхан жилийн дотор сайжруулж чадахгүй. Тийм учраас төрийн тууштай бодлого хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин гэж юу вэ гэдгийг ойлгох ёстой. Тэр өгөгдөлдөө байдал ямар байгааг судалгаагаар тогтоож болно. Бизнес эрхлэгчдээс авсан судалгаагаа ашиглаж сурах учиртай. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахаар ажиллаж байгаа бие даасан байгууллага алга. Хуучин тодорхой салбарт шат дараалсан арга хэмжээ авдаг байсан боловч сүүлдээ энэ нь ажиллахаа больсноор тогтсон институцгүй болсныг илтгэж байгаа юм. Түүнчлэн хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхийн тулд хэд, хэдэн үе шат явах ёстой.
-Тухайлбал,
-Засгийн газрын хэмжээнд тодорхой бодлого бүрэлдэх ёстой. Түүний дараагаар хэрэгжүүлэгч агентлаг бодлогын зорилтыг алдагдуулахгүйгээр өөрийн төвшинд хэрэгжүүлэх учиртай. Одоогоор манай улсын хувьд дээд төвшиндөө тодорхой бодлого гарган бизнесийн орчноо дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа боловч дунд шатанд хэрэгжихгүй өнгөрөх нь бий. Эсвэл дутуу хэрэгжүүлэх тохиолдол ч гарч байна. Тэгэхээр бодлого хэрэгжүүлэлтийг бүх төвшинд нэгэн жигд болгох хэрэгтэй. Энэ онд макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг сэргээхэд анхаарлаа хандуулж ажиллахаа Засгийн газрын зүгээс зарласан. Гэхдээ энэ нь үйлдэл дээр хэрэгжихдээ ямар төвшинд явж байгааг олон нийтэд нээлттэй мэдээлж, бодит үр дүнг харуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, бодлого дээд төвшинд, хэрэгжилт дунд шатанд агентлагаас хамааралтай байгаа боловч хоорондын хэт зөрүүгээс шалтгаалсан дутагдал арилахгүй байна. Зөрүүг хэрхэн арилгах вэ гэдгийг Засгийн газар бодох хэрэгтэй.
-Хөрөнгө оруулалтын тухайд?
-Хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвар судалгааг Дэлхийн банк өнгөрсөн оны аравдугаар сард танилцуулсан. Судалгаанаас харвал, улс төрийн болон эрх зүйн тогтвортой байдлыг нь хөрөнгө оруулагчид сонирхдог. Манай улсын хувьд газрын нөөц баялагтай, амгалан тайван ажиллах боломжтой гээд сайн талын өгөгдөл бий. Гэтэл бодлогын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, хаалгаа нээж байгаад урьсан хэрнээ тогтвортой удаан хугацаанд ажиллах боломжийг боомилдог.
Урт хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт татахын тулд төрийн тогтвортой бодлоготой байх шаардлага бий. Түүнчлэн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах бие даасан институци хэрэгтэй.
-Тэгэхээр дунд шатанд төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагатай гэсэн үг үү?
-Хяналтын гэхээс илүүтэй үр дүнд тогтсон мониторингийн систем хэрэгтэй. Жишээлбэл, энэ хууль, бодлого хэрэгжсэнээр эдийн засагт ямар үр дүнд хүрэх вэ. Нийгэмд ямар ач тустай вэ, түүнийгээ яаж хэмжих вэ гээд олон зүйлийг сайжруулах ёстой. Бүр тодруулбал, экспортыг дэмжсэн бодлогын хэрэгжилтийн үр дүнд хэчнээн жижиг, дунд үйлдвэрлэл бий болсон бэ, түүнийг дэмжиж байгаа каластер хэр боссон бэ гэдгийг тоогоор хэмжих хэрэгтэй. Энэ тоог хэрэгжүүлэгч байгууллага дүн шинжилгээ хийдэг байх ёстой. Хууль тогтоох байгууллага нь хэрэгжүүлэгч байгууллагуудтай уялдаа, холбоотой ажиллаж хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлын талаар ярилцах нь илүү өгөөжтэй. Хамгийн гол нь Монголын эдийн засгийн чуулган бодлого боловсруулагчдын хувьд шинэ санаа авах талбар, бизнесийнхний хувьд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад тодорхой шийдэл гаргах флатформ байх учиртай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин