Ч.ГАНТУЛГА

Цахим ертөнцөд нээлттэй байдаг түүнийг уран яруу шүлгүүдээр нь уншигчид андахгүй. Зохиол бүтээлээрээ Австрид алдартай зохиолч Todko Samsun-ийг Монголд ирэхэд нь уулзаж ярилцлаа.

-Эх орондоо ирээд удаагүй байна гэсэн. Ямар зорилготой ирсэн бэ?

-Би эх орондоо ирээд 10 гаруй хонож бай­на. Хайртай гэр бүлийн­хэнтэйгээ уулзаж эх орон­доо суурьшихсан гэсэн хү­сэл­тэй ирсэн. Үүнээс гадна өнгөрсөн ам­рал­тын өдрүүдэд номын бая­раа хийлээ. Нэг үдшийг уншигчидтайгаа ярилцаж, шүлэг найргаа өргөж, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

-Таны нэр их содон санагдсан. Ямар учиртай юм бэ?

-Миний уран бүтээ­лийн нэр гэж ойлгож болно. Тодко гэдэг нь миний монгол нэрний товчлол юм. Эхнээсээ энэ нэрээр бичиж эхэлсэн болохоор монгол нэрээ хэлэхэд хүмүүс таньдаггүй.

-“Чамд хэн итгэх юм бэ” роман чинь Европт хүлээлт үүсгээд байгаа гэсэн?

-Ирэх аравдугаар са­раас Англи, Орос Франц, Герман, Итали хэл дээр хэвлэгдэх юм. Өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дээр тогтож буй гурамсан ро­маны эхний дэвтэр “Ван­гийн нулимс”. Энэ роман баримтад суурилсан шинжлэх ухааны шинжтэй. Би Монголд байхдаа эрүүл мэнд, эмийн зах зээлийн тухай судалгаа хийдэг байсан. Тиймээс энэ талын баримт надад олон бий. Монголчууд эрүүл мэндийн боловсрол гэж мэддэггүй. Түүний уршигаар улаан бурхан, шүлхий, цэцэг өвчин, агаарын бохирдол гээд олон асуудал байна. Үүнээс гадна эмийн зах зээл гэдэг улс төрөөс том, хүрээлэлтэй. Гэтэл манайхан эмийн сангаар л төсөөлөөд байдаг. Өдөр бүр Монголын минь ирээдүй болсон мянга мянган үрс вакцинаас эхлээд ямар нэг туршилтад орж байна. Бидэнд үүний эсрэг тэмцэх эрүүл мэндийн боловсрол алга. Энэ тухай бүтээлээрээ сэрэмжлүүлэхийг хүссэн.

-Та анх эрүүл мэндийн шалтгаанаар Европыг зорьсон гэсэн. Тиймээс энэ сэдэв хүчтэй нөлөөлсөн болов уу?

-Үндсэн мэргэжил маань сэтгүүлч. Би 2015 онд эрүүл мэндийн шалтгаанаар Европыг зорьсон. Тэнд хоёр удаагийн хүнд мэс заслыг давсан. Хэл мэдэхгүй, эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа шүлэг бичдэг болсон. Тэр уйтгартай, удаан цаг хугацаа надад аливаа зүйлийг тунгаан бодох, хүсч мөрөөдөж байсан зүйлээ гаргах боломжийг өгсөн.

-Таныг дэлхийд алдартай продюссерүүдтэй хамтарч байгаа гэж сонссон?

-Миний аз гэж боддог. Европын утга зохиол, номын зах зээл өрсөлдөөн ихтэй. Харин продюссерүүд маань энэ бүтээлийг дэл­хийд уншуулах ёстой гэж надад урам өгсөн. Дэл­хийн бүх оронд үйл ажил­лагаа явуулдаг Швей­ца­рийн “Victorinox” ком­­­па­ни намайг ивээн тэт­­гэж байгаа. Зөвхөн ном хэв­­лүүлэхээс гадна зо­хиол­­­чийн бүтээлийг нь би­­чүү­лэхийн тулд амьд­рах, аялах, судалгаа хийх аж­лын зардлыг хүртэл ший­­дэж өгдөг. Тиймээс ми­­ний бүтээл судалгаан дээр суу­рилсан гэж ойлгож болно.

-Таны шүлэг, найраг­лалын номнууд Швейцарь, Австри гээд олон оронд бестсейллер болдог. Харин манай номын дэлгүүрүүдийн лангуун дээр харагддаггүй?

-Шүлгийн номоо Монголд хэвлүүлж байсан. Гэвч одоогоор зарагдаад дуусчээ. Номын баяртаа зориулаад цөөн тооны хэдийг дахин хэвлүүлсэн. Монголд намайг таних хүн ховор. Харин Австрид зохиол бүтээлийг минь шимтэн уншдаг олон хүн бий.

-Таны шүлгийг уншихаар шүлэг гэж ойлгоход хэцүү санагддаг. Уянгын халилгүй, тэгсэн хэрнээ яг л үнэнийг биччихсэн юм шиг сэтгэлд хүчтэй нөлөөлөх юм?

-Миний шүлэгт тансаг зүйл байдаггүй. Хэлье гэснээ шулуун хэлэхийг хүсдэг. Түүнийгээ уянгын халилгүй энгийн хэллэгээр дамжуулахыг зорьдог. Гэхдээ үг бүхнийхээ ард үнэнг авч үлдэхийг хичээж байна. Би  “Үүлэн тайзтай бийрэн жүжиг”, “Хүн чулууны бичээс” түүврээ хэвлүүлсэн. Харин эх орондоо ирээд “Гурван жилийн тоос” шүлгийн түүврээ гаргахаар бэлдэж байна.

-Европын орчин цагийн утга зохиолын хөгжил, хандлага  хаашаа тэмүүлж байна. Уншигчид зохиолчоос юу хүсч байна?

-Европын утга зо­хиол энгийн хэллэгийг эрэлхийлдэг болсон. Манайхан нэг зохиол бичихээрээ уйлуулах гээд нухаад байдаг. Уншигч уйлсан л бол тэр сайн бүтээл гэсэн бодол үеэ өнгөрөөж байна. Тэр үзэгдлийг уншаад нэг хүн уйлж байхад нэг хүн инээж болно. Хүн бүхний сэтгэлгээний эрх чөлөөг өөрсдөд нь олгодог болсон. Зохиол эхлэхэд л зохиолч дүрээ зүс царай, бие бялдар, нийгмийн гарлынх нь хувьд хүчлээд танилцуулчихдаг. Бат гэдэг хүн бор царайтай, хижээл насны, энэрэнгүй сайхан сэтгэлтэй гэх мэт. Зохиолч өөрөө ингээд биччихсэн учир уншигч зохиолыг уншиж дуустлаа энэ өнцгөөр харна. Энэ хэлбэрийг Европт халж байна. Тухайн дүр амьдралын ямар нэгэн шаардлагаар өөрчлөгдөж болно. Энэрэнгүй зөөлөн хүн хэдэн жилийн дараа адгуус болон хувирч болно. Харин гэмт хэрэг үйлддэг, төмөр шиг хатуу хүн цаг хугацааны эрхээр хайлсан тугалга шиг уян зөөлөн болж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Европын утга зохиол энэ зарчмаар л хөгжиж байна.

-Хүний нутагт амьдарсан он жилүүдийнхээ тухай дурсаач. Бэрхшээлтэй зүйл их байсан байх?

-Хүний нутагт ажиллаж, амьдарч, суралцаж, цагаачилж, харлана гэдэг фэйсбүүкийн зураг шиг сайхан зүйл биш. Гадаадад байгаа хүмүүсийг бид дал модны дор дарс шимсэн шигээ жаргаж яваа гэж эндүү боддог. Гэтэл асар их тэвчээр, асар их нулимс, ганцаардлыг тэнд мэдэрдэг. Би Европын ихэнх улсаар явсан. Тэнд амьдарч байгаа монголчуудтайгаа уулзаж байлаа. Хэдийгээр ар гэрийнхнийгээ зовоохгүйн тулд сайхан байна, болж байна гэж хэлдэг ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ байдаг. Албан байгууллагын шал угааж, айлын гэр цэвэрлэж, хөгжлийн бэрхшээлтэй хүний ялгадастай зууралдаж олсон хэдэн төгрөгөө өөрөөсөө харамлаад гэр рүүгээ явуулдаг. Харь орныг зорих хүсэлтэй олон залуус энэ ярилцлагыг унших байх. Тэгвэл эх орноос тань илүү сайхан амьдрал хаана ч байхгүй шүү гэж хэлье.

-Европын орнууд амьдрах өртөг их өндөр. Мөнгө хураах боломж байдаг юм уу?

-Европт цаг минут бүрт мөнгө үрэгдэж байдаг. Тиймээс монголчууд цагийн ажлаас цагийн ажлын хооронд гүйдэг. Миний хувьд ч энэ амьдралыг туулсан. Мөн дүрэм журам, хууль нь их хатуу. Чи хэн байх хамаагүй. Өгөх ёстой татвар, байрны хөлсөө цаг тухайд нь л өг гэсэн шаардлага тавьдаг. Эх орноосоо хол байхаар хажууд байгаа нэг монгол хүн хүртэл бүхэл бүтэн эх орон шиг минь сэтгэлд ойр санагддаг юм билээ. Гэхдээ зөвхөн мууг нь ярихаас гадна гадаадад амьдарснаар хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрэн бий гэдгийг онцлох хэрэгтэй байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин